2012 оны талбайн тэннисний улирал эмэгтэй тэннисчдийн хувьд өндөрлөлөө. Энэ жилийн сүүлийн ганцаарчилсан төрлийн тоглолт Туркийн Истанбул хотод WTA-ийн аварга шалгаруулах тэмцээний финалд болсон юм. Шилдэг найман тэннисчин оролцдог тус тэмцээний аваргын төлөө дэлхийн чансааны №2 Мария Шарапова, №3 Серена Вильямс нар тоглолоо. Өмнө нь 11 удаа хоорондоо тоглоход 9-т нь хожчихоод байсан Серена Вильямс энэ удаа ч орос өрсөлдөгчөө аргаллаа. Эхний сетэд 3:2-ын харьцаатай байхад Америк тэннисчин брейк хийж үр дүнг 6:4-өөр өөрийн талд шийджээ. Сетийг эйс хийн дуусгасан Серена дараагийн сетэд ч давуу байдлаа хадгаллаа. 2 дахь сет эхлэнгүүт өрсөлдөгчийнхөө давуулалтан дээр оноо авсан Серена Вильямс 9 дахь тоглолтонд дахин брейк хийснээр 6:3-ын харьцаатай хожиж WTA-ийн аварга шалгаруулах тэмцээний аварга боллоо. Нэг ёсондоо энэ жилийг ялалтаар дуусгаж байгаа юм. Тэрээр 31 насандаа буюу хамгийн ахмад настай аварга болсон амжилтыг тогтоосон байна. Серена Вильямс энэ жил Фрэнч Опэний их дуулгын эхний шатанд хожигдсоноос хойш 31 тоглолтонд ялж ердөө ганц ялагджээ. Нийтдээ 2012 оныг тэр 59 хожил 4 хожигдолтой гайхалтай амжилтаар дуусгалаа. Серена Вильямс Вимбелдон, олимп, Америкийн нээлттэй тэмцээнүүдийг оруулаад нийт 7н тэмцээнд түрүүлсэн амжилттай ирэх жилийг угтах ажээ. Харин Мария Шарапова хамгийн сүүлд 2004 онд 31 настай америк тэннисчинг хожиж байсан эртний түүхээ сэргээж чадахгүй хэвээр үлдлээ.
Эх сурвалж: www.sportbox.mn