“Баячуудын мөнгөнөөс татвар авна л биз. Бидэнд ямар хамаа байхав” гэх нэг хэсэг байхад банкны салбарыг тэтгэж байгаа цөөхөн хэдэн хүний хөлд дундаж давхаргынхан үрэгдчих вий гэсэн болгоомжлол ч бас байна.
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр банкны систем дэх нийт хадгаламжийн 97 хувийг цөөхөн хэдэн хүн буюу 100 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигчид эзэмшдэг гэжээ. Энэ хүмүүсийг өөртөө татахын тулд манай арилжааны банкууд яаж өрсөлддөгийг хүн бүр мэднэ. Хадгаламжийн хүүгээ тэд болгон нэмлээ, тийм уралдаан зарлалаа, тэдэн төгрөгийн сугалаа энэ тэр. Нэгэнт эх үүсвэр нь дутагдалтай байгаа нөхцөлд ингэж өрсөлдөхөөс өөр аргагүй.
Өнөөдөр төгрөгийн хадгаламжийн жилийн хүү хамгийн дээд тал нь 16 хувь байна. Хэрэв 100 сая төгрөгтэй хүн банкинд нэг жил мөнгөө хадгалуулбал 16 сая төгрөгийг нэмж авна гэсэн үг. Мэдээж энэ хугацаанд мөнгөө банкинд байлгах уу, үгүй юу гэдэгтээ эргэлзэнэ. Учир нь юу ч хийж амжаагүй байтал мөнгөний ханш уначих вий гэсэн эрсдэл хадгаламжид үргэлж байдаг. Тэгэхээр удаан бодож гаргасан шийдвэрийнх нь үр дүнгээс төр нэмээд татвар тооцно гэвэл хадгаламж эзэмшигчийн сонирхол хаашаа эргэх нь тодорхой.
Хэн ч мөнгөнөөсөө суутгал төлөхийг хүсэхгүй шүү дээ. Хоёр, гурав хуваагаад өөр, өөр банкинд хийчихнэ. Эсвэл гадаадад хадгалуулахыг илүүд үзэх биз. Хэрэв энэ хууль батлагдвал бүгд биш ч нөгөө цөөнхийн тодорхой хэсэг нь хадгаламжаа хөдөлгөж л таарна. Гэтэл хадгаламжийн цаана зээл оршин тогтнодог. Зээлийг олгохын тулд банкны эх үүсвэр хангалттай байх ёстой. Харин манай банкуудын мөнгөний системийн тал хувийг хадгаламж эзэлдэг гэсэн тооцоо бий.
Өнөөдөр Монголын арилжааны банкаас зээл авахын тулд ямар хүнд шалгуурыг давдаг вэ гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тэгтэл нөгөө цөөхөн хэдэн баян хүн нь хадгаламжаа татаад эхэлвэл яалт ч үгүй дундаж болон доод давхаргынхан бидэнд нөлөөлөх нь дамжиггүй юм байна. Тэгэхээр эрүүл, найдвартай, эрсдэлгүй банкны системтэй болсныхоо дараа хадгаламжаас хүү авах хуулийг ярьсан нь дээр юм биш үү. Харин тэр хадгаламжийг даатгана гэдэг нь яалт ч үгүй өнөөдрийн нийгэмд хэрэгтэй шийдэл биз.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин