Сирийн хүний эрхийг хамгаалагчдын мэдээллээр амь үрэгдсэн хүмүүсийн 35 нь цэрэг, 34 нь босогч, 30 нь энгийн иргэн гэнэ.
Энгийн иргэдийн дийлэнх нь Идлиб мужийн нэгэн тосгоныг засгийн цэргүүд бөмбөгдөх үеэр амь үрэгдсэн байна.
Саяхан Сирийн эрх баригчид болон босогчид лалын шашны курбан баярын гурван хоног болох аравдугаар сарын 26-29-нд галаа зогсоохоор тохиролцоонд хүрсэн билээ. Гэвч хоёр тал тохиролцоогоо зөрчсөн аж. Эхний хоёр өдөр 175 хүн амь үрэгджээ.
НҮБ-ын Сирийн асуудлыг хариуцсан онцгой төлөөлөгч Лахдар Брахими өчигдөр Москвад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзжээ. Уулзалтаар Сирийн асуудлыг авч хэлэлцсэн байна. 2011 оны гуравдугаар сараас эхэлсэн Ерөнхийлөгч Башар асадын дэглэмийг эсэргүүцэгчид болон эрх баригчдын хоорондох мөргөлдөөн иргэний дайн болтлоо өргөжиж 30 мянгаас илүү хүн амь үрэгдээд байна.