Оросууд олсоо бэлдсэн нь

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Оросууд олсоо бэлдсэн нь


Зургийг Б.Цолмонбаяр

“Дүүжлүүрийн олсоо зэхлээ” гэж зарим нь ёгтолж байна. ОХУ-ын ДУМ ирэх оны төсвийн эхний хэлэлцүүлгээ хийсэн ба хоёрдугаар хэлэлцүүлэг арваннэгдүгээр сарын 16-нд дууссан байх учиртай. Манай “баатрууд” Монгол улсын 2013 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт дэвшин орж буйтай зэрэгцээд оросууд “олс дээс” болсон төсвийн төсөөлөл дээр мөн л маргаж суугаа юм.

Монгол ба Орос хоёр улс энэ жилээс төсвөө шинэ томъёогоор боловсруулжээ. Монголчууд анх удаа улсын төсвийг хөтөлбөрүүдээр батлах гэж байна. Харин оросууд нефтийн үнийг өмнөх таван жилийнх нь дунджаар бодож, төсвийн алдагдлын 1 хувийг нэмээд нэгэн тоо гаргаж ирэх ба тэрхүү шидэт тооноос шалтгаалж иргэн Иваны халамж тэтгэмж, цалин зэрэг бодогдоно. “Төсвийн томъёо” гэж В. Путин тэрхүү аргачлалыг өхөөрдөн нэрлэжээ. Томъёо ёсоор  нефтийн үнэ ирэх жил баррель нь 97 ам. доллар байх нигууртай. Хэрэв үнэ ханш үүнээс дээш гарвал Нөөцийн санд илүүдлийг хураана. Зах зээлийн шинжээчид 97 ам. доллараас нефтийн үнэ мэдээж дээшээ гарна гэсэн таамаг хэлж байгаа. 100-110 ам. долларын хооронд ирэх оны үнэ хэлбэлзэнэ гэсэн боловч оросууд газрын тосны үнийн хэлбэлзлээс үл хамаарах шидэт томъёотой болсон билээ.

Тус улс Нөөцийн сангаа дүүргэж эхлэв. Дотоодын нийт бүтээгдэхүүний ядаад 7 хувьтай тэнцэх хэмжээний “юм” тэнд хурааж чадвал сая амьсгаа авах гэнэ. Норвегийн Нөөцийн санд ДНБ-ийнх нь 130 хувьтай тэнцэх хөрөнгө хадгалагддаг хэмээн оросууд харьцуулалт хийн чамлаж байгаа боловч одоогоор боломж нь ийм аж. Оросын улс төрийн сөрөг хүчнүүд Путины хуримтлалыг шүүмжилж байна. 2013 онд Орос орон хөрөнгө оруулалт хийхгүй нь, хайрцгаа бэлдэж, хоногоо хүлээж суухын оронд улс оронд хэрэгтэй хөрөнгө оруулалтуудыг хийж бүрэн дүүрэн амьдаръя, сүүлчийн замд үдэх үр хүүхдэдээ эхлээд мөнгө зарцуулдаг байгаа даа гэхчлэн хэвлэлээр ёгтлох болжээ.

Оросууд ийнхүү Нөөцийн сан юугаа дүүргэж хямралд бэлтгэж байгаа бол манай Алтанхуяг дарга “алив татвар юу байна” гэсэн хочтой болоод амжжээ. Татвар ногдуулж болох бүхэнд түүнийг оноож  эхэлсэн ба улсын төсвийн 90 хувийг татвараар бүрдүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ лав эрүүл хандлага биш. Төсвийн зардалд суусан хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр нь аж ахуйн нэгжүүдээс хураах татвар байх бөгөөд ийм нөхцөлд Монголын компаниуд үйлдвэрлэл амжилттай явуулж, дотооддоо эрэлт энэ тэр бий болгох ямар ч боломжгүй юм.

Оросууд Нөөцийн сангаа “7 литр” болгож дүүргээд, илүү гарсан мөнгөнийхөө 50 хувийг Хүний хөгжлийн санд, үлдэх 50 хувийг дэд бүтцийн бүтээн байгуулалтад өгнө гэсэн. Харин манай Тогтворжуулалтын санд зэс ба нүүрснээс нийлээд ирэх жил 170 тэрбум орчим төгрөг цуглана. Зэс ба нүүрсний үнэ улаан шугамнаас унавал (тэнцвэржүүлсэн үнэ) Тогтворжуулалтын санд маань маш бага хуримтлал үлдэх эрсдэлтэй. Харин Хүний хөгжлийн санд уул уурхайн хэдэн компаниас гол гурван татвараар хөрөнгө хуримтлуулна гэж байгаа. Нөгөө Сан нь бараг нэг их наяд төгрөгний өртэй, дээр нь Хүний хөгжлийн сангийн хуулийг өөрчлөх ёстой.

Монгол улсын ирэх жилийн төсвийн зарлага ийнхүү уул уурхайн хэдэн компанийг тал талаас нь зулгаах зарчим дээр тогтож байна. Үүний зэрэгцээ төр өөрөө мега гега төслүүд хэрэгжүүлнэ хэмээн том том тоо хэлэх болжээ. Монгол орныг хөндлөн гулд татах 1800 километр төмөр замыг төр өөрөө тавина, хувийн компаниуд хойшоо суугаад хүлээж бай гэв. Үүний тулд Концессийн хуульд өөрчлөлт оруулаад байна. Бараг дөрвөн жил судалж гаргасан Концессийн хуулийн амин сүнс нь хувийн хөрөнгө оруулалтаар том бүтээн байгуулалт хийж, Build-Operate-Trade зарчмаар тохиролцсон гэрээнийхээ дагуу тодорхой хугацааны дараа төрд тэрхүү байгууламжийг хүлээлгэн өгөх явдал юм.

Харин өдгөөгийн өөрчлөлтөөр Засгийн газар Концессийн жагсаалтыг өөрөө гаргаж, Хөгжлийн банкиндаа өөрөө баталгаа гаргаад, бонд гаргаж мөнгө босгоод, өөрөө тендер зарлаж, өөрөө хүрз бариад гарч мэдэхээр зарчим суужээ. Төмөр зам, барилга, авто замын хөрөнгө оруулалтад зориулан 5 тэрбум төгрөгний бондыг богино хугацаанд (5-10 жил) төлөх нөхцөлтэй гаргана гэв. Дөрвөн хувийн хүүтэй хэмээн одоохондоо Засаг мөрөөдөж буй боловч эдийн засаг суларсан ийм мөчлөгт мөрөөдсөний зоргоор борлуулчих бонд биш билээ. Монголын Засгийн газрын баталгаагаар гаргах 5 тэрбум төгрөгийн бондыг ямар төслүүдэд зарцуулах, ТЭЗҮ-д нь хэн аудит хийж байгаа, зөвлөх үйлчилгээний хөлс гэж хэнд хэдийг төлөхийг төсвийн задаргаа гэх ба эхний ээлжинд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг ямар шалгуураар сонгосон зэргийг ил тод мэдээлэхгүй юм бол хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг гэж хийгээд ч яалаа. Засгийн газрын өр нэмэгдэхийн хэрээр Монгол улсын зээлжих зэрэглэл буурч эдийн засгийн орчин аяндаа муудах эрсдэлтэй. Ийм эрсдэлд орохгүйн тулд төслийн өгөөжийг монголчууд мэдэж байх учиртай.

Төсвийг төр дур зоргоор зарцуулах төлөвлөгөө нь Орос ба Монголын хооронд яг ижилхэн харагдаж байна. Нөгөө айхтар Нөөцийн сангийн зарцуулалт дээр ОХУ-ын сөрөг хүчнүүд шүүмжлэлтэй хандаж буй юм. Төрийн мэдлийн хувьцаат компаниудад  “хямралын эсрэг пакет” баталж өгөхөд Нөөцийн сангийн гол хөрөнгийг зарцуулдаг. Тэгсэн хэрнээ төрийн мэдлийн мөнөөх компаниудаа хувьчилна гэж төсөвт суулгасан. Тэр бүү хэл хувьчлалд бэлтгэхэд нь зориулж зөвлөх компаниудын ажлын хөлсөнд 5 тэрбум рубль төсөвлөжээ.

ОХУ-ын Засгийн газар Нөөцийн сангийнхаа  хөрөнгийг арвижуулах менежмент хийдэггүй учир “0 хувийн хүүтэй хадгаламж” гэж ард түмэн түүнийг нэрлэдэг. Тэгсэн атлаа хөрөнгө оруулалтад зориулж гаднаас 7 хувийн хүүтэй зээл авч байгааг зүгээр л тэнэглэл, дүүжлүүрийн олсоо зэхээд суугаатай ижил хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжлэх болжээ.

Сангуудын менежментийг Засгийн газар хийж буй тохиолдолд тэнд хуримтлал үүсэх бус, харин алдагдалтай болдгийг Монгол улсын Хүний хөгжлийн сангийн их хэмжээний өр мөн л харуулдаг. Ирэх жилийн төсөв ийнхүү шүүлтүүр муутайхан хэлэлцэгдэж байна. Нийгмийн чиглэлийн төсөв биш. Сонгуулийн дараах жилийн төсөв ард иргэдэд хамгийн хатуу төлөвлөгддөг. Хямралын эсрэг төсөв юм болов уу гэхээр үйлдвэрлэл эрхэлж буй компаниудаа татвараар дарамталсан төсөв байх юм. Үндэсний аж ахуйн нэгжүүдийг жижигрүүлэх, томорсныг нь дарах хандлагатай юм. Хөрөнгө оруулалтын төсөв үү гэтэл задаргаа, жагсаалт, тооцоо судалгаа танилцуулах тун дүргүй юм. Таван тэрбумын бондод зориулан хуульд өөрчлөлт оруулж буйг нь ажихул Засаг хяналтгүй болж мэдэхээр. Ханцуй шамлаад өөрөө дайраад байхыг нь харахул “Засгийн газар” гэдэг ХХК байгуулагдсан мэт сэтгэгдэл төрөх боллоо.

Л. Болормаа

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж