Монгол туургатны үндэсний бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 4-нд “АСА” циркт болно. Монголоос гадна Буриад, Тува улсын бөхчүүд зодоглох тус наадамд их спортынхон ч мөн хүч үзэх гэнэ. Жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. Тэрээр Афины олимпийн наадмаас медаль хүртсэнийхээ дараа жил буюу 2005 онд Дорноговь аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байжээ. Тэрээр Монгол туургатны үндэсний бөхийн наадамд -85 кг-ын жинд зодоглох гэнэ. Түүнээс гадна чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин О.Үйтүмэн -85 кг-д барилдах ажээ.
Дашрамд дуулгахад, Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар наадмын тасалбар худалдаанд гарчээ. Үнийн хувьд 6000 ба 8000 төгрөг бөгөөд “АСА” циркийн касс болон 1950 тусгай дугаарт захиалж, хүргүүлэх боломжтой юм байна.
Т.МАША