Уур хилэн гэдэг бол богино хугацаанд огцом түргэн маш хүчтэй илэрдэг сэтгэлийн таагүй сөрөг үзэгдэл. Уурласан хүний нүдний харц ширүүсэх, царай улайх, гар хөл салганах, дуу хоолой чангарах, хэл яриа хурцдах, зүрх өвдөх, даралт ихсэх зэрэг хөдөлгөөний болон мэдрэлийн олон өөрчлөлт гардаг нь солиотой хүний гадаад төрхийг санагдуулна. Уурлах үед тархины бор гадрын удирдан зохицуулах, тогтоон барих хараа хяналтаас түүний доорх тогтолцоо хоромхон зуур мултран гарснаас хэн ч үл итгэм муухай авир гаргаж болчимгүй юм хийдэг. Уур хүний амин чухал эрхтэн болох зүрхийг хайр найргүй хөнөөдөг. Тиймээс ууртай хүний зүрх амархан мууддаг. Учир нь тайван дөлгөөн хүнийг бодвол ялихгүй юманд илүү их хүч зарж мэдрэлээ зовоосноор цусанд өөх тосыг ихээр хуралдуулдаг адреналин, норадреналин гэдэг дааврын хэмжээ эрс ихэсдэг байна. Ингэснээр зүрхний тэтмийн судасны хананд гүвэн үүсч, нүх нь аажмаар бөглөрдөг. Үүний улмаас цусан хангамж муудаж, зүрхний шигдээс өвчний шалтгаан болдог аж. Гэвч энэхүү бөмбөг заавал дэлбэрэх ёстой биш ээ. Та уур омгоо барьж сэтгэлээ уужим байлгаж чадвал аюулт бөмбөг цэнэгээ алдах болно. Зарим хүн өөрийгөө угаас ууртай, түргэн зантай, тэр ч бүү хэл зүрхний өвчтэй гэж зөвтгөдөг. Анагаах ухаанд уур гэдэг өвчин байхгүй. Харин ууртай хүн омогтой, өвчлөмтгий байдаг аж. Хүн сэтгэлийн хөдөлгөөнөөр маш баян бөгөөд түүнгүйгээр амьдарч чадахгүй. Таны амьдралд уур уцаар, баяр хөөрийн аль нь илүү байдгийг анзаарсан уу? хэрэв та үргэлж өрвөлзөж явдаг бол таны эрүүл мэнд аюулд ороод байна.
Уур зан авиртай холбоотойДээд мэдрэлийн үйл ажиллагаа нь хүчтэй сэрэл давамгайлсан тэнцвэргүй холерик авиртай хүн уурламтгай байдаг. Гэвч шаралхуу авиртай хүн болгон заавал ууртай байх албагүй.
Харин дээд мэдэрлийн үйл ажиллагаа нь сул саатал давамгайлсан тэнцвэргүй меланхолик авиртай хүн уурлахаасаа айж эмээх нь илүү байдаг аж. Флегматик авиртай хүнээс ямар нэг огцом хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн гарах нь өдрийн од шиг ховор байхад сангвиник авиртай хүн сэтгэлээр унахыг ер мэдэхгүй ямагт инээж хөөрч явдаг байна. Түүнчлэн хүний зан авираас шалтгаалан уур янз бүрээр илэрдэг. Холерик авиртай хүн омогдон загнаж, хүнийг хэл амаар дайрдаг бол меданхолик авиртай хүн уурлахаараа ихэвчлэн хэлгүй юм шиг дуугаа хурааж, дүлий дүмбэ оргин суудаг. Ийнхүү дотроо уйлан бачимдаж биеэ зовоодог. Уурын хөнгөн илрэл нь ундууцах, уцаарлах явдал юм. Бие нь өвдсөн хүн тунирхуу уцаартай болдог. Энэ бол бие бялдрын өвчин эмгэгийн улмаас үүсч байгаа түр зуурын сэтгэцийн өөрчлөлт юм.
Уураа барих аргууд:
Уур хүрсэн үед анхаарлаа өөр зүйлд шилжүүлэхийн тулд нүдээ анин, уртаар амьсгаа авч 2-3 хором түгжинэ. Энэ үед сэтгэлдээ сонсох дуртай хөгжим, сайхан дурсамжаа сана. Ингэхдээ булчингаа аль болох суллах хэрэгтэй. өөртөө ингэж түргэн тусламж үзүүлэх нь стрессээс ангид байх энгийн арга юм. Үүнийг хэд дахин давтан хийж болно. Улмаар уур хүргэж буй орчноос түргэн холдон гарах хэрэгтэй.
Бэлтгэсэн Н. Энх