-Хууль зүйн дэд сайдын Олон улсын интерполд илгээсэн захидалтай холбоотойгоор мэдүүлэг авахаар өрөөнд нь очсон нь хууль бус үйлдэл байсан уу?
-Хэн нэгэн сэжигтнээр татагдсан үед байгаа газар нь мэдүүлэг авах ёстой. Зарлан дуудах хуудас өгөлгүйгээр байцаалт авлаа гэдгийг хууль бус гэж байгаа. Ямар нэгэн товлосон газарт, жишээлбэл АТГ-ын байранд ч юм уу, дүүргийн цагдаагийн хэлтэст очиж байцаалт авах бол мэдүүлэг өгөх гэж байгаа хүндээ урьдчилан зарлан дуудах хуудас өгдөг. Харин ажил дээр нь очиж байгаа тохиолдолд урьдчилан зарлан дуудах хуудас өгөх шаардлагагүй байдаг. АТГ хуулийн дагуу ажиллаж, мэдүүлэг авсан.
-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян хэн нэгэн дэд сайдын нэрийг барьсан байх ч гэдэг юм уу, нягтлан үүднээс АТГ болон цагдаагийн байгууллага ийнхүү шалгаж байгаа нь зөв гэж бас мэдэгдсэн байна лээ?
-АТГ бол хуулийн дагуу Н.Энхбаярын хэрэгт холбоотой хүмүүсийг интерполоор хайлгах хүсэлт тавьсан. Гэтэл дэд сайд Э.Эрдэнэжамьян Н.Энхбаярын хэрэгт холбоотой хоёр сэжигтнийг эрэн сурвалжлахаа зогсоо гэсэн захидлыг Олон улсын интерполд явуулсан байсан. Энэ захидлаас болоод олон улсын Интерполын байгууллага хоёр сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаандаа давхар сануулга тавьсан.
-Давхар сануулга тавина гэдэг нь юу гэж байгаа юм бэ?
-Хууль зүйн дэд сайдын илгээсэн захидлаас болж Н.Энхтуяа, Д.Хуяг нарыг эрэн сурвалжлах эсэхээ эргэн харахаар болсон гэсэн үг. Тэгэхээр Хууль зүйн дэд сайдын үйлдэл нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан үйлдэл болж байгаа юм.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн Олон улсын Интерполд МАХН-ын гишүүд бүгд захидал илгээнэ гэсэн байр суурь илэрхийлсэн?
-Хэн нэгэн хүн, төрийн өндөр албан тушаалтан байсан ч гэсэн Э.Эрдэнэжамьяных шиг үйлдэл гаргахдаа Монголын Интерполын байгууллагаар дамжуулан хандах байсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд улстөрийн албан тушаалтан олон нийтэд таалагдахын тулд ямар нэгэн мэдээлэл хийж байгаад бид хариулт өгөхгүй.
-Дэд сайд Э.Эрдэнэжамьянд ямар зүйл ангиар эрүү үүсгэсэн бэ?
-Дэд сайдад мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган шалгаж байна. Буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээх нь тодорхой.