Монголын залуучуудын холбооноос 2012 оныг “Бодлого, үйл ажиллагааны шинэ төвшинд гаргах жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл, зөв, өрсөлдөх чадвартай монгол залуу хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн зорилт, төсөл хөтөлбөр бүхий ажлуудыг зохион байгуулж байгаа аж. Энэ ажлын хүрээнд Залуучуудын спорт хороог байгуулж, тус хороог Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган удирдахаар тамгаа гардан авлаа.
Тус хорооны харьяа нийт 15 мэргэжлийн хороод байгуулах бөгөөд хороод нь гишүүнчлэлтэй тул залуус сонирхсон мэргэжлийнхээ хороонд нэгдэн ажиллах боломжтой юм байна. Залуучуудын спортын хорооны гишүүдээр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Б.Наранбаатар, П.Сэрдамба, Х.Цагаанбаатар болон Ч.Санжаадамба тэргүүтэй залуус ажиллахаар болжээ.
Залуучуудын спорт хороо нь 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан 53 тоот тогтоолын дагуу нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гар бие оролцож, үлгэр дууриал болон ажиллах ёстой гэж тамирчид үзэж байгаа аж. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын талбайг чөлөөлөх, сургуулийн талбайд газар олгохгүй байх тал дээр анхаарч ажиллана гэдгийг тус хорооны гишүүн Х.Цагаанбатар онцоллоо.
Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилгоор дугуйн болон мотоциклын замтай болгох, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг эрүүл монгол залуусын төлөө ажиллах юм байна.