Ажлын хэсэг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний  тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор баталлаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан, А.Бакей нарын бүрэлдэхүүнтэй байхаар тогтов.
Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний зөвлөлийн 2013 оны үйл ажиллагааны төсвийн төсөлд тусгагдсан зарим зардлыг нэмэгдүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /орон тооны бус/-ийн дүрмийг УИХ-ын холбогдох байнгын хороо батлахаар хуульчилсан. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилтыг дэвшүүлж, нийгмийн даатгалын хамрах хүрээ, үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, гадаад оронтой нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулагдан нийгмийн даатгалын байгууллагын гадаад харилцаа өргөжиж, албан болон албан бусаар гадаад оронд ажиллаж, амьдарч буй иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэх ажлыг эрчимжүүлэх шаардлага бий болсон. Иймд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн зохион байгуулах, орон тоог нэмэгдүүлэхээр тооцож, албаны орон тоог 10 байх. Гадаад төлбөр тооцоонд хяналт тавих хянан шалгагч 1, мөн албаны санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх үүрэг бүхий нягтлан бодогч 1, жолооч буюу гэрээт ажилтан 1 нийтдээ 3 орон тоо нэмэгдүүлэх Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. 

Мөн  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны 2013 оны төсвийн төсөлд тусгасан зарим зардлыг нэмэгдүүлэхийг дэмжих нь зүйтэй гэж үзэв. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны үйл ажиллагааны нийт зардлын төсвийг 176,6 сая төгрөгөөр тооцож, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгажээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж