Оюутнуудад сургалтын тэтгэлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Оюутнуудад сургалтын тэтгэлэг олгоно

Бага орлоготой өрхийн сурлага авьяасаараа бусдаасаа тэргүүлж буй дотоодын их, дээд сургуулиудын оюутнуудад Швейцарийн хөгжлийн агентлаг, “Зориг” сангаас жил тутам сургалтын тэтгэлэг олгож ирсэн. Энэ хичээлийн жилд найм дахь удаагаа уг тэтгэлгийг олгох гэж байна. Уг хөтөлбөрт энэ удаа нийт 810 оюутан материалаа ирүүлжээ. Тэднээс 70 оюутныг шалгаруулж тэтгэлэг олгохоор болсон байна. Тэдэнд батламж гардуулах ёслол маргааш 13.00 цагт МУИС-ийн төв байрны дугуй танхимд болох юм. Ёслолд Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч болон “Зориг” сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун оролцох ажээ.

Энэ хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр багагүй нэмэгдсэн. Мөн өмнөх жилүүдэд төрөөс оюутнуудад олгож байсан зарим төрлийн тэтгэмж зогссон. Иймээс урьд жилүүдээс харьцангуй олон оюутан өргөдөл гаргаж өрсөлдөөн ихтэй байжээ. Жилээс жилд “Зориг” сангаас зарладаг оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хандах оюутны тоо нэмэгдсээр байгаа нь тус сангийн үйл ажиллагаа төдий чинээгээр нийгэмд танигдаж байгаагийн илрэл гэж тус сангийнхан үзэж байгаа юм байна.

Шалгарсан оюутнуудыг мэргэжлийнх нь чиглэлээр авч үзвэл санхүү, эдийн засгийн чигэлэлээр сурч байгаа 15, нийгэм, хууль эрх зүйн салбараас 14, геологи уул уурхайн салбараас дөрөв, анагаах ухааны чиглэлийн 15, хэл, уран зохиолын чигэлэлээр суралцаж буй найм, инженерийн чиглэлээр зургаа, бусад чиглэлээр суралцаж байгаа 15 оюутан шалгарчээ. Тэтгэлэгт хамрагдах 70 оюутны 34 нь орон нутгаас ирж сурч байгаа, 36 нь нийслэлийн харьяат юм байна.

Уг тэтгэлэгт өмнө нь нийтдээ 831 оюутан хамрагдсан бөгөөд тэдгээр залуус нийгэмд тустай бичил төслүүд санаачлан боловсруулж төслийнхөө хэрэгжилтэд гар бие оролцдог уламжлалтай ажээ. Энэ жилийн тэтгэлэгт хамрагдаж буй 70 оюутан 10 баг болон хуваагдаж санаачлагаараа сайн үйлсийн төсөл хэрэгжүүлэх ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж