Мазаалай баавгайн талаар зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Мазаалай баавгайн талаар зөвлөлдөж байна

Мазаалай баавгайн талаарх зөвлөгөөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд болж байна. Мазаалай баавгай нь Говийн их Дархан цаазат газрын Цагаан богд, Атас-Ингэс, Шар хулсны нуруу зэрэг нийт 2.1 сая га нутагт 15-20 тоотойгоор 3-4 бүл үүсгэн амьдарч байна. Өнөөдрийн байдлаар мазаалай баавгайг хамгаалах асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Мазаалай сан, “Говийн баавгай" зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Мазаалай баавгайн хамгааллын асуудал нь биологийн олон янз байдлын хамгааллын бодпого, хэрэгжилтийн төвшинд, байгаль хамгаалагчдаас эхлээд эрдэмтэн судпаачид, шийдвэр гаргагч нарын анхаарлын төвд байдаг. Үүгээр ч зогсолгүй олон улсын байгууллага, гадаад орны судлаач эрдэмтэд ч мазаалай баавгайг судлах, хамгаалахад идэвхтэй оролцож байна. Тухайлбал, 2000 оноос хойш мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр хоёр удаагийн олон улсын бага хурлыг холбогдох талууд хамтран зохион байгуулж, түүнээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилттой ажиллаж байна.

Мазаалай баавгайг устах аюулаас авран хамгаалах сэдэвт 2010 оны олон улсын бага хурлаас хойш холбогдох Талууд энэхүү хурлын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд ямар шинэчлэл, үр дүн, амжилт, сургамж, бэрхшээл гарав, цаашид мазаалай баавгайг хамгаалахад анхаарах гол асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох зорилгоор зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа юм байна.

Энэхүү зөвлөлдөх уулзалтаас цаашид мазаалай баавгайн генефондыг хэрхэн хадгалах, ангилал зүйн асуудлыг хэрхэн эцэслэх, тархац нутагт, усны эх үүсвэрийг хэрхэн хүн малын давхацлаас бүрэн чөлөөлөх, иргэдийн байгаль орчны мэдлэг боловсролыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцон Мазаалай баавгайн хамгаалалд оролцогч талуудыг нэгдсэн ойлголтонд хүрч, цаашдын үйл ажиллагааг уялдуулах, менежментийг сайжруулах шинэ санаачлагыг хэрэгжүүлэхээр хуралдаж байна. Зөвлөгөөн бүтэн өдрийн турш үргэлжлэх юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж