
Шүдлэн насанд эвэр нь овоо хэвээ олж дугуйран, хэдэн сайхан эржгэртэй болоод үзүүр нь шовхорч ирэв. Аргил тэхийн долоон төө эвэр, эцэг тэхийн таван төө эвэр гадаад анчны ганзага мялааж Берлин, Парис одсон болохоор эдүгээ бор халиун сүрэгтээ эхний дөрөвт орох болжээ. Энэ нь хэдийвээр шүдлэн ямаанд багадахааргүй байр суурь боловч сүрэг тэргүүлэх хүсэлд эрт донтсон залуу янгирт шившигтэй санагдана.
Нэгэн өдөр янгирын сүрэг байрлал солих болж хавцлын ирмэг нарийн жимээр бэдрэв. Янгирын хуулиар бол ганц ганцаар цувран явах ёстой боловч эх янгир бор шүдлэнг туурай гүйцэд хатаагүй юм хэмээн хавцал талаас нь түшиж явлаа. Удаан ургаж байгаа эвэр, ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдаж явсан залуу янгирын цус дээшээ огшин, эврийн үзүүрт халуу оргин чинэрээд ирэв. Хадан хана руу хадарч орхивол яс тугалмай янгинан тархи дүйрээд, уурандаа эргэж эхийн бөөр лүү сэжив. Санаандгүй явсан эх янгир ганц тэрсхийгээд хавцлын харанхуй руу пижигнэн одоход залуу янгир айсан ч үгүй, ичсэн ч үгүй, гэмшсэн ч үгүй, гагцхүү яах гэж тэр хөгшин зөнөг цувж явалгүй зэрэгцэн чихэлдээд байсныг л баахан гайхаж, зай чөлөөтэй болсондоо баярлаж бөлгөө.
Эхээ ольсон эврийн үзүүрт арьс үс шалбарч, дусал цус наалдаад байвч залуу янгирт анхаарч мэдэх зав байсангүй. Харин хожим нь тогтоол уснаас уухдаа тольдон харахад, тэр талын эвэр арай дотогшоо дугуйраад байгаа нь ажиглагдах болжээ. Хоёр өөр эвэртэй байх нь сүргийн тэргүүний сүр хүчинд сайнгүй ч гэсэн урт л ургаж байвал учиртай гэж тэр бодно. Хоёр жил өнгөрлөө. Дахиад хоёр тэх ногоон мөнгөний золиосонд одож, бор халиун сүргийн тэргүүнтэн болоход ганц хуруу дутав. Гэвч түүнд тэргүүн болохын хүслэнгээсөөр нэг бодох юм бий боллоо. Юу гэвэл, нөгөө дотогшоо дугуйрсан эврийн үзүүр явсаар чамархайд нь тулжээ. Яагаад тэгснийг тэрбээр яаж ч бодоод эс ухаарна. Эвэр хэдхэн сарын дотор араасаа хонхойлгон дарж өвтгөх болов. Тэгснээ арьс нь цоороод цус, шүүс гоожиж, ялаа батгана салахаа болилоо. Залуу янгир дэндүү хурдан ургаж байгаа эвэр, хайр найргүй довтолгох цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдавч эвэр хэдүйнээ маханд шигдэн оржээ. Бусдын эвэр толгой тойрон ургаж эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр яагаад …? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу үл олдоно.
Эвэр ургасаар ясаа цоолов. Тэсгэлгүй өвдөхийн манан дотор “яагаад” гэсэн асуултын хариу төөрсөн янзага шиг сүүтийвч бие нь үл баригдана. Эвэр тархиндаа тулжээ. Тархины бор хальс цоорох хоромд л “Миний эвэр буруу ургажээ” гэсэн там тумхан ухаарал янгирын толгойд нэгэнтээ орж ирээд үүрд замхарсан нь шувуу суунгуут үргэн нисэхийн адил бөлгөө.
Жагдалын ЛХАГВА.
Зохиогчийн эрх: “Үндэстний тойм” сэтгүүл №1 дугаар.