АНУ-ын сонгууль, Хятадын их хурлыг шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

АНУ-ын сонгууль, Хятадын их хурлыг шууд дамжуулна

Монгол Улсад болоод дэлхий дахинд болж
буй үйл явдлыг цаг алдалгүй шуурхай хүргэдэг мэдээллийн эх сурвалж
“Ийгл Нюьс” телевиз ирэх долоо хоногт болох хоёр томоохон арга хэмжээг
шууд дамжуулахад бэлэн болоод байна. Тухайлбал, дэлхийн улс төрд шууд
нөлөөлдөг АНУ-ын 57 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль, БНХАУ-ын
Коммунист намын XVIII Их хурал зэрэг арга хэмжээг Вашингтон болон Бээжин
хотоос анх удаа дамжуулах гэж байна.  

Эхний
үйл явдал болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль /2012.11.06/-ийн гол
өрсөлдөөн өнөөгийн эрх баригч Ардчилсан Намын нэр дэвшигч, Ерөнхийлөгч
Б.Обама, Сөрөг хүчин Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Массачусетс мужийн
захирагч М.Ромни нарын хооронд болж байгаа билээ. Тэдний хэн нь ирэх
дөрвөн жил Цагаан ордны тэргүүн болж, дэлхийн хамгийн нөлөө бүхий
гүрнийг удирдах вэ гэсэн асуултын хариулт ирэх мягмар гаригт тодорхой
болно. Тэднийг Иран, Умард Солонгос /цөмийн зэвсэг/, Ливи, Сири /Арабын
хавар/, Афганистан /Энхийг сахиулах/, ОХУ, БНХАУ /тааламжгүй харилцаа/,
ЕХ, НАТО /бодлогын зөрүү/, эдийн засгийн уналт, гадаад өр, улсын төсөв,
ажилгүйдэл, ядуурал, эрүүл мэндийн даатгалын систем, боловсролын
тогтолцооны шинэчлэл зэрэг олон ээдрээтэй асуудал хүлээж байна.

Харин
дараагийн гол үйл явдал болох БНХАУ-ын эрх баригч Коммунист намын XVIII
Их хурлыг нийслэл Бээжин хот дахь Ардын Их Хурлын Танхимаас
/2012-11-08/ шууд дамжуулах бөгөөд энэ удаагийн хурлаар тус улсын шинээр
сонгогдох Төрийн гурван өндөрлөгийг албан ёсоор танилцуулах юм. 

Анх
1921 онд хуралдаж байсан тус хурлаар олон улс болон бүс нутгийн
маргаантай асуудлаар шийдэл олох, АНУ, Япон, Өмнөд Солонгостой тогтоосон
харилцаагаа эргэн харах, ОХУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк зэрэг
холбоотнуудтай улс төр, эдийн засаг, цэрэг армийн хамтын ажиллагаа
өргөжүүлэх, Ардын чөлөөлөх армийн хүчин чадавхийг нэмэгдүүлэх талаар
хэлэлцэх гэнэ.

Мөн
тус хурлаар Дундад иргэн улсын шинжлэх ухаан, техник, технологийн
ололт, амжилтыг цэрэг, армид бүтээлчээр нэвтрүүлэх, эдийн засгийн
шинэчлэлийг түргэсгэх, хүн ам зүйн бодлогыг эргэн харах, хөдөө тосгодын
боловсрол, эрүүл мэндэд анхаарах, худалдаа, аж үйлдвэр, харилцаа,
холбоо, тээвэр, дэд бүтцийн салбарыг хөгжлийг тодорхойлох, Бо Силай
зэрэг төрд тэрслэгчдийн хэргийг уудлах, коммунист намд бугшсан хүнд
суртал, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчлийг үгүй хийх талаар ч ярих
аж.  

Үзэгч та бүхэн дээрх өдрүүдэд “Ийгл Нюьс” телевизтэй
байснаар онцлох хоёр үйл явдлыг халуун цэг дээрээс нь мэргэжлийн тоймч,
орчуулагч, сэтгүүлч, судлаач, зочдын сонирхолтой тайлбарын хамт хүлээн
авах болно.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж