МАН-ын бүлгийн асуудал хойшлов

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийн асуудал хойшлов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрөгч баасан гаригт УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэнэ гэж байсан ч долоо хоногоор хойшлуулав. МАН-ын зүгээс энэ шийдвэрийг улстөржсөн хэмээн үзэж байгаа бол АН-ын зүгээс хуулийн төсөлтэй танилцаж амжаагүй гэх байр суурь илэрхийлж байгаа юм. Энэ талаарх байр суурийг хүргэж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Хэлэлцэх асуудалд ороогүй байсан


-МАН-ын гишүүд УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулсныг улстөрийн зорилготой гэж тайлбарлаж байна?

-УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн ажлын цаг дуусахаас өмнө буюу 17.00 цагийн үед Ерөнхийлөгчөөс өргөн барьсан. Долоо хоног бүр УИХ-ын даргын зөвлөлөөс байнгын хороод, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэн баталдаг. Хурал төлөвлөгөө, хуваарийн дагуу явагддаг. Тэр жагсаалтад энэ хуулийн төсөл ороогүй байсан. Тиймээс өнөөдрийн байнгын хорооны хуралдаанд МАН-аас сонгогдсон гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг хүссэн.  Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн саналаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзэн, түр  хугацаагаар хойшлуулах шаардлагатай гэж үзсэн юм. УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Намуудын бүлэг ойлголцож, зөвшилцөх юм бол ирэх долоо хоногоос  хэлэлцээд явах боломжтой.

УИХ-ын дахь МАН-ын гишүүдийн ахлагч: Улстөрийн зорилгоор хойшлууллаа


-УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулчихлаа. Ямар шалтгаанаар хойшлуулсан бэ?

-Энэ хуулийн төслийг долоо хоногоор хойшлуулаад байх шалтгаан байхгүй. Цэвэр улстөрийн өнцгөөс харахгүй бол өөрөөр хойшлуулах шалтгаан байхгүй харагдаж байна.  МАН-ын гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа нөхцөл байдлаа танилцуулаад, байдал ийм байна гэдгийг танилцуулсан. Ерөнхийлөгч хэлэхдээ “Хэрэв гишүүдийн зүгээс өргөн барихад хүндрэлтэй байгаа бол би өргөн барья” гэсэн.  Өргөн барихдаа  өмнө нь ажлын хэсэг дээр тохирсон, зарчмын хувьд ойлголцсон асуудлуудыг  аваад хуулийн төсөл болгон өргөн мэдүүлсэн. Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанд хэлэлцэх асуудалд оруулах санал гаргасан ч олонхиороо хойшлууллаа. Хойшлуулж байгаа шалгаан нь УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэх асуудалд ороогүй, АН-ын бүлэг энэ төсөлтэй танилцаагүй гэсэн хоёр тайлбар хэлж байна.  Энэ бол шалтгаан болохоор шийдвэр биш гэж бодож байна. УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэх асуудлууд зарим нь хэлэлцэгдэхгүй хойшилдог тохиолдол байдаг. Танилцах хугацааны хувьд өмнө нь намуудын төлөөлөл, бие даагчдын төлөөлөл хамтарсан ажлын хэсэг дээр олон дахин ярьсан асуудлууд байгаа. Шинэ зүйл байхгүй. Хэлэлцэх байх гэж харж л байя. Өнгөн талаас нь харахад улстөрийн зорилгоор хойшлуулж, ямар нэг зүйл амжуулах санаатай байна гэж харж байгаа.
 
-Энэ долоо хоногт МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох уу?

-Бид чуулганы хуралдаанд оролцохгүй байсан тохиолдол байхгүй. Өнгөрсөн  хугацаанд жагсч, чуулганы хаалга хааж суусан нь зөвхөн Өвөрхангайн тойргийн гишүүдийн тангараг өргөх асуудлыг түр хугацаагаар хойшлуулаач гэсэн хүсэлт гаргаж, чуулганы хуралдаанд оролцоогүй. Үүнийгээ ч хойшлуулж чадсан. Бусад асуудалд бид оролцоод, чуулганы хуралдаанд оролцоод явж байгаа. АН-ын зүгээс УИХ-ын үйл ажиллагааг зөвшилцлийн замаар буюу олонхи, цөөнхийн зарчмаар явах голдирол руу нь оруулъя гэсэн байр суурьтаа үнэнч байгаасай гэж бодож байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж