”Эрх нь зөрчигдсөн Эрдэнээ”

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

”Эрх нь зөрчигдсөн Эрдэнээ”

Дэд сайдын шалгуурт тэнцсэн залуу улстөрч Д.Эрдэнэжамъяан Авлигатай тэмцэх газрынханд баривчлагдах шахав.  АТГ-ынхан юуны талаар, хэний гэрчээр байцаах гэж байгаагаа ч урьдчилж мэдэгдээгүй юм байх.  Юутай ч Хууль зүйн яам руу “хүч түрэмгийлэн” орж чадсан АТГ-ын “байцаагч түшмэд” дэд сайдын өрөөнд хүртэл юу юугүй л давхиж орсон бололтой юм. Өөрийнх нь тайлбарлаж байгаагаар “Японы асуудлаар гэрчийн мэдүүлэг авах гэсэн байж магадгүй” гэсэн. Тэгэхээр МАХН-ын жагсаалтаар сонгуульд нэр дэвшиж, намынхаа даалгавраар дэд сайдын суудал хүртэл авирч чадсан энэ азтай залуугаас МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт гэрчийн мэдүүлэг авах гэсэн болж таарах нь. Өнөөх “ТВ9” телевизийн айхтар үнэтэй тоног төхөөрөмжийг хууль бусаар хувьдаа завшсан гэгдэж байгаа экс Ерөнхийлөгчтэй холбоотой,  Японы Элчин сайдын яамыг  “хөлдөө чирэх” шахаж байгаа тэр л хэргээр.  Хууль зүйн дэд сайд болсных нь дараа намын даргынхаа хэргийг хэрэгсэхгүй болгох “томилолт”-ыг хэн ч юм түүнд өгчихөөд байгаа. Үнэхээр тийм бол чадаж байгаа юманд арга байхгүй гэгч болох биз. Хатуу ширүүн, хариуцлагатай залуу улстөрч, хуульч, эрх зүйч, бас “Эрдэнэс МГЛ” компанийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэжамъяан хэрвээ даргыгаа ялаас чөлөөлж чадах аваас түүнд нь одоогийн Ерөнхийлөгчийн оролцоо ч байж болохыг үгүйсгэх­гүй. Юутай ч Авлигатай тэмцэх газрынхан Хууль зүйн яаманд ямар ч “хаалтгүйгээр” орж, дэд сайдад хүрч чаджээ. Харин мэдүүлгээ авч чадсан болов уу, яасан бол.  Цаадах нь ч мэдүүлэг өгөх болов уу, яах бол. Тодорхой байгаа зүйл нь гэвэл Хууль зүйн дэд сайд Эрдэнээгийн эрх зөрчигдөх шахав.

Б.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж