Гурав хоногт 40 кг нүүрс хангалттай юу?

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Гурав хоногт 40 кг нүүрс хангалттай юу?

Үнэ хямд хэрнээ, илч сайтай, хог, чулуугүй цэвэр нүүрс түлэхийг гэр хорооллынхон хүсч байгаа нь лавтай. Бас нүүрсний сав, шуудайн хэмжээ нь томроосой хэмээн хэн хүнгүй хүсч байгаа биз.

Иргэдийн энэхүү эрэлтийг гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг шууд мэдэрч хүйтний эрч чангарсан өдрүүдэд Багануурын нэг шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр борлуулах дулаан мэдээ дуулгаадхав.

Орон нутгийн сонгуулийн өмнөх “огцом эргэлт” гэж үүнийг нэрлэж болох юм. Өмнөх амлалтаа үгүйсгэсэн шийдвэр ч гэж харж байгаа тал бий. УИХ-ын сонгуулийн үеэр АН-ынхны өгсөн амлалтыг нэхэн санавал “5А”-гийн зарчмыг санал болгон Утаагүй Улаанбаатар гэж ирээд толгой холбож байснаа мартчихжээ. Оронд нь удаах ажил болгон тун удахгүй том шуудайтай, хямд нүүрс нийлүүлэх амлалт дайсан захидлыг Шинэчлэлийн Засгийн газраас Улаанбаатарын иргэдэд хаяглажээ.

Захидалд “Шинэчлэлийн Засгийн газраас иргэн таны хэрэглээний нүүрсний үнийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байна. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний үнэ 200 мянган төгрөгт хүрсэн. Тэгвэл нэг тонн Багануурын нүүрсийг 80 мянган төгрөгийн өртгөөр хорооныхоо нутаг дэвсгэрээс худалдан авах боломжийг таньд олгоно. Ирэх сарын 7-ноос 2013 оны тавдугаар сарын 7 хүртэл зургаан сарын хооронд нийслэлийн 126 мянган өрх бүрт 2,6 тонн нүүрсийг дээрх үнээр худалдах боломж бүрдэх юм. Хамгийн гол нь ийм хэмжээний нүүрсийг иргэдэд нэгэн зэрэг олгох бололцоогүй. Тиймээс иргэн та гурван хоног тутамд 40 кг-аар савласан нэг шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр худалдан авах боломжийг олгож байна. Энэ арга хэмжээний дүнд иргэн та 2,6 тонн нүүрс худалдан авбал түлшний зардлаасаа 320 мянган төгрөг хэмнэнэ” гэж ирээд л эдийн засгийн үр ашгийн тооцоог нь хүртэл нарийвчилжээ.

Захидлын төгсгөлд “Та дээрхи үнээр нүүрс худалдан авах бол оршин суугаа хорооныхоо хэсгийн ахлагчид бүртгүүлэн, банкинд тушаасан 3200 төгрөгийн баримттайгаа ирж, нүүрсээ авах боломжтой” хэмээн энэ нүсэр ажлыг хамтран хэрэгжүүлэхийг уриалжээ.

Хэдийгээр энэ нь цагаа олсон буянтай сайхан ажил ч гэсэн өвлийн ид хүйтэн тачигнасан үед нэг айл 40 кг нүүрсээр гурав хонож чадахгүй хэмээн гэр хорооллын оршин суугчид дуу нэгтэй хэлж байна. “Багануурын нүүрс Налайхын нүүрсний дэргэд “амьд”. Илчтэй, бас бараг хоггүй, удаан асдаг гэх мэтээр сайн тал олон. Багануурын уурхайн олборлолт нэлээд хурдацтай явсан тул гүнрүүгээ орж том, том хар гялтганасан цэвэр нүүрс гардаг” гэх мэтээр гэр хорооллынхон бодит байдлыг л ярьж хэлж сууна.

Гал түлдэггүй улс яаж бидний зовлонг мэдэхэв гэж хэлэх ч хүнтэй таарлаа. За яахав нэг шуудай хямдхан нүүрс авах гэж хороо руугаа гурав хоногт нэг удаа явна гэж бодъё. Бас иргэд долоо хоногтоо хоёр удаа банк орж 3200 төгрөг тушаах хэрэг гарч байна. Яг л картын бараанд дугаарлаж байгаа юм шиг л санагдчихлаа. Харин яаж ч гүрийгээд нэг шуудай нүүрсээр гэр хорооллын айл гурав хоног дулаан байна гэвэл үлгэр болно. Өдөртөө гэр нь эзгүй, хоногтоо л гэрийн бараа хардаг цөөн ам бүлтэй айлуудын хувьд 40 кг нүүрсээр гурав хоног дулаан байж болох байх. Харин олон ам бүлтэй айлуудын хувьд өөр арга замаар нүүрсээ нөөцлөхгүй бол дараагийн шуудай нүүрсэнд хүртэл галаа зогсоолтой биш. Харин өнөө утаа гэх гайхлын талаар тэр үед ярих ч хэрэг алга” хэмээн тэд саналаа хэлцгээлээ.

Энэхүү ажилд Багануурын нүүрсний уурхай, Улаанбаатар Төмөр Зам, Нийслэл, дүүрэг, хороод болон “Эм Жи Эл Эс Би” компанийн 1600 орчим гэрээт ажиллагсад оролцох мэдээтэй байна.

Д.МЯГМАР
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ сони
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж