Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өчигдөр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянаас байцаалт авах гэж оролдсон тухай мэдээлэл шуугиан дэгдээгээд байгаа. Энэ талаар дэд сайд “Н.Энхбаяр даргатай холбоотой юуг нь мэдэгдэхгүй юм асуух гээд байсан. Би юу ч мэдэхгүй байна. Дэд сайдын өрөөнд хэлэлгүй нэвтрэн, мэдүүлэг авах гэж оролдсон нь хууль бус үйлдэл” гэсэн юм.

Чухам яагаад түүнийг байцаах болсныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Н.Энхбаярын хэрэгт хэд хэдэн хүнийг шалгаж байгаа. Зарим хүмүүс нь гадаадад байгаа тул мөрдөн байцаах ажиллагаанд саад учраад байгаа юм. Тиймээс Н.Энхбаяр нарын хэрэгт сэжигтэн холбогдогчоор шалгагдаж, эрэн сурвалжлагдаж байгаа түүний дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зогсоох хүсэлтийг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны нэр дээр Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт хүргүүлсэн байна. Энэхүү хүсэлтийг Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэн нэгэн илгээсэн үү, эсвэл үнэхээр дэд сайд илгээсэн үү гэдгийг мөрдөн шалгахаар эрүүгийн хэрэг үүсгээд байна” гэсэн юм.

Хэрэв дэд сайд Э.Эрдэнэжамъян намынхаа даргын авлигын хэрэгт холбоотой нөхдийг хаацайлж, Интерполд захиа илгээсэн бол түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэргээр буруутгах юм байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж