-Та хэзээ ямар шаардлага хүргүүлээд ажлаа хийж чадахгүй болов?
-Аравдугаар сарын 23-нд Оюутолгой ХХК-г удирдаж байгаа “Рио Тинто”-гийн захирлууд болох Камерон Мкрай, Андрью Хартинг болон Хьюстон Спенсер нарт Монгол ажилчдын шударга бус гэж үзэж байгаа зүйлийг шийдвэрлэхийг шаардсан захидал явуулсан. “Оюутолгой”-н гадаад, дотоод ажилчдын хөдөлмөрийг дэндүү ялгаатай эрс тэс үнэлж байна. Шударга бус цалингийн хуваарилалтаас болж компани дотор маш их зөрчилдөөн үүсч байна. Тиймээс би нийт ажилчдын /Монгол гадаад/ цалинг шударгаар тогтоож, тэнцвэртэй нөхцөл байдал бүрдүүлэхэд дорвитой арга хэмжээ авахыг уриалсан. Цалингийн зөрүү болон цөөн ажлын байран дээр олон монгол хүн өрсөлдөж байгаагаас болж гаднаас ирсэн ажилчид монгол ажилчдыг уландаа гишгэж, биднийг хүндлэхгүй, монголчуудын үнэлэмжийг бууруулан, басамжлан доромжлож сүүлдээ манай байгууллагад тэнцвэртэй бус байдал газар авсан. Гадаад Монгол ажилчдын хөдөлмөрийг шударгаар, ялгаварлалгүй үнэлэх нөхцөл бүрдүүлэхийг хүссэн захидал явуулснаас болж би ажлаа хийх боломжгүй болоод байна. Шаардлагаа хүргүүлсний дараа компани миний ажлын и-мейлийг хааж, үнэмлэхийг маань хүчингүй болгож ажлынхаа хаалгаар нэвтрэх боломжгүй болгосон. Энэ асуудлаас болж ганц би хохирсон гэж би бодохгүй байна. Оюутолгойд ажиллаж байгаа нийт Монгол ажилчдын эрх ашиг, үнэлэмжийг яаж үздэгээ л үүгээр харуулж байгаа гэж би бодож байна. Монгол ажилчдыг дорд үзэж, басамжлаж, хүнлэг бус харьцдагаа, Монгол улсын хуулийг уландаа гишгэж байгааг Оюутолгой энэ үйлдлээрээ илчилж байна.
-Танай хамт олон тантай нэг саналтай байсан уу? Хамтдаа гарын үсэг зураад, хамтдаа асуудлаа тавьсан хүн байгаа юу?
-Өнгөрсөн долоо хоногт тавьсан миний шаардлагыг ихэнхи монгол ажилчид маань дэмжиж, бүгд санал нийлж байсан. Мөн “Оюутолгой” энэ шаардлагын дараагаас намайг ажиллах, бусадтайгаа холбоо тогтоох боломжгүй болгосонд маш их эгдүүцэж байгаагаа илэрхийлсэн.
“Оюутолгой" ХХК монгол ажилчдыг далласан газарт нь ил гарж далайсан газарт алга болно гэдэг бодлоо орхих ёстой.
Нийтийн эрх ашгийн төлөө дуугарч чадсандаа би бахархаж байна. Өчигдөр надад миний шаардлагын хариуд бичгээр “ажлаас түдгэлзүүлж байна” гэж мэдэгдсэн. Манай байгууллагад асуудлыг ил тодоор шүүмжилсэн, үнэнийг ярьсан ажилчдыг хавчиж, удирдлага давуу эрхээ ашиглан хавчин шахаж, сануулга өгөх юм уу шууд ажлаас халдаг. Монгол ажилчид тийм ч их хэрүүл хийгээд, шүүхдээд явдаггүй учраас биднийг үл ойшоож, уландаа гишгэж байна. Монгол ажилчид Оюутолгойн оффист маш их дарамтанд ажилладаг. Гадаад захирлуудын гар хөл болдог монголчууд байдаг л даа. Тэд өөрсдийнхөө төлөө, нийт монголчуудын эрх ашгийн төлөө энэ үйлсэд нэгдэх хэрэгтэй. Оюутолгойд гаднаас ирж ажиллаж байгаа гадныхан голдуу бакалаврын зэрэгтэй, тэрнээс ч дор боловсролтой хүмүүс байдаг. Дандаа л танил талаараа ажилд орсон, гадаад мэргэжилтнүүдийн эхнэрүүд, нөхөрү зэрэг хүмүүс байдаг. Гэтэл тэнд ажиллаж байгаа монголчуудын ихэнхи нь хөгжингүй орны том сургуулиудад бакалавр магистар хийсэн, дотоодынхоо зах зээлийг сайн мэддэг, туршлагатай, гадаад ажилчдын хажууд маш их давуу талтай боловсон хүчин байдаг. Гэтэл зөвхөн Монгол ажилчин болохоор арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг бидний хөдөлмөрийг эрс тэс ялгаатай үнэлж байна.
Би монгол ажилчиддаа уриалж байна, эх орондоо тэгш эрхтэй ажиллаж амьдарья. Боловсрол, туршлага, ур чадвараа шударгаар үнэлүүлье гэж.
-Танай үйлдвэрчний эвлэл энэ асуудлыг сөхөж байсан уу?
-Үйлдвэрчний эвлэл яг энэ асуудлаар хүний нөөц болон захирлуудтай уулзсан ч ам руугаа алгадуулаад гардаг гэж хэлж байсан. Бид барахгүй юм байна, сайд нар ч ярьсан бардаггүй асуудал гээд үүн лүү орохгүй байгаа.
Улаанбаатарт оффист 700 гаруй монгол хүн, 150 гаруй гадаад ажилчин бий. Тэнд ажилладаг монголчууд энэ тухай ярихаас айдаг. Энэ тухай над шиг ярих юм бол дарамтлуулна, ажлаа алдана. Би шаардлагаа захирлууд руу явуулчихаад давхруудаар явахад “Дэмжиж байгаа, загатнасан газар маажих шиг боллоо, шаардлагатай бол хамтарна” гэж монгол ажилчид маань гал тогоонд орж байгаад хэлж байсан ч тэдэнд айдас байсан. Энэ тухай ил яриагүй, нэгнийхээ компьюторт очиж унших маягаар л бие биедээ дамжуулсан.
Энэ талаар ярих юм бол үнэхээр арчуулна, хавчигдана, ажлаа алдана гэж айдаг. Ийм юм болох юм бол манайд бол сануулга өгөөд л нам дардаг, эсвэл ямар нэг зохиомол хэрэг үүсгээд өө хайгаад ажлаас халдаг.
Үнэхээр монголчууд бид нар аймхай байна. Арай илүү цалин авч байгаадаа баярлаад дуугүй суудаг.
Гадныхны гар хөл болдог монгол ажилчид байгаа, тэднээс болж би ажилчдын гарын үсэг цуглуулж чадалгүй ажил руугаа орж чадахгүй болоод байна.
-Ямар үндэслэлээр үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг нь биелүүдэггүй юм бол?
-Оюутолгой төслийг хэрэгжүүлэхийн тулд гаднаас өндөр үнэтэй мэргэжилтнүүд авчрах хэрэгтэй, тийм хүмүүс монгол хүний ийм цалингаар ирэхгүй гэж хариулдаг гэсэн. Монголчуудад байхгүй эксперт, монголчуудын мэдэхгүй мэдлэг, туршлага, ур чадвар эзэмшсэн хүмүүсээ авчирч болно. Энэ бол компанийн асуудал гэдгийг би мэднэ. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээний 8,1-д адил албан тушаал дээр адил хариуцлага үүрч ажиллаж байгаа гадаад монгол ажилчдын цалин тэнцүү байх ёстой гэж заасан. Гэтэл манай оффист цай зөөдөг, юм хувилдаг нэг малайз эмэгтэй оффисийн админ хийдэг. Гэхдээ тэр зүгээр л гадаад ажилтны эхнэр учраас монгол ахлах мэргэжилтнээс илүү цалин авдаг. Монгол хүнийг ингэж дорд үзэж болохгүй. Манайд медиа зөвлөх, бичээч, захиргааны ажилтан, гэрээний ажилтан зэрэг монголчуудтай яг адил ажил хийдэг хэрнээ тэс өөр цалин авч байгаа гадныхан байгаа. Энэ хүнлэг бус үйлдлээ энэ жилийн дотор шийдэхийг би шаардсан юм.
-Таны ажлын туршлага, боловсролын тухай мөн цалин хэдийг авдаг юм бол?
-Би Их Британид бакалавр хамгаалсан, Голландад MBA авсан. Олон улсын байгууллагуудад төслийн менежментээр ажилладаг байсан. Би Оюутолгойд ажиллаж эхлээд нэг жил долоон сар болж байна. Сард 2,5 сая гаруй төгрөгийн цалин авдаг. Компани монгол ажилчдын дундаж цалинг 1,5 сая төгрөг гэж хэлдэг. Гэтэл бидэндтэй яг адил ажил хийдэг гадаад ажилчид 30-120 мянган ам.долларын цалин авдаг. Надтай ингэж харьцсанаас нь юу харагдаж байна гэхээр: энэ монголчуудтай ингэж харьцаж болно, гараад явахыг нь харья, гарсан ч өөр ажил хийх хүн байгаа. Мэдэгдэл өгөөд, сануулга өгөөд, дарамтлаад ирэхээр ардаа гэр бүлтэй хүн амьдралаа бодоод яаж ч чадахгүй, тэвчиж хүлцэнэ, хий гэснийг хийнэ гэж. “Оюутолгой”-н удирдлагууд дэндүү буруу бодож байна.
-Монголчуудыг яг дарамтладаг юм бол?
-Дарга нар өрөөндөө дуудаж оруулаад, хурал дээр ийм юм ярьж болохгүй, ярихаар бол эхлээд надтай зөвлө, надаас зөвшөөрөл авч байж ярьж болно гэж дарамтладаг. Бас өөр аргаар дарамтлана, ажлын үүрэг хариуцлага эрх мэдэлийг багасгаад, ямар ч ажил хийх боломжгүй болгож буланд шахдаг. Эсвэл зүгээр халчихдаг. Орных нь хүн яах вэ гэдэг “Оюутолгой”-д огт хамаагүй, хэдэн халтар төгрөгөөр Монголчуудыг хэдээр нь л бол хэдээр авна, хүмүүс ажилд орох гээд дугаарлаад зогсож байгаа гэж боддог.
Монголд төр засаг, хөдөлмөрийн яам байдаг бол ийшээ орох хэрэгтэй. “Оюутолго”-йн цалингийн санд 400 гаруй сая ам.доллар бий. Үүний арав хүрэхгүй хувийг монголчуудад цалин болгож өгдөг гэсэн. Ийм их мөнгөний өчүүхэн хэсгээр монголчуудыг солиод халаад, дараагийнх нь хүнийг авахад тэдэнд огт асуудал биш.
Нэг жишээ хэлэхэд нэг гадаад мэргэжилтнийг таньдгийнхаа ачаар манайд нэг португали залуу гуравхан хоногийн дотор ажилд ороод 5000 ам.долларын цалин авсан. Монгол хүн тэр ажилд орохын тулд гурван сар болдог цалин нь 1500 ам.доллар, гол нь яг адил ажил хийж байгаа. CV-г нь аваад харсан ч боловсрол мэргэжилгүй туршлагагүй шоу зохион байгуулдаг л залуу байсан. Монгол хүн эх орондоо ингэж доромжлуулж дарлах ёстой гэж үү, би үүнийг зогсоохын төлөө явна. Тэнд гадаад хэлнийх нь төвшин янз бүр хүмүүс ажилладаг. Англиар сайн ч ярьдаг хүн бий, муу ч ярьдаг хүн бий. Ярихаараа сандрах түгжчих, санаандгүй өөрийгөө буруу ойлгуулах тохиолдол гарна. Тэгэхэд л тэрэн дээр тоглолт хийгээд “Би чамайг ойлгохгүй байна, юу гээд байгаа ююм бэ, чи” гээд л өө эрж эхэлдэг. Энэ бол наад захын жишээ.
-Та одоо ямар алхам хийх вэ?
-Эхний ээлжинд захиргааны хэргийн шүүх болон хөдөлмөрийн маргаан шуурхай шийдвэрлэх хороонд хандана. Бас хүний нөөцийн албанд шаардлага хүргүүлнэ. Ямар ч шийдвэр гараагүй байхад ажиллах боломжгүй болгосон. Энэ асуудлаа эхлээд шийдүүлнэ. Хамгийн гол нь “Оюутолгой”-д ажиллаж байгаа монгол ажилчид үүнийг хараад зүгээр суухгүй гэж итгэж байна.
-Танд бичгээр ямар мэдэгдэл өгсөн юм бол?
-Өгсөн үүрэг даалгаврыг удирдлагын заавраар хийгээгүй гэдэг шалтгаан бичсэн байсан. Мэдээж тэд хэзээ ч “Чи бидний тухай ил тод зарласан учраас мэдэгдэл өгч байна” гэж хэлэхгүй. Би өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт ийм шаардлага өгнө гэдгээ хүний нөөцөд хэлсэн, мягмар гаригт нь би шаардлагаа явуулсан. Лхагва гаригт л миний и-мейлийг хаасан. Баасан гаригаас ажлын материалуудыг маань хаашаа ч юм аваад явсан байсан. Бас нэг манай албаны жишээг дурдахад уурхайд ажилладаг нэг том инженерийн эхнэр миний удирдлагаар ажиллах эхэлсэн. Ер нь түүнээс болж бөөн асуудалд үүссэн. Надтай хамт ажилладаг хүмүүс бүгдээрээ тэр Эмма гэдэг эмэгтэйн харьцаанд дургүй байгаагаа хэлдэг байсан. Би түүнд “Гадаад ажилтан болохоороо давуу эрх эдэлнэ гэсэн ойлголт байхгүй, монголчуудыг хүндэл, хүнлэг харьц” гэж хэлсэн. Намайг ингэж хэлэхээр дарамтлаж эхэлсэн. Гэхдээ би энд зөвхөн өөрийнхөө тухай яриагүй. Үүний хажууд миний асуудал юу ч биш. Би ажлаа дуугүй хийгээд, цалингаа аваад, ямар ч асуудалгүй- стрессгүй амьдарч чадна. Гэхдээ монгол хүнийг үнэлэж, хүндлэх ёстой гэдгийг би ойлгуулах хэрэгтэй байна. Би эх орондоо хүн шиг хүндлүүлж ажиллаж амьдармаар байна.