Боливийн сэтгүүлчийг шатаахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Боливийн сэтгүүлчийг шатаахыг завджээ

Боливийн олон нийтийн радиогийн нэвтрүүлэгч Фернандо Видал өчигдөр халдлагад өртжээ. Түүнийг Боливийн өмнөд хэсэгт орших Якуиба хотод радиогийн шоу нэвтрүүлэг хөтөлж байх үеэр нүүрээ далдалж, баг зүүсэн гэмт этгээдүүд түүн рүү халдсан байна. Радиогийн ажилтнуудын мэдээлснээр тэдгээр этгээд студид хүчээр дайрч орон, сэтгүүлч рүү шатамхай шингэн бодис цацаж, шатаажээ. Хамгаалалтын ажилтнууд гэмт этгээдүүдийн балмад үйлдлийг зогсоож чадсан тул радиогийн ажилтнууд амьд үлдсэн гэнэ. Гэхдээ Фернандо Видал толгой, нүүр, цээжин тус газраа түлэгдсэн бөгөөд халдлагад өртсөн радиогийн ажилтан Карен Анза мөн хүнд бэртжээ.

Хэргийн газар байсан зарим гэрчүүдийн мэдээлснээр хохирогчдын бие рүү цацсан шингэн бодис нь шатахуун биш, өөр төрлийн шатамхай бодис бололтой. Сэтгүүлч Видалын эцэг хүүгээ ийнхүү халдлагад өртсөн нь улс төрийн зорилготой гэж үзэж буйгаа илэрхийлээд, цагдаагийн байгууллага энэ хэргийг яаралтай илрүүлж өгөхийг хүссэн байна. Одоогоор цагдаагийн ажилтнууд дээрх хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Цагдаа нар халдлага үйлдсэн дөрвөн этгээдийн гурвыг нь баривчлаад байгаа аж. Халдлага  гарсан Якуиба хот Аргентиний хилээс дөнгөж гурван километрийн зайтай оршдог гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж