92 настай эмээд 15 жилийн ял өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

92 настай эмээд 15 жилийн ял өгчээ

“Чатын эмээгийн хэрэг” гэдэг нэрээр олонд танигдсан хэрэг одоогоос гурван жилийн өмнө Баянзүрх  дүүргийн нутаг дэвсгэрт гарсан. Анхан шатны шүүх хурлаас нэмэлт мөрдөн байцаалтад  гурвантаа буцсаар 2010 оны   тавдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүх энэ хэргийн талаар эцсийн шийдвэрээ гаргасан юм.    
   Хавтаст хэргийн мэдүүлэгт тэмдэглэснээр  бол “өдгөө Г.Аюуш эмээ 82 настай хэрэг хүлээх чадвартай” гэжээ. Эмээ өөрийгөө бидэнд “1918 онд төрсөн Г.Цэнд-Аюуш” гэж танилцуулсан. Шинэ иргэний үнэмлэх авахдаа 1918 гэдгийг 1928 он гэж андуурснаар өдгөө арван насаар  залуу болж хавтаст хэрэгт бүртгэгджээ. Тэрээр анхан шатны шүүх хуралд оролцох хүртлээ эмнэлгийн хяналтад байж, босч явах тэнхэлгүй байсан гэнэ. Гэсэн ч биеэ бодоод шүүх хурлыг хойшлуулах зүрх байсангүй гэж мэдүүлж байсан юм. Г.Аюуш эмээд анхан шатны шүүх хурлаас 15 жилийн хорих ял оноолоо. Үгээ зөөж ядан ядрангуй ярих тэрээр шүүх хуралд эцсийн болгож хэлсэн үгэндээ “Би төрөөс оноож байгаа ялыг эдлэх болно. Хамгийн гол нь цэцэг мэт ургаж байгаа энэ сайхан хүүхдүүдэд бага ял оноож өгөөч. Надаас болсон болохоор энэ хүүхдүүдийг тортой хашааны цаана суулгамааргүй байна” гэж гуйж байсан.
  Эмээг шүүх хурал дууссан өдрөөс хойш Ганцхудагт саатуулаад өдгөө  11 хонож байна. Зуун нас дөхөж байгаа өндөр настан Ганцхудагт яаж суугааг төсөөлөхөд бэрх.  Тэнд олон хүн гэм буруутай үйлдлийнхээ төлөө саатуулагддаг ч ийм өндөр настай, эмэгтэй хүн саатуулагдаж байсан удаагүй аж. “Өдий насалсан буурай ийм юм үзэх гэж, хөөрхийг зүгээр суллачихвал яасан юм” гэх бодолтой хүмүүс байгаа ч эмээ өргөмөл хүүгээ зодуулах гэж захиалга өгсөн нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдсоноос гадна залуусыг “зодчихлоо” гээд ирэхэд нь хадаг сүү барьж угтсаныг залуус хэлдэг юм билээ.
  Тэр үед юу болсныг эргэн дурсъя.
 Сүхбаатар  дүүр¬гийн 16 дугаар хороонд 2007 оны XII сарын 28-нд 54 настай иргэн Ч амь насаа алдсан хэрэг гарсан. Хэргийн газар ажилласан цагдаагийнхан талийгаач бусдад зодуулж, гадны нөлөөтэй нас барсан болохыг тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.
 Эмээ нөхрийнхөө өргүүлсэн эгчийн хүүхэд гэх Ч-г тухайн үед өргөж авсан нь учиртай аж. Тэр үед Аюуш эмээ төрүүлсэн хоёр хүү нь эндээд сэтгэл санаагаар муу байж. Талийгаач Ч Завхан аймгаас мал тууж ирээд, хотод ах дүү, таних хүнгүй байсанд хүүтэй болохыг хүсч байсан хөгшид ярилцаад  өөрсдийн нэрээр овоглон авчээ. Ажил мэргэжилгүй түүнд сантехникийн слесарийн үнэмлэх авч өгөөд Дамбадаржаагийн сургуулийн уурын зууханд ажилд оруулжээ. Архи уух дуртай байсан Ч  өвөөгөөсөө айгаад  архи уусан үедээ гэртээ тэр бүр ирдэггүй байсан гэнэ. Энэ тухай эмээ шүүх хурлын үеэр ярьж байсан юм. Өвгөнийг нь бурхан болсноос хойш архи ууж, агсам тавьж эхэлсэн түүнийг эмээ олонтоо аргадан гуйж, архи уухыг нь хориод дийлээгүй гэнэ.
 “Хэт дураар нь байлгаснаас хүүгийнхээ занг би эвдсэн байх. Байсан хэдэн үхрээ зараад машин хүртэл авч өгсөн. Намайг зодоод, баривчлах байранд сууж байсан удаа олон бий. Хүүгээ тэр баривчлах байранд байхад нь юм үзээгүй залуу хүн айж, ядарч байгаа гээд Ялалтын баярын өдөр хоол цай хийж, одон медалиа зүүгээд тэр байр руу  гуйгаад орж байсан. Миний хүү надад олон удаа гар хүрч, үсдээд чирж байсан ч удаа бий ч би цагдаад хэлдэггүй. Ойр орчны хүмүүс л болохоо байлаа гээд цагдаа дууддаг байсан” гэж эмээ ярих юм. “Үхтэл үр харам” гэдэг үг ямар үнэн болохыг эмээг хараад л ойлгох шиг болсон. Түүнийг олонтоо зодож, гар хөлийг нь хугалан, нүүрэнд нь удаа дараа гэмтэл учруулж байсныг гэрчлэх эмнэлгийн баримт, хөршүүд ч цөөнгүй юм билээ. Гэсэн атал “миний хүү архи уухаараа л тийм зан гаргадаг. Эрүүл үедээ надад гар хүрдэггүй. Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй хөгшин миний үйл лай энэ”  гэж суугаа эмээгийн үгийг тайван сонсоход бэрх.  Мах цусных нь тасархай биш ч гэлээ хүүгээ гэх сэтгэлээр өсгөсөн буурайд гар хүрнэ гэж эрүүл хүний ухаанд лав буухгүй. Гэтэл түүнийг өмгөөлөн “бага зэрэг л гар хүрдэг, бага зэрэг л зоддог” гэж суугаа буурай дэндүү хөөрхий.
 Эмээг удаа дараа зодуулаад уйлж суухыг энэ хэрэгт холбогдоод байгаа хөрш С.Цогтбаяр олон харж,  их бухимддаг байсан гэнэ. Эмээ шүүх хурал дээр “ Ч-г хашраагаад өгөөч”  гэж хэлж байснаа хүлээн зөвшөөрсөн ч “мөнгө өгье, алаад өгөөч” гэж захиалга өгөөгүй гэсэн. Хөрш С.Цогтбаяр нь түүнд туслаж,  “TM” телевизийн  “TV chat” –аар “Хүн зодож өгөх хүн байна уу” гэсэн зар явуулсан байна. Үүний дагуу Барилгын коллежийн найман залуу очиж. Тэд Ч-г Бэлхийн орчимд аваачин зодоод, дараа нь Баянзүрхийн товчооны орчим үргэлжлүүлэн зоджээ. Дараа нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орхиод зугтсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.
 Тухайн үед талийгаачийн цогцосноос гарын хээ олдож, хэн болохыг нь хоёр өдрийн дараа илрүүлсэн юм. Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй залуусыг Баганхангай дүүргийн нэгэн амралтын газар наргиж байхад нь  саатуулжээ. Тэд гэмт хэрэг үйлдээд тус бүр 200 мянган төгрөг авчээ.
  Болсон хэрэг явдал ийм. Архичин хүүгийнхээ авир занд тэсэхээ больсон эмээ аргаа бараад “зодуулж, хашраая” гэсэн  нь ийн өөрийг нь төдийгүй өрөөл бусдын наймын найман хүүхдийг өргөст торны цаана суулгах боллоо.
 Г.Аюуш эмээгийн ээж нь 110, эмээ нь  108 хүрч, өөрийн тааваар амьдарч, ертөнцийн мөнх бусыг үзжээ. Харин Аюуш эмээг өөр хувь тавилан угтаж байна. Өдгөө 92 настай тэрээр ээж эмээ нар шигээ зуу гарч наслах учиртай байлаа ч шоронгийн чийг даасан өрөө, хүйтэн орчин хүлээж байна . “Би амьдралынхаа сүүлчийн мөчийг тортой хашааны цаана өнгөрөөж, ясаа тэнд тавих ёстой байж. Энэ төрд хийсэн буруу байхгүй, олон түмэндээ хар муу санаж яваагүй. Би энэ хүүхдүүдэд л бага ял оноож өгөөч гэж төр түмнээсээ гуйх байна” гэж тэрээр шүүгч, улсын яллагч нартаа олонтоо хэлж байсан.
  Хуулийн өмнө хэн ч ижлээс хойш 92 настай эмээ ингээд хоригдол болов. Гэхдээ Эрүүгийн хуулийн 75 дугаар зүйлийн “Өвчний учир ялаас чөлөөлөх” гэсэн хэсэгт Ялтан ял эдлэхэд саад учруулахуйц хүнд өвчнөөр өвчилсөн бол шүүх үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж болно гэж заасан байдаг. Эмээгийн бие ядруу байгаа учир энэ зүйлд багтах боломж байгааг хуулийнхан үгүйсгэхгүй байна.
  Хувь заяаны тохуурхал ч юм уу гэмээр ийм нэгэн хэрэг болж, өдгөө олон хүн торны цаана сууж байна. Энэ хэрэг явдлын хамгийн гол сургамж юу вэ? Хэдийгээр архичин, тэнэмэл хэн ч байсан хүний амь гэдэг төлж барахгүй үнэтэй. Хийх ажилгүй, чатын зараар хүн зоддог залуус Монголд бий болжээ. Тэднийг яах вэ? Эцэст нь ийм явдал болсон нь үнэхээр харамсалтай ч “ муу явахаар сайн үх” гэж гэрийнхэндээ ч адлагдсан хэчнээн архичин Монголд байгааг хэлэхэд хэцүү.

Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж