Энэ саналыг тавих үед “Пибоди” стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулалтад “дээгүүр давхих нь” гэсэн таамаглалыг эдийн засагчид хийж байсан. Энэ талаар биш бололтой. Манай тавьсан санал Пибодигийн Австрали дахь байдлыг огцом өргөж, давуу байдалтай болгосон байна.
Пибоди компанийн захирал Грегори Бойс “Энэ санал стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах төсөлтэй холбоогүй ч гэсэн бид саналыг нухацтай судлах болно. 2013 оны эхээр Монголын талтай хэлэлцээрийг эхлүүлэх бодолтой” гэсэн мэдэгдэл хийсэн билээ.
Тэрбээр үүнээс нэг хоногийн өмнө буюу аравдугаар сарын 25-нд Австралийн Үндэсний комисстой дугуй ширээний уулзалт хийх үедээ “Австралид нүүрс олборлолтын зардал нэмэгдэж байгаад бид их санаа зовж байна. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх жилээс бид хөрөнгө оруулалтаа багасгаж ч магадгүй” гэж хэлсэн нь хоёр утгатай байж болно.
Нэгд, Австралид оруулахаар төлөвлөж байсан хөрөнгө оруулалтынхаа тодорхой хэсгийг Монгол руу шилжүүлэх санаа байж болох юм. Хоёрдугаарт, Монголын тавьсан саналыг ашиглан Австрали дахь байдлаа сайжруулж, хөнгөлөлт эдлэх санаатай бололтой.
Үндэстэн дамнасан корпорациуд аль татвар багатай улсын жишээг нөгөөд нь ярьж, тулган шаардах замаар ашиг гаргадаг. “Эрдэнэс Тавантолгой”-н санал “Пибоди энержи”-д чухам ийм боломж гаргаж өгчээ. Дугуй ширээний уулзалтын үеэр Грегори Бойсын юу ярьсныг сонирхуулъя.
Тэрбээр “Бид Австралид оруулах хөрөнгө оруулалтаа багасгаж байгаа, цуцалж байгаа нь дэлхийн эдийн засгийн хямрал, одоо нүүрсний үнэ бага байгаатай ямар ч холбоогүй. Харин инфляцийн нөлөөлөл, австрали долларын ханш чангарсан, одоо байгаа холбооны улсын татвар, мужуудын татварын уялдаагүй байдал, нөөц ашигласны төлбөртэй илүү хамаатай юм. Энэ бүх байдал нь Австралийг дэлхийн зах зээлд хүчтэй өрсөлдөхөд саад болж байна. Энэ байдлаас гарахын тулд хөрөнгө оруулагчид, холбооны улсын эрх баригчид, Үндэсний зөвлөлтэй хамтраад ажлын хэсэг байгуулах ёстой. Ингээд тал талаасаа хэлэлцэж, Австралийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх 30 жилийн төлөвлөгөө гаргаад явбал үр дүнд хүрнэ.
Бид “Уул уурхайн амьдрал” төлөвлөгөө гаргаад нүүрсний олборлолтыг өөрсөд дээрээ авч чадна. Харин Холбооны эрх баригчид уул уурхайн салбарт илүү тогтвортой хууль эрхзүй болоод татварын орчныг бий болгох талаар анхаарах ёстой. Экстрим улстөрчид Австралийг уул уурхайн зах зээлд эзлэх байр суурийг ганхуулах гээд байна. Тиймээс Үндэсний комиссын хамгийн ойрын зорилт нь хүлэмжийн хийн татварын хэмжээг шинээр тогтоох, ” гэж өгүүлжээ.
MRRT болон улсаас ногдуулдаг нөөц ашигласны төлбөр, энэ салбарт буй бусад татваруудыг шинэчлэх /бууруулах гэсэн санаагаар хэлсэн бололтой/ явдал байх ёстой” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр бусад өрсөлд өгчид их байгааг сануулж, Австралийн эрх баригчдад шахалт үзүүлсэн байна. Үүнийг “Таван жилийн өмнө Мозамбик гэх мэт улсууд дэлхийн зах зээлийн нэг хэсэг болох чадамжгүй байлаа. Харин одоо бол Мозамбик, Монгол, Индонези нь нүүрсний зах зээл дэх Австралийн ноёрхлыг ганхуулах хүчтэй болж байна. Азийн орнуудын эдийн засаг хурдацтай өсч байгаа учир эдгээр орнууд газар нутгийн ойрхон байгаа давуу талаа ашиглах нь мэдээж. Бид энэ байдлыг нь үгүй хийж чадахгүй шүү дээ. Би сүүлийн 20 жил Австралийн нүүрсний бизнестэй хутгалдаж байна. 2003 онд “Пибоди энержи”-д нэгдсэнээс хойш энэ салбарыг хамгийн эрчимтэй хөгжиж буй салбар болгосон. Тиймээс Австралийн бэрхшээл, амжилт бүхнийг хуваалцах ёстой” хэмээн хэлснээс харж болно.
Хэрвээ Австралийн эрх баригчид энэхүү шийдвэрийг эргэн харж, татварын бодлогодоо өөрчлөлт оруулбал “Пибоди энержи“ нэг сумаар хоёр туулай буудсан хэрэг болох юм. Монголын нүүрс зах зээл дээр гараагүй байгаа ч гэсэн ийнхүү Австралийн эрх ашигт нөлөөлж эхэлсэн байна. "Peabody Energy" компанийн хувьцаа өнгөрсөн баасан гарагт Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр 11.82 хувиар (3.06 ам.доллар) өсжээ. Үүнийг тус компани 18 цагийн өмнө гуравдугаар улирлын тайлангаа хэвлүүлсэнтэй холбоотой гэлцэж байгаа ч үнэндээ Тавантолгойд ашиг сонирхлоо илэрхийлэх боломж нэмэгдсэнтэй илүү холбох эдийн засагчид ч байна.
Тус компани Австрали дахь хоёр уурхайн олборлолтоо огцом багасгаж, ойрын жилүүдэд хийх олборлолтын таамгаа 10 сая тонноор багасгасан. Ийм байхад хувьцааны үнэ өссөн нь компанийн ашиг өссөнөөс гадна илүү ашиг олох боломжтой төсөл рүү орох болсонтой холбоотой нь маргаангүй. “Peabody Energy” компани өнгөрсөн улиралд орлого нь 3.9 хувиар өсөж 2.06 тэрбум ам.долларт хүрч, нэгж хувьцаандаа 51 центийн ногдол ашиг олгоно гэж зарласан нь шинжээчдийн нэгж хувьцаанд 34 цент олгоно гэж тооцож байснаас их байгаа юм. Хэдий ийм ч өнгөрсөн жилийнхээс орлого нь багассан байна. Компани өнгөрсөн жил нэгж хувьцаанд 90 цент олгож байсан байна. Жилд хоёр тэрбум тонн нүүрс олборлодгоороо дэлхийд тэргүүлдэг тус компанийн нэгж хувьцааны үнэ сүүлийн нэг жилд 18.78-47.81 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа юм.
Өчигдөр Нью-Йоркын Хөрөнгийн бирж хаагдахад нэгж хувьцаа нь 28.95 ам.доллартай байсан байна. “ПиБоди Энержи”-ийн зах зээлийн үнэлгээ нь 7.77 тэрбум ам.доллар ажээ.
Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ сонин