Монголын сэтгүүлзүйн баг “Харц” сэтгүүлээр ам бүл нэмж байна. Цэвэр ариун гэр бүл, үнэнч хосуудад хаягласан сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарчээ. Гэр бүлийн амьдрал дахь гэрэл гэгээтэй болгоныг олон нийтэдтаниулахын зэрэгцээ гэр бүлд тохиолддог элдэв бэрхшээл, сорилтуудыг даван туулах талаар мэргэжлийн эмч, сэтгэлзүйч нар зөвлөгөө өгөх ажээ. Түүнчлэн “Харц” сэтгүүл дээр гадаадын орчуулгын материал, зөвлөгөө гарахгүйн дээр гадаад хүний зураг ч тавихгүй юм байна. Сэтгүүл сар тутам гарах бөгөөд дугаар бүрээсээ тус бүр нэг саятан төрүүлэхийн дээр 99 азтан тодруулна гэдгээ редакцийнхан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Тус сэтгүүл 10 сая төгрөгийн шагналын сантай “Фото мисс”-ийн тэмцээн, 500 мянган төгрөгийн шагналтай үнийн сүлжээний уралдааныг зарлаж байгаа ажээ. “Харц” сэтгүүлийн анхны дугаарт “Надтай гэрлээч” киноны Уянгын дүрд тоглосон жүжигчин Ц.Наранхандын ярилцлага,залуу зохиолч Т.Хонгорзулын “Ээжээ” богино өгүүллэг, “Хадам хүргэн хоёр яагаад таардаггүй вэ” зөвлөгөөг нийтэлсэн байна.
Д.Цэцэн