Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Аварга А.Сүхбат, Улсын сайн малчин, тод манлай уяач Ц.Хэнмэдэх, Д.Онон нарын дуудах нэртэй цуг явдаг нутаг бол Төв аймгийн Сэргэлэн сум. Улсын наадмын морь бариа, бөхийн дэвжээнд жилийн жилд дуурсагддаг энэ нутаг Сэргэлэн нэрээс цаашгүй болсныг очиж нүдээрээ харсан хүн л итгэнэ.  Нийслэлээс  60 км, Зуунмодоос 16 км-ын зайд орших энэ сум хүрэхэд ганц цаг шаардлагатай. Бид хичээлийн шинэ жилийн нээлт болох есдүгээр сарын нэгэнд өглөө эртлэн Улаанбаатараас гарч Сэргэлэн сумыг зорилоо.

Биднийг найман цагийн үед очиход Сэргэлэн сум нам гүмхэн, уг нь хичээл эхлэх гээд хүүхдүүд бужигнаж байгаа гэж төсөөлсөн юм. Хэдийгээр бид сургуулийн нээлт эхлэхээс цагийн өмнө очсон ч хүүхдүүдээ хүлээж авах гээд захирал, багш нар аль хэдийнэ ирчихсэн бэлтгэлээ базааж байгаа гэж бодсон маань ч талаар болов. Шинэ хичээлийн нээлтэд дуулж, шүлэг унших Н.Хандсүрэн, Ж.Хашбат, Б.Бүжин нарын 4-8 дугаар ангийн гурван сурагч биднийг угтсан. Үнэн хэрэгтээ энэ сумд “Есөн сарын нэгэн ерөөсөө бидний баяр” гэдгийг тэр гурав л мэдэж, мэдэрч байгаа бололтой. Нэгэнт албан ёсны үйл ажиллагаа эхлэх болоогүй учраас Сэргэлэн сумтай танилцахаар гадагш гарлаа.

Сургуулийн хажууханд дотуур байр тэгээд Засаг даргын Тамгын газар, цаашаа тав алхаад эмнэлэг. Харин зүүн урд нь хүүхдийн цэцэрлэг, цаахан талд нь сумын соёлын төв. Энэ байгууллагуудыг тойроод энд тэнд ундуй сундуй хэдэн гэр, балгас болсон байшин. Бидний тоолсноор 30 орчим гэр, 20 гаруй байшин. Энэ бол Сэргэлэн сумын төв.

Бахдам түүх

Сэргэлэн сумын 90 жилийн ой 2014 онд тохионо. Энэ сум анх 1924 онд үүссэн ч татан буугдаж, 1978 онд дахин байгуулагдаж өнөөгийн Хөшгийн хөндийд өрх тусгаарлажээ. Найман зуун үнээний фермийг түшиглэн байгуулагдаж байсан үеийн Сэргэлэн сумыг өнөөгийнхтэй харьцуулбал бум бужигнаж, түм түжигнэж байсан гэдэг. Үнээний фермд 200 хүн ажиллаж, ажил амьдрал буцалж байсан үе манайд бий гэж сумынхан тэртээх он жилийг харамсангуй дурсав. Тэр цагт сургуульд 500 гаруй сурагч суралцаж,  цэцэрлэг дөрвөн бүлэгтээ хүүхэд хүмүүжүүлдэг байсан гэнэ. Гэтэл “Хаан” банк үнээний фермийг өрөндөө авсан цагаас л Сэргэлэн сумаас иргэд нь дайжиж, аажим аажмаар мөхөж эхэлж. Ажлын байр байхгүйгээс хүмүүс нутгаа орхин амьдрал хөөсөн нь өнөөдрийн эл хуль байдлын эхлэл болжээ. Нэгэн цагт энэ цэлгэр талд 800 үнээ тугалтайгаа бэлчиж, 200 хүн ажиллаж амьдарч байсан гэдэгт өдгөө хүн аргагүй. Харин өнөөдөр тийм үе байсан гэсэн түүхийг гэрчлэх мэт туурь л үлдэж. 

Хоргодох сэтгэл

Биднийг очиход сумын Засаг дарга Ц.Мэндсайхан тариаланчдын зөвлөгөөнд оролцохоор Эрдэнэсант руу явсан шалтгаанаар эзгүй байв. Ингээд сумын мэдээллийг Тамгын газрын дарга С.Ганчимэгээс авахаар болов. Тамгын газрын даргын ярьснаар Сэргэлэн сум 397.5 мянган га газар нутгаараа аймагтаа тавд ордог аж. Ийм газар нутагт таван багийн нийт 2 016 хүн амьдардаг. Тэдний ихэнх нь малчид. Сумын төв 80 гаруй өрхтэй гэж Тамгын газрын даргаас эхлээд сургуулийн захирал, цэцэрлэгийн багш гээд уулзсан хүн бүхэн өгөв. Соёлын төвийн эрхлэгч “Хүүхэдүүдтэйгээ нийлээд 500 орчим иргэнтэй гэж ярьдаг” гэж ам алдсанаас өөр хэн ч сумын төв дээр яг хичнээн хүнтэйг хэлэхийг хүсээгүй. Тэгэхээр Сэргэлэн сум Улаанбаатарын есөн давхар гурван байранд амьдардаг хүнтэй тэнцэх хэмжээний хүн амтай болж таарах нь.

Сумын төвд үнэхээр Сэргэлэнд хайртай хүмүүс амьдраад байна уу гэвэл бас эргэлзээтэй. Хүүхэд, өндөр настныг эс тооцвол эндэхийн насанд хүрэгсэд бараг бүгдээрээ Тамгын газар, сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэгт ажилладаг  төрийн албан хаагчид. Сумын Засаг дарга, орлогч, Тамгын газрын дарга гурвуулаа тусдаа албаны унаа хөлөглөнө, мэдээж цалинтай. Дөнгөж ажилд орж байгаа шинэ багш 300 гаруй, олон жил ажилласан бол сарын 400 гаруй мянган төгрөгийн цалин авна. Захирлын үндсэн цалин 638 мянган төгрөг. Цэцэрлэгийхэн ч дутахгүй, анхны жилээсээ л 400 гаруй мянган төгрөгийн цалин аваад эхэлнэ. Тэгэхээр өөр сум, аймаг, нийслэлд очоод энэ хэмжээний цалинтай, хамгийн гол нь төрийн албанд орно гэдэг тийм ч амар асуудал биш гэдгийг тэд мэдэж байгаа. Сэргэлэнд хоргодох нэг шалтгаан энэ байхыг ч үгүйсгэх аргагүй.

Төөрдөг байшин

2012-2013 оны хичээлийн жилд 350 хүүхдийн багтаамжтай сумын сургуульд нь 48 хүүхэд суралцдаг гэхээр төөрдөг байшин төсөөлөгдлөө. Нэг ангид 6-11 хүүхэд суудаг. Хамгийн олон нь 11 хүүхэдтэй наймдугаар анги. Ирэх хавар тус сургуулийн есдүгээр ангийг дөрвөн хүүхэд төгсөнө. Ер нь нэг жилд 7-8 хүүхэд тус сумын сургуулийг төгсдөг гэнэ. Сургуулийн захирал Л.Баасанцэрэн “Энэ жил гэхэд Сэргэлэн сумын хэмжээнд нийт 26 зургаан настан байгаагийн зургаа нь манай сургуульд сурахаар бүртгүүлсэн” гэлээ. Гэтэл Улаанбаатарын сургуульд хүүхдүүд ангидаа багтахгүй, гурван ээлжээр хичээллэж байдаг. Инээдтэй гэхээсээ эмгэнэлтэй дүр төрх. Энэ сургууль нийт 10 багштай. Нэг багш 4-5 төрлийн хичээл заадаг, товчхондоо хөрвөх чадвартай багш нар Сэргэлэнд ажилладаг. Бас 108 хүүхдийн багтаамжтай дотуур байр бий. Дотуур байранд энэ жил 16 хүүхэд амьдарна. Захирлын ярианаас хүүхдүүд нь сургуулиасаа зугтдаг, эцэг эхчүүд нь зугтаалгадаг гэнэ. Сурагчийнхаа араас нэхэл дагал болоод ч нэмэргүй. Аргаа барахдаа энэ жил төрийн албан хаагч бүхэн нэг хүүхэд гэдэг зорилго тавьж, 10 багш хаанаас ч юм заавал нэг нэг хүүхэд авчирч, сургуульд сууулгахаар болсон гэнэ.

Үнэн хэрэгтээ сургуулийн байгаа байдал, орчин нөхцөл хүүхэд зугтахаас аргагүй. Дээр нь 10 хүрэхгүй хүүхэдтэй ямар ч өрсөлдөөнгүй, сурах идэвхгүй байх нь ойлгомжтой. Сургуулийн байр 1982 онд баригдсан гэхэд нурж гүйцжээ. Засвар үйлчилгээ хийж, өөд нь татдаг шинж огтхон алга. Боловсролын яам ч тоохоо больчихсон, 50 хүрэхгүй хүүхэдтэй танайхыг байтугайг нь яая гэж байна гээд Л.Баасанцэрэн захирлын амыг тагладаг гэнэ. Сумдаа үйл ажиллагаа явуулдаг алтны аж ахуйн нэгжүүдэд хандаж, хэдэн төгрөг зулгаадаг байсан бол ашиг сонирхлын хууль батлагдснаас хойш энэ нь ч талаар болж. Захирлын ярьж буйгаар Монгол Улсын зарим нэг хууль Сэргэлэн сумын сургуульд ихээхэн хохирол учруулж байгаа гэнэ. Хүүхэд бүр хүссэн газраа сурах эрхтэй гэсэн Боловсролын тухай хууль, хандив тусламжийг хахууль болгочих гээд байгаа Ашиг сонирхлын тухай хууль сургуулийг хүүхэдгүй болгож,  санхүүжилтийн эх үүсвэрийг нь зогсоогоод байгаа аж. Нэгэнт Сэргэлэнгийн сургуульд зориулан хууль өөрчлөхгүй хойно 50 хүрэхгүй хүүхэдтэй нурах шахсан байшинд татвар төлөгчдийн мөнгийг жилд 200 саяар нь үргүй зарлагадах шаардлага байна уу?

Төсвийн цоорхой

Сэргэлэн сум улс, аймгаас ямар ч татаас авдаггүй, боломжоороо өөрийгөө болгодог гэж Тамгын газрын дарга С.Ганчимэг ярьсан. Энэ сумын нутаг дэвсгэрт алтны 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг учраас улсын халааснаас нэг ч төгрөг царайчилдаггүй, нэг жилийн 240-өөд сая төгрөгөө алтныхнаар гаргуулчихдаг гэнэ. Харин сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв нь улсын төсвөөс авдаг нь ойлгомжтой. Зөвхөн сургууль нь улсаас 202 сая төгрөгийн санхүүжилттэй. Ихэнх хэсгийг нь ашигладаггүй том байшинг халаахын тулд 30-40 сая төгрөгийг үнс, утаа болгодог. Харин цэцэрлэг нэг жилийн 130 сая төгрөгийн төсөвтэй. Хорин нэгэн ажилчны цалин, гэрэл цахилгааны төлбөр гээд мөнгөний хэрэгцээ мундахгүй их. Соёлын төв ч ялгаагүй, улсын төсвөөс хуваарилсан 17 сая төгрөгийн ихэнхийг халаалтандаа өгдөг гэнэ. Өвөл гэрэл, цахилгаандаа 200 мянган төгрөг төлдөг гээд улсын төсвийн чамгүй хөрөнгийг хүн бараг ордоггүй хөндий байшингуудыг  халаахад зарцуулдаг аж. 

Итгэлгүй найдвар

Хоёр жилийн дараа манай сум арай өөр болно гэсэн итгэл найдвар сэргэлэнчүүдэд байдаг юм билээ. Уулзсан, тааралдсан бүхэн Хөшгийн хөндийд баригдах онгоцны буудал, дайран өнгөрөх төмөр зам тэдний хувь заяаг, амьдралыг өөрчилнө гэдэгт итгэл дүүрэн байсан.  Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ч Сэргэлэн сумыг 120 мянган хүн амтай тосгон болгох тухай нутгийханд ам алджээ. Тэгээд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, утааг багасгахад Сэргэлэн сум ихээхэн үүрэг гүйцэтгэх тухай ярьсан гэнэ. Тиймээс сумын төвдөө Засаг даргын Тамгын газартаа зориулан хоёр давхар шинэ байр барьчихсан, ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Бас 400 үнээний ферм байгуулах газраа ч төлөвлөчихсөн гэж Тамгын газрын дарга хэллээ. Бүтээн байгуулалт, төрийн түшээдийн амлалтад итгэсэн 500 орчим хүн (өөрсдийнх нь хэлснээр) хоёр жилийн дараах Сэргэлэн сумыг төсөөлж сууна.

“Алтан түлхүүр”

Хол ойроос ирсэн гийчид, хяналт шалгалтынхан гээд Сэргэлэн суманд саатсан бүхнийг цэцэрлэгээр оруулж, тэнд хооллож ундалдаг. Товчхондоо “Алтан түлхүүр” нэртэй энэ цэцэрлэг Сэргэлэн сумын нүүрийг тахалдаг ганц газар. Энэ нэр төр мэдээж цэцэрлэгийн хамт олон, эрхлэгч Б.Бямбадоржийн хүч хөдөлмөртэй салшгүй холбоотой. Дөрвөн жилийн өмнө Төв аймгийн 40 цэцэрлэгийн 40-д орж сүүл мушгидаг байсан цэцэрлэг өнөөдөр 15-д бичигдэх амжилтыг олжээ. Энэ хичээлийн жилд тус цэцэрлэгийн бага ангид 18, ахлах ангид 25 хүүхэд хүмүүжинэ. Сумын сургууль эл хуль эзгүйдэж байхад цэцэрлэгт хүүхдийн инээд цангинаж, бужигналдаж байсан. Зөвхөн сумын төв дээр бус төмөр замын зөрлөг, багуудад гэр цэцэрлэг ажиллуулж, цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 93.5 хувийг хамруулдаг хэмээн Б.Бямбадорж ярив. 2016 онд болох 50 жилийн ойгоо угтан 50 бүтээлч ажил төлөвлөсөн бол өнгөрөгч зун тоглоомын өрөөгөө тохижуулж, цонхоо вакуум болгожээ. Жил ирэх тусам өнгө засаж яваа “Алтан түлхүүр” Сэргэлэн суманд гялалзаж байгаа ганц “од” нь гэж хэлж болно.

Үндсэн хуулийн хамгаалалт

Сэргэлэн сумын хувь заяаг хэрхэх асуудлыг 1996 оноос дээр дооргүй ярьсан, нийлүүлнэ салгана гээд. Тухайн үед Сэргэлэн сумыг Зуунмодтой нэгтгэх асуудал хөндөгдөж, иргэдээс санал авахад 86.5 хувь нь татгалзжээ. 2006 онд асуудал дахин сөхөгдөж, аймгийн төвөөсөө 20 км-ын доторх сумдыг нэгтгэхээр Засгийн газраас референтүүд ирж шинжилгээ судалгаа хийсэн ч мөн л иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, шийдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн. Хэдэн жил дамнан яригдаж, улиг болсон асуудалд Сэргэлэн сумынхан онцын ач холбогдол өгдөггүй юм билээ. Нэгтгэнэ, салгана гээд ярьж л байдаг юм, мэдэхгүй ээ гэж дөжирчихсөн маягтай хариулцгаана. Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөөгүй цагт бид сумтайгаа байна гэсэн бас нэгэн бардамнал нуугдаж байгаа нь илт.

Үндсэн хуулийн 57.3-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэсэн заалт Сэргэлэн сумынхныг өнөөдрийг хүртэл хамгаалжээ. Энэ заалтын “нутгийн хурал, иргэдийн санал” гэсэн ойлголтыг байгаа цагт Сэргэлэн сум Зуунмодтой нийлэхгүй нь иргэдийн ярианаас тодорхой байсан. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, МУГЖ Л.Чаминчулуун, СГЗ Ц.Чимэддорж, генерал Б.Цог, гавьяат эмч Б.Алтангэрэл зэрэг алдартан гавьяатны нутгийг татан буулгах нь зохисгүй хэрэг хэмээн үздэг аж.

Үндсэн хуулиас гадна төрийн төлөөллийг можаритор системээр сонгож байгаа цагт үүнийг ярихаас хэтрэхгүй нь ч мөн л ойлгомжтой. Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалт хөрсөн дээрхтэй нийцдэггүй, цаашлаад төсвийн хөрөнгө мөнгө үргүй зарлагадах шалтгаан болж байна. Улсын нийслэлдээ хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж, багачууд нь цэцэрлэггүй гэртээ цоожлогдож байхад хөдөөний нэг сум сургуульдаа суулгах хүүхэд хайх юм. Эмнэлэгт нь хэдхэн хүн сувиллын журмаар хэвтэнэ. Эцсийн дүнд Монгол Улсын хөгжилд Сэргэлэн сум байсан, байгаагүй ямар ч ялгаа үгүй. Хоёр мянган хүний сэтгэлийг бодох уу, хоёр сая хүний эрх ашгийг дээдлэх үү гэдгийг бодох бус шийдвэрлэх цаг болжээ.

В.БАТЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж