Монголбанк өчигдөр /10 дугаар сарын 30/ хуваарь ёсоор гадаад юалютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 40 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бол Монголбанк 1397.5 төгрөгийн хаалтын ханштайгаар 10 сая ам.доллар худалджээ. Харин юанийн дуудлага худалдаагаар Монголбанкнаас 90 сая юань худалдан авах санал ирсэнээс 223.42 төгрөгийн хаалтын ханшаар 24 сая юанийг худалдсан байна.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР