Боловсролын шинэчлэлд юуг анхаарах ёстой вэ

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Боловсролын шинэчлэлд юуг анхаарах ёстой вэ

Энэ асуултад хариулт өгөхөөр боловсролын чиглэлээр судалгаа хийдэг гадаад, дотоодын эрдэмтэд энэ өдрүүдэд Монголын боловсролд дүн шинжилгээ хийж байна. Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт хийсэн шинэчлэлүүдийг эргэн харж,  юу нь болж байна, болохгүй байна гэдгийг ил гаргаж, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санаа оноогоо уралдуулж, судалгаа тайлангаа хэлэлцүүлж буй юм. “Монголын боловсролын бодлогын судалгаа” олон улсын бага хурал “Улаанбаатар” зочид буудалд өчигдөр эхэлсэн бөгөөд үндсэн болон нээлттэй хуралдаанууд өнөөдөр үргэлжилж байна.

Азийн хөгжлийн банк, БШУЯ, МУБИС-иас хамтран зохион байгуулж буй эл хуралд Монголоос гадна Япон, Тайланд, Хонконг, Америк, Хятад улсын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж буй. Азийн хөгжлийн банкны суурин төлөлөгч Роберт Шоэллхаммер хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс мэдлэгт суурилсан нийгэм рүү шилжих шилжилтийн үед бодлогын судалгаа болон боловсролын төлөвлөлтийг шинэ шатанд гаргах нь энэ хурлын зорилго юм” хэмээсэн. Азийн хөгжлийн банк 1996-2011 оны хугацаанд манай улсын боловсролын салбарт таван зээлийн төсөл, 11 техникийн туслалцааны төсөл,  мөн буцалтгүй тусламжийн гурван төсөл хэрэгжүүлж нийт 99,4 сая ам долларын санхүүжилт хийсэн байна.
Өчигдрийн салбар хуралдаанууд сургуулийн өмнөх насны хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал, бага боловсролын багшийн стандарт, сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг татан оролцуулах боломж, дээд боловсролын багшийн талаарх Монгол Улсын төрийн бодлогын баримт бичгүүдэд хийсэн судалгаа, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн багш нарын багшлах ур чадвар, багшийн ёс зүйн талаар баримталж буй бодлого ба түүний хэрэгжилт, цэцэрлэгийн хүүхдийн хоолны хөтөлбөр, сурагчдын дүрэмт хувцасны стандарт, хийц ба нийлүүлэлтийн асуудал, бага дунд боловсролын үнэлгээний шинэчлэл зэрэг сэдвээр өрнөсөн. Гадаадын судлаачид Монголын боловсролын талаар хийсэн харьцуулсан судалгааныхаа үр дүнг хэлэлцүүлж буй нь онцлог байв. Илтгэл тавьсан зарим эрдэмтний судалгааны ажлынх нь талаар сонирхсон юм.

АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуулийн багш,  профессор Амара Эл Сабик Монголын сургуулиудад өнөө хэр нь хэвшүүлэх гээд чадахгүй байгаа сурагчийн дүрэмт хувцасны стандарт, хийц ба нийлүүлэлтийн талаар судалгаа хийжээ. “Монголын зах зээл дээр сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэгчид өөр өөр загвар хийцээр өрсөлдөж байна. Өвөрмөц нарийн оёдол хийц, загвараар дүрэмт хувцас үйлдвэрлэж, бие биенээсээ ялгарахыг хичээж буй нь дүрэмт хувцасны үнэнд нөлөөлж, үндсэн хэрэглэгчдэд хүрэхдээ өндөр үнэтэй болдог. Үүнээс уудэн эмзэг ядуу өрхийн хүүхдүүд өөрийн сургуулийн сонгосон дүрэмт хувцсыг авч чадахгүй болж, хямд хувцасны хайх болдог. Сургуулийн дүрэмт хувцсыг хүүхэд бүр авах боломжтой болгохоос гадна хувцасны чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилго бүхий “Стандарт, энгийн хийц, нийлүүлэлт” хэмээх бодлогыг  илтгэлээрээ танилцуулж байна. Сурагчдын дүрэмт хувцсанд стандарт тогтоох нь өнөөдөр айл өрхөд тулгарч буй дүрэмт хувцасны чанар хийц, загвар болон үнэтэй холбоотой бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд түлхэц болно гэж үзэж байна” гэж тэрбээр өгүүлсэн.

Ноён Питер Моокийн өчигдөр тавьсан илтгэл ихээхэн анхаарал татаж байсныг судлаачид онцолсон. Нью-Йорк хотоос ирсэн, боловсролын эдийн засагч, бие даасан зөвлөх тэрбээр “Монгол Улсын Ерөнхий боловсролын санхүүжилтийн томъёог шинэчлэх санал дүгнэлт” сэдэвт илтгэл тавьсан юм.

Боловсролын төсвийн хуваарилалт, санхүүжилтийн томъёог үр ашигтай, эрх тэгш, нөхөн олгох  гэсэн үндсэн гурван шаардлагад нийцэж байвал оновчтой болсон гэж үнэлдэг. Сургуулийн хэмжээ, эзэмшүүлж буй боловсролын түвшин, дотуур байрны суралцагчдын тоо, сургуулийн онцлог шинж, алслагдсан байдал, төвийн үйлчилгээнд холбогдсон байдал, суралцагчдын онцлог, тусгай хэрэгцээ буюу бие бялдрын болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй зэрэг ялгавартай байдлыг нь тооцсон байх ёстой. Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй нэг суралцагчид ногдох дундаж зардлын норматив нь дээр өгүүлсэн шаардлагуудын заримыг нь тооцолгүй орхигдуулсан байна. Иймээс одоогийн хэрэглэгдэж буй дундаж зардлын нормативын системийг дээрх шаардлагуудыг тооцож үзсэн “хувь жин”-гийн систем рүү шилжүүлэх нь зүйтэй байна. Шинэ системийг хэрэглэснээр сургууль бүрт тохирсон хуваарилах нэгжийг тооцоолж гаргах бөгөөд энэ нь ерөнхий боловсролын нийт төсвөөс тухайн сургуульд ноогдох санхүүжилтийн хэмжээг бүрдүүлнэ” хэмээн түүний судалгаанд дурдсан байлаа. 

Өнөөдөр олон улсын бага хурал технологи ба боловсрол, боловсролын орчин, ахлах ангийн боловсрол ба боловсрол дахь технологийн хэрэглээ, дунд болон дээд боловсролын хүртээмж,  багшийн боловсрол ба цалингийн шинэчлэл, дээд боловсролын шинэчлэл гэсэн сэдвүүдээр өрнөж, хаалтын нэгдсэн хуралдаанаа “Монголын боловсролын бодлогын судалгаа ба боловсролын шинэчлэл” гэсэн сэдвээр хийснээр өндөрлөх юм байна.

Г.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж