Дэд сайдын Интерполд илгээсэн захидал

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Дэд сайдын Интерполд илгээсэн захидал

АТГ-ынхан мэдүүлэг авна гэдгээ хэлэлгүйгээр “ажил хэргээр уулзана” гэж  өрөөнд нь орж ирээд хууль бусаар мэдүүлэг авах гэлээ хэмээн дуулиан дэгдээсэн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян 14.00 цагт мэдээлэл хийхээр болоод байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Н.Энхбаярын хэрэгт хэд хэдэн хүнийг шалгаж байгаа. Зарим хүмүүс нь гадаадад байгаа тул мөрдөн байцаах ажиллагаанд саад учраад байгаа юм. Тиймээс Н.Энхбаяр нарын хэрэгт сэжигтэн холбогдогчоор шалгагдаж, эрэн сурвалжлагдаж байгаа түүний дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зогсоох хүсэлтийг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны нэр дээр Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт хүргүүлсэн байна. Энэхүү хүсэлтийг Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэн нэгэн илгээсэн үү, эсвэл үнэхээр дэд сайд илгээсэн үү гэдгийг мөрдөн шалгахаар эрүүгийн хэрэг үүсгээд байна” гэсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Интерполын Монголын талаар эрэн сурвалжлагдаж байгаа Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоохыг хүссэн утгатай и-мейл ирсэн талаар Интерполын нарийн бичгийн газраас мэдээлж, энэ талаар тодруулахыг хүссэн юм байна. Тиймээс энэ захидлыг Хууль зүйн дэд сайд илгээсэн эсэхийг тодруулахаар АТГ-ын мөрдөн байцаагчид Э.Эрдэнэжамьянгаас тодруулж, гэрчийн мэдүүлэг авахаар очсоныг дэд сайд урьдчилан мэдэгдээгүй, хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Өчигдрийн байдлаар уг захидлыг Э.Эрдэнэжамьян явуулсан эсэхийг тогтоогүй гэсэн бол өнөөдөр Авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээллээр үүнд эрүүгийнх хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн юм. Мөн захидлыг Э.Эрдэнэжамьян явуулсан болохыг тогтоосон гэсэн мэдээлэл ч байгаа юм.

Хэрвээ уг захидлыг Хууль зүйн дэд сайд бичсэн бол ноцтой асуудал дэгдэх болоод байгаа. Мэдээж хэрэг интерполоор эрэн сурвалжлах, эсвэл түүнийг зогсоох асуудлыг эрх бүхий байгууллагууд тодорхой хууль журмын дагуу шийдэх ёстой. Тэр тусмаа хэн нэгнийг эрэн сурвалжлахаа зогсоох хуулийн үндэслэл, шалтгаан тайлбар байх ёстой нь зүй. Гэтэл Хууль зүйн дэд сайд намынхаа даргын хэрэгт холбоотой ийм асуудалд дур мэдэн хандсан бол ямар байдал үүсэх нь ч тодорхой. Тэр тусмаа МАХН-ын дарга Н.Энхбаярын гэх хэрэг дээд шатны шүүхээр эцэслэгдэн шийдэгдээгүй. Нэр дурдсан Н.Энхтуяа, Б.Хуяг нар нь гадаадад оргон зайлснаас хэргийг шалгахад хүндрэл учруулж, тэдний хэргийг тусад нь шалгахаар тусгаарлаад байгаа энэ үед. Ямар ч байсан цагдаа, холбогдох байгууллага нь интерполоор сэжигтнийг эрэн сурвалжлуулж байсныг сайд нь дур мэдэн зогсоох гэсэн эсэх талаар том асуудал дэгдээд байна.

Хууль бус гэж тодотгосон Э.Эрдэнэжамьяны тодотгосон энэхүү хэрэгт намын даргаа хаа ч улаан цээжээрээ хамгаалж байдаг, өмнө нь түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүн мөн оролцоотохсон. Тэднийг ТВ-9 телевизийн талаар Японоос ирүүлсэн бичгийг уулзаж ярилцах гэж цаг тохирсон үед нь АТГ-ын мөрдөгч ирсэн гэх мэтчилэн янз бүрийн өнгө будаг нэмэгдээд л байгаа. Харин Хууль зүй дэд сайдаас “Та асуудалд МАХН-ын гишүүний хувьд хандаад байна уу, эсвэл дэд сайдын хувьд уу” гэсэн утгатай зүйл асуухад “Би МАХН-ын ч гишүүн, дэд ч сайд”  гэсэн утгатай зүйл хариулсан байх юм.

Ийн Хууль зүйн сайд нь намынхаа даргын хэрэгт холбоотой асуудлаар Интерполоор эрлийг хаахаар оролдсон эсэх, хэрвээ үнэхээр чингэсэн бол яах вэ гэсэн асуудал үргэлжлэх нь. Ямартаа ч 14.00 цагт эрхэм дэд сайд Э.Эрдэнэжамьян ямар тайлбар хэлэхийг бас харах хэрэгтэй болох нь.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж