-Мөнгөний бодлогод ирэх онд инфляцийг найман хувь руу буулгах зорилт тавьсан, хэрэгжих бололцоотой юу. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн төвшинд ямар гарц хайж байна вэ?
-Мөнгөний бодлогод тусгаснаар инфляцийг найман хувь руу буулгаж, энэ төвшинд барихын тулд Монголбанк, Засгийн газар хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болж байна. Одоогоор инфляци 13.5 хувьтай, оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 15 хувьд хүрэх төлөвтэй байгаа. Тэгэхээр 15 хувийн инфляийг ирэх жил яаж найман хувьд барих вэ гэдэг өөрөө том зорилт. Инфляцийг хөөрөгдөгч нь өнгөрсөн жилийн тухайд нэгдүгээрт, махны үнийн өсөлт, хоёрдугаарт, шатахууны үнийн өсөлт нөлөөлсөн байдаг. Дээр нь Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт эх үүсвэр шаардана. Санхүүгийн эх үүсвэрийг Засгийн газар гаргаж чадах уу, үгүй юу. Ийм асуудлыг шийдэж чадвал инфляцийг найман хувь руу буулгаж, барих бололцоотой.
Нөгөө талаас мөнгөний нийлүүлэлт нөлөө үзүүлнэ. Саяхан УИХ-аас Засгийн газарт эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын үнэт цаас гаргах эрхийг өглөө. Энэ бонд зах зээлд орж ирэхээр мөнгөний нийлүүлэлт талаасаа нэлээд том жин дарна. Өөрөөр хэлбэл, энэ нь эргээд валютын ханшид яаж нөлөөлөх вэ гэдгийг анхаарлынхаа төвд байлгах ёстой. Ажлын хэсгийн төвшинд ийм л асуудлыг тойрч ярьж байна даа.
-Монголбанк, Засгийн газартай хамтраад ажиллаж чаддаг л байгаа даа. Жил бүр мөнгөний бодлогыг УИХ-аар хэлэлцэх шатанд “Инфляцийг хазаарла “гэдэг үүргийг төв банк, Засгийн газар хоёрт өгдөг ч их хэмжээний мөнгийг иргэдэд тараахаар инфляциа хөөрөгдчихдөг шүү дээ?
-Тийм ээ, бэлэн мөнгө тараалтаас аль болох татгалзах ёстой. Дээр нь инфляцийг бууруулах хамгийн том зорилт нь Монголбанк, Засгийн газартай хамтарч ямар төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж чадах вэ, энэ хамгийн чухал. Нөгөө талаасаа эдийн засгийн өсөлт буурч байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч, эрэлт багассанаас экспортийн хэмжээ эрс буурч энэ нь эргээд эдийн засгийн өсөлтөд нөлөөл үзүүлж байгаа хэрэг л дээ. Эдийн засгийн өсөлт буурахаар ядуурал, ажилгүйдлийн төвшин ихэсдэг. Ирэх жил эдийн засгийн өсөлт 12, 13 хувь байна гэж төсөөлсөн нь их өөдрөгөөр төсөөлсөн өсөлт. Хэрвээ бид энэ өсөлтөд хүрч чадахгүй бол эргээд ядуурал ажилгүйдэл ихсэх эрсдэл хүлээнэ. Тийм учраас эдийн засгийн өсөлтийг 12, 13 хувиас бууруулахгүй байх арга хэмжээг мөнгөний бодлоготойгоо уях ёстой л гэсэн байр суурьтай байна даа.
-Тэгэхээр яг ямар арга хэмжээ авах ёстой болж байна?
-Бодит сектороо дэмжиж, ажлын байр бий болгож, урт удаан хугацаанд эдийн засгийнхаа өсөлтийг хангах бодлого хэрэгжүүлэх ёстой. Тэр дундаа орон нутагт зээлийн хэрэгцээ маш их бий, эрэлтийг нь хангах чиглэлээр ажиллах хэрэгцээ байна л даа. Энэ оны хувьд арилжааны банкууд орон нутагт үндсэндээ зээл олгосонгүй. Эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй гэж үзээд зээлийнхээ хүрээг хумиад байна. Бодлогоор бол зээлийн хүрээг тэлэх ёстой. Ирэх жилийн хувьд Монголбанк энэ асуудалд онцгой анхаарал хандуулж зээлийн хүрэлцээ, зээлийн багц, хүрээг өргөтгөх асуудлыг мөнгөний бодлогод тусгах шаардлагатай талаар ажлын хэсгийн төвшинд ярьж байна.
-Нефтийн бүтээгдэхүүний үнийг ирэх жил тогтвортой барихын тулд Монголбанк, Уул уурхайн яам, нефть импортлогч компаниуд гурвалсан гэрээ байгуулсан. Үнэхээр хэрэгжих бололцоотой юу. Ажлын хэсгийн төвшинд төв банкны зүгээс энэ тал дээр юу ярьж байгаа вэ. Хойд хөрш нефтийн импортын татвараа нэмэгдүүлээд эхэлбэл Засгийн газар татваруудаа хөдөлгөх байх, тэгээд л авах арга хэмжээ дуусчихна. Махны үнийн хувьд харьцангуй тогтворжиж байна?
– Шатахуун монголчуудаас хамаарахгүй том эрсдэл. ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортод гаргадаг татвараа ирэх онд хэдэн хувиар нэмэхийг бид одоо урьдчилж мэдэх арга алга. Нөгөө талаасаа экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байж чадах уу. Тодруулж хэлбэл, 2012, 2011 онд нийлүүлсэн хэмжээнээсээ давуулж зэс, алт нүүрсний экспортыг хийж чадах уу. Эдгээр нь эргээд мөнгөний бодлогын макро төвшнийхөө бодлогод хэр зэрэг нөлөөлөх вэ гэдэг эрсдэл бий. Энэ эрсдлийг удирдаж чадах боломж нь Монголбанк, Засгийн газарт бий юу, байхгүй юу гэдэг л асуудал юм даа. Махны үнийн тухайд бага зэрэг буурч л байна, гэвч хавар өсч мэднэ. Нөгөө талаас худалдан авах чадвар буураад байна. Тэгэхээр Засгийн газар ирэх хавар махны нийлүүлэлтийг яаж зүй зохистой удирдах вэ, өнөөдөр бидний хяналтын дор байж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал юм. Дээр нь ямар өртөгтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдэг нь асуултын тэмдэг хэвээр байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас тодорхой хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр хийгээд тэр нь нийлүүлэлтийн сүлжээгээ зөв босгож ирж чадахгүй бол өндөр өртөгтэй нийлүүлэлтийн сүлжээ хийчихсэн байдаг, гэтэл нөгөө талд нь үнэ хямд мах эзэндээ очихгүй байвал ард түмний нуруун дээр л маш том ачаалал ирнэ. Тэгэхээр Засгийн газар эрсдэлтэй том хөтөлбөр лүү мөнгө хийчихэж мэдэх талтай харагдаж байгаа. Гол зангилаа нь Засгийн газар, төв банк хоёр хамтран хэрхэн үр дүнтэй ажиллахаас л хамаарна гэсэн үг л дээ.
-Мөнгөний бодлого ирэх оны нэгдсэн төсөвтэй хэр уягдаж байгаа вэ?
-Мөнгөний бодлогыг өргөн барих үед инфляцийг бууруулахын тулд төв банк, Засгийн газартай хамтарч ажиллана гэснээс өөр тодорхой заалт байгаагүй. Хэлэлцүүлгийн шатанд Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч эхэлж байна. Гол нь санхүүгийнх нь тооцоо хэрэгтэй. Санхүүжилтийг ямар эх үүсвэрээс бий болгох ёстойг маш тодорхой болгох явдал юм. Жишээ нь өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн яам, төв банк хамтран “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байна. Энэ хүрээнд тээвэр, ложистикийн асуудлыг шийдвэрлэх юм билээ. Хэрвээ ачаа тээвэрлэлтийн гол боомтуудын дэд бүтцийн асуудлыг зоригтойгоор шийдвэрлэж чадвал бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах бололцоотой. Энэ нь эргээд инфляцийг хөөрөгдөхгүй байх нэг том хөшүүрэг болно. Урд хилээр дамжин орж ирсэн бараа Замын-Үүдийн боомтын нэвтрүүлэх чадвар, Улаанбаатар хот руу тээвэрлэх төмөр замын эргэлтээс шалтгаалаад олон хоногоор саатдаг байдал одоо ч хэвээрээ л байна. Тэгэхээр Замын-Үүд боомтын дэд бүтцийг шийдэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардах, эх үүсвэрийг нь хаанаас ямар замаар босгох бололцоотой вэ гэдгийг маш нарийн төлөвлөж хэрэгжүүлж чадах нь чухал юм даа.
-Мөнгөний бодлогод ирэх жил зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд шилжүүлэхээр тусгасан. Ийм бололцоо байгаа юу, бизнес эрхлэгчид үндсэндээ хүлээлтэд шилжлээ. Гэтэл хадгаламжийн хүү өндөр байгаад байдаг?
-Гол нь хаанаас хямд эх үүсвэр авчирч байж зээлийн хүүг бууруулах вэ гэдэг нь чухал. Зээлийн хүүг бууруулна гэдэг нэг жилийн дотор хийчих ажил биш, цогцоор нь олон олон ажлыг үе шаттай хийж байж амлалт хэрэгжинэ. Хэрвээ банк хадгаламжийг өндөр хүүтэйгээр татаад байх юм бол зээлийн хүүг бууруулж чадахгүй шүү дээ.
-Тэгэхээр яах вэ, ямар гарц харагдаж байна?
-Банк өөрийнхөө үйл ажиллагааныхаа зардлыг багасгах ёстой. Зардлыг багасгана гэдэг нь хямд хүүтэй эх үүсвэр татна гэсэн үг л дээ. Тэгж байж зээлийн хүүг бууруулна. Нөгөө талаас Монголбанк бодлогынхоо хүүг бууруулах ёстой. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудаас олгож байгаа зээлийн хүү жилийнх нь 17-18 хувь байна. Төв банк инфляцийг хазаарлахын тулд өнгөрсөн хугацаанд бодлогын хүүгээ өсгөснөөс болж, арилжааны банкууд зээлийнхээ хүүг бууруулах бололцоог олгосонгүй шүү дээ. Өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг банкууд санал болгож байхад түүгээр худалдаа наймаа хийхээс үйлдвэрлэл явуулах бололцоогүй. Тэгэхээр хүү багатай, хугацаа урттай зээл олох хамгийн том боломж нь Засгийн газраас гаргах 1.5 тэрбум ам.долларын бонд. Амласан шигээ жилийн дөрвөн хувийн хүүтэй бондыг гадаад зах зээлээс татаж авчирч чадах юм бол түүнийгээ үйлдвэр байгуулахад урт хугацаатай бага хүүтэй зээл олгоход зарцуулж чадвал энэ нь эргээд зээлийн хүүг бууруулах бололцоог олгоно.
-Саяхан УИХ-аас Иргэдийн мөнгөн хадгаламжид баталгаа гаргасан хуулийн төсөлд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх ёстой байсан ч Засгийн газарт буцаачихсан. Ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Төр бүх юмны эрсдлийг нуруун дээрээ үүрч болохгүй. Дээр нь арилжааны банкуудын лобби яваад байна гэсэн хардлага сэрдлэгэ ч байсан учраас хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж үзсэн хэрэг л дээ. Одоо арилжааны банкууд биеэ даах ёстой, эрсдлийг даадаг чадвартай болох ёстой. Ард иргэдээс мөнгө татчихаад цааш нь чанаргүй зээл олгоод байж болохгүй шүү дээ. Тийм учраас банк санхүүгийн салбар өөрөө эрүүл хөл дээрээ тогтох ёстой гэж бид үзсэн. УИХ-ын намрын чуулганаар банкны хадгаламжид баталгаа гаргадаг банкны хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Маш чухал хууль. Иргэдийн хадгаламжид даатгал хийх эрх зүйн орчинг нээгээд өгчихвөл эрсдлийг төр 100 хувь өөр дээрээ авах шаардлагагүй болно.