
Хүүгийн биеийн байдал ямар байгааг мэдэхээр тус эмнэлэг дээр очиж, бяцхан хүүгийн ээж Т.Байгалмаатай цөөн хором ярилцсан юм.
-Хүүгийн тань биеийн байдал ямар байна?
-Анх ирснээ бодвол биеийн байдал нь сайжирч байгаа. Тархинд нь цус хурсан. Мөн устсан гэж эмч нь хэлсэн.
-Цэцэрлэгийн багш, эрхлэгч нь ирж байгаа юу. Ямар нэгэн туслалцаа үзүүлж байна уу?
-Долоо хоногтоо хэд, хэд ирдэг байсан. Сүүлийн үед долоо хоногтоо нэг л ирж байгаа. Тэдэн төгрөг хэрэгтэй боллоо гэж хэлбэл авчирч өгдөг.
-Та юу хийдэг вэ. Ажил хийдэг хүн хүүхдээ сахиад суучихаар эм тарианы мөнгө гээд хэцүү л байгаа байх?
-Тийм ээ. Эгч нь Батлан хамгаалах их сургуулийн хэвлэх үйлдвэрт ажилладаг. Нөхөр маань хуваариа хөдөлмөр эрхэлдэг. Хүүгээ гэмтсэнээс хойш бид хоёр хоёулаа ажил хийхгүй хүүгийнхээ төлөө гүйж байна.
-Тухайн үед цэцэрлэгийн удирдлагууд нь таны хүүг цонх онгойлгоод өөрөө үсэрчихсэн гэж хэлсэн. Таны бодлоор хэнд нь хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бол?
-Ой гарантай жаахан хүүхэд өндөр вакум цонхыг онгойлгоно гэж байхгүй. Угаасаа 40 дүгээр цэцэрлэгийнхэн цонхоо байнга л онгойлгодог юм байна лээ. Тэгэхээр тэр үед ч гэсэн онгорхой байсан байх. Тухайн үед хүүхдийнхээ биеийг муу байхад тэрний буруу гэж хүнтэй хэрэлдээд яах вэ гэж бодоод нөхөр бид хоёр юу ч дуугараагүй. Тэгсэн чинь 40 дүгээр цэцэрлэгийнхэн "Өөрөө онгойлгоод үсэрсэн" гэж ярьсан гэсэн. Арай л дэндүү байна.
-Хүү чинь тархиндаа нэлээд хүнд гэмтэл авсан. Эмчлэгч эмч нь хэзээ эмнэлгээс гар гэж байна?
-Эмч нь "Ачтан" эмнэлэг дээр хагалгаанд ор гэсэн. Өмнө нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нэг эмчид үзүүлсэн чинь эргүүлж тойруулж, цээжийг нь чагнаж үзсэн. Тархи толгой мэдрэл үзэх гэж байгаа эмч цээжийг нь чагнаж үзсэн гээд боддоо. Дараа нь Турк улсаас мэдрэлийн эмч ирсэн гэхээр нь хүүгээ үзүүлэхэд "Тархинд нь цус хурсан байна" гэсэн онош бичиж өгсөн. Эмчлэгч эмч нь "Цус байх ёсгүй. Ус л байх ёстой" гээд жаахан зөрсөн. Тэгээд "Ачтан" эмнэлэгт үзүүлэхээр болсон. Хүү бид хоёрын эмнэлгээс гарах хугацаа аль хэдийнэ болчихсон. Хүүд маань байнга өвчин намдаах эм, тариа хийдэг болохоор эмнэлгээс гарч, гэрээр эмчлэх боломжгүй. Ямар ч байсан тархинд нь хурсан усыг шимэгдсэний дараа хагалгаа хийнэ гэж байсан. Хүүгээ Ж.Хайруул эмчид үзүүлсэн. Ж.Хайруул эмч хэлэхдээ "Сарын дараа тархинд хурсан юмыг авч болно" гэсэн.
-Хагалгаа хийлгэх төлбөр нь хэд юм бол?
-Тэрийг сайн мэдээгүй.
-Эрүүл саруул тоглож наадаад гүйж байсан хүүхдээ ийм болсонд маш их гомдолтой байгаа байх. Хариуцлагагүй хандсан багш, асрагч хоёрт нь ямар арга хэмжээ аваасай гэж бодож байна вэ?
-Шүүх хурал болох гэж байгаа юм шиг байна лээ. Ажлын хариуцлага алдсан гэх маш хөнгөн зүйл ангиар ял төлөвлөж байгаа гэсэн. Ж.Хайруул эмч хүүгийн чинь тархины их бага холбоос нь салсан учраас байнга унаж татдаг болно гэсэн. Хариуцлагагүй хандсан багш асрагч нь маш хөнгөн шийтгэл аваад, хүү минь насаараа эрэмдэг болж хоцрох нь. Ямар ч байсан хүүгээ арай гайгүй болгочихоод, хөлөө хүрэх газраа явна. Нөхөр бид хоёр маш их гомдолтой байна.
Бага насны хүүхэд бэртсэн энэ хэрэгт хэн нь хариуцлага хүлээх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Ж.Мягмараас асуухад "Манай яам доод нэгж байгууллагынхаа үйл ажиллагаанд оролцдоггүй. Тухайн ажилтанд хариуцлага хүлээлгэх асуудал шат дараалалтай явах байх. Энэхүү асуудлыг Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс мэднэ. Учир нь Баянзүрх дүүргийн Засаг дарга тус хүүхдийн клиникийн эрхлэгчийг томилдог. Эрхлэгч нь ажилтнуудаа авдаг. Боловсрол, шинжлэх ухааны яам бол хүүхдийг сургалтын шаардлага хангасан, аюулгүй орчинд хүлээж авах асуудлыг хариуцдаг. Гэтэл энэ чинь хоёроос доош настай, яслийн хүүхдүүд шүү дээ" хэмээн хариулж байсан юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Хүүхдийн клиникийн 40 дүгээр яслийн багш, асрагч нь бүгд эрүүл мэнд, анагаах чиглэлээр мэргэшсэн хүмүүс байдаг. Энэ утгаар нь Эрүүл мэндиин яамныхнаас энэ талаар тодруулахад "Манайд яаманд харьяалагддаггүй. Боловсрол, шинжлэх ухааны яам мэднэ. Эрүүл мэндийн газрын харьяа гэх нэршил 10-аад жилийн өмнө байхаа больчихсон. Тус цэцэрлэгийнхэн хаягаа солилгүй өдийг хүрсэн. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас асуувал тодорхой хариу өгөх байх" гэсэн юм.
Баянзүрх дүүрэгт байрлах тус цэцэрлэг ямар яам агентлагт хамааралтай байдаг талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Н.Цогбадрахаас асуухад "Нийслэлийн хэмжээнд суурь өвчтэй 0-5 насны хүүхдүүдийг сувилах гурван газар байдаг. Эдгээр газар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас санхүүждэг. Баянзүрх дүүргийн 40 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Гэрэлмааг тухайн дүүргийн Засаг дарга н.Батзориг томилсон. Тус цэцэрлэгт суурь өвчтэй хүүхдүүд хамрагддаг гэдэг утгаараа ажилтнууд нь эмнэлгийн мэргэжилтэй хүмүүс байдаг.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 0-5 насны хүүхдүүдийг сувилдаг гэдэг утгаар нь мэргэжлийн арга зүйгээр хангаж, дотоодын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, халдвар хамгааллын зөрчил гаргахгүй, хүүхдүүдийг өвчлүүлэхгүй байх талаас нь хяналт тавьдаг. Харин бусад зохион байгуулалтын асуудлыг тухайн дүүрэг болон Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцдаг. Хэрэг болсон өдөр манай байгууллагын мэргэжилтнүүд газар дээр нь очиж шалгаж үзээд хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ ав гэсэн үүрэг даалгавар өгсөн.
Мөн цонхондоо хамгаалалт хийх үүрэг даалгавар өгч, дараагаар нь очиж шалгахад бүх цонхондоо тор хадсан байсан. Одоо ямар нэгэн байдлаар хүүхэд цонхоор унах эрсдэл үгүй болсон. Түүнчлэн паар, өнцөг ирмэгтэй зүйлүүд нь хамгаалалтгүй байсныг хамгаалалт хийх үүрэг өгсөн. Цэцэрлэгийн зүгээс хамгаалалт хийж байгаа гэсэн мэдээллийг өгсөн байгаа. Тус цэцэрлэг нь боловсролын байгууллага ч юм уу, эрүүл мэндийн байгууллага ч юм уу, аль эсвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын бүтцэд байдаг ч юм шиг ойлгогдохооргүй юм болчихоод байгаа юм.
Хүүхдийн эрүүл мэндэд туслалцаа үзүүлдэг гэдэг талаас нь авч үзвэл Эрүүл мэндийн салбарт хамааралтай байх ёстой юм. Ямар нэгэн асуудал гарлаа гэж бодоход хариуцлага тооцоход үнэхээр хүндрэлтэй юм. Ийм ч учраас Эрүүл мэндийн салбарт энэхүү цэцэрлэгийг авахаар Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороонд маш олон удаа санал өгсөн. Ерөөсөө шийдвэрлэж өгөхгүй юм" гэв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан хэрэг болсон өдөр 40 дүгээр цэцэрлэг дээр очиж, н.Энх-Од хүүг яаж байгаад унасан талаар асуухад ийн тайлбарлажээ.
Тодруулбал н.Энх-Од хүүг унтлагын цагаар уйлаад байхаар нь бусад хүүхдүүдийг сэрээчихэж магадгүй хэмээн бодоод, хажуу талын тоглоомын өрөөнд оруулсан. Ингээд өөр нэг хүүхдийг унтуулахаар явж байтал тоглоомын өрөөнд байсан хүү мөлхөж гараад гал тогооны өрөөнд орж, улмаар цонхны хажууд байсан жижиг ширээгээр дамжин түгжээгүй байсан цонхыг онгойлгоод уначихсан" гэж тайлбарласан гэнэ.
Офицеруудын ордны орчимд байрлах 40 дүгээр ясли дээр очиж, эрхлэгчтэй нь уулзах гэсэн боловч байгаагүй юм. Тус цэцэрлэгийг гаднаас нь харвал цонхнууд нь онгорхой байсан ч хагас дутуу тор хадсан байв.
Ажилдаа хариуцлагагүй хандаж, хүний эрүүл саруул хүүг гэмтээж орхисон 40 дүгээр цэцэрлэгийн ажилтнуудад ямар хариуцлага оноосныг Баянзүрх дүүргийн Нийгмийн хэлтсийн дарга н.Жавхлангаас тодруулахад "Багш, асрагч хоёрыг нь ажлын хариуцлага алдсан гэж үзэж ажлаас нь чөлөөлсөн. Мөн эдгээр хүмүүсийн хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж дуусаад шүүх рүү шилжүүлнэ. Харин эрхлэгчийг нь ажлын хариуцлага алдсан учир сахилгын арга хэмжээ авч гурван сарын цалинг нь 20 хувиар хассан" хэмээв.
Хариуцлага алдсан ажилтнуудад ажлаас халагдах төдий ял оноосон бол бяцхан хүү н.Энх-Од насаараа шаналан өвдөх ужиг өвчинтэй үлдлээ.
