Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарна

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Бүгд Найрамдах Польш Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  Нарийн бичгийн дарга Станислав Кожейн урилгаар 10 дугаар сарын 29-нд Польш улсад албан ёсны айчлал хийв.

Айлчлалын хүрээнд Нарийн бичгийн дарга нар ганцаарчилсан болон өргөтгөсөн уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр хэдийгээр хоёр орон газар зүйн хувьд хоорондоо алслагдмал газруудад оршдог ч уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ижил төстөй тогтолцоог даван туулж, ардчиллын өөрчлөлт, шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага зэрэг нь Монгол, Польшийн ард түмнийг холбож байдгийг талууд санал нэгтэйгээр онцлон тэмдэглэв. Мөн Монгол, Польшийн цэрэг эрс Косово, Ирак, Афганистаны олон улсын энхийг сахиулах, сэргээн босгох үйл ажиллагаанд мөр зэрэгцэн амжилттай оролцож байсныг дурсаж, энэ нь хоёр орон олон улсын аюулгүй байдлыг хангах асуудалд хариуцлагтайгаар хувь нэмрээ оруулж ирсний нотолгоо болохыг цохон тэмдэглэв.

Түүнчлэн уулзалтын үеэр талууд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, БНПУ-ын Үндэсний аюулгүй байдлын товчоо хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж, зарим тохиролцоонд хүрсний зэрэгцээ хоёр орны үндэсний аюулгүй байдал, стратегийн төлөвлөлтийн салбарын шинэчлэл, терроризмын эсрэг тэмцэл, Төв Ази болон Зүүн Европын бүс нутгийн улс төр, нийгэм-эдийн засгийн өөрчлөлт зэрэг асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцов.  

Ярилцаж, санал солилцсон асуудлуудыг цаашид хэрэгжүүлэх үүднээс Нарийн бичгийн дарга нар “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Польш Улсын Үндэсний аюулгүй байдлын товчоо хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг”-т гарын үсэг зурав. Энэхүү баримт бичгийн дагуу дээрх байгууллага хоорондын ажил хэргийн шууд харилцааг бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал болон харилцан сонирхосон бусад асуудлаар мэдээлэл, санал, туршлага солилцож байх зөвлөлдөх механизмыг бий болгож, тогтмолжуулах зэргээр хоёр тал хамтран ажиллах юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж