Төрийн албан хаагчдын “буруу үйлдэл”

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдын “буруу үйлдэл”

Орон нутгийн сонгууль юу болж байна вэ. УИХ-ын чуулганаар 2013 оны төсвийг хэлэлцэж, улстөрийн олон үйл явдал дэгдэх зуур Орон нутгийн сонгууль сүрд дарагдан чимээ, имээгүй байх шиг. Мэдээж хэрэг нэр дэвшигчид сонгуулийн халуун тулаандаа бэлтгээд дажинтай л байгаа байх. Гэхдээ олон нийтийн хувьд нэг л анхаарал муутай, нэр дэвшигчдийг зарлах хуулийн хугацаа дуусчихаад байхад нэр дэвшигчдийн олон нийтэд зарлахгүй байгааг сонирхох ч хүнгүй сууна. Орон нутгийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 21-нд буюу 20 хоногийн дараа болно. Аймаг нийсэлийн төлөөллөө сонгох, ирэх дөрвөн жилд аймаг, сумдад хэн нь Засаг барьж, аймгийг нийслэлийн дайтай хөгжүүлж, сумыг аймгийн төвийн зэрэгт хүргэх төрийн түшээдээ сонгох юм.

Энэ удаагийн сонгуульд долоон нам, хоёр эвслээс аймаг, дүүргийн сонгуулийн 985 суудал, сумдын 6828 суудлын төлөө “хүч үзнэ”. Үүнд МАН, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам дангаараа нэр дэвшүүлсэн бол МАХН зарим газарт ИЗНН-тай, зарим газарт МҮАН-тай эвсэж мөн цөөнгүй тойрог дангаараа нэр дэвшүүлжээ. Зарим хэсэгт МҮАН дангаараа нэр дэвшүүлcэн байна. Орон нутгийн төлөөллийн хийсэн ажил,  бүтээн байгуулалтад дөрвөн жилийн дараа дүн тавих ч нэр дэвшигчдийн сурталчилгаанаас нэр дэвшгчид өөрсдийгөө олон таниулах нь хамгийн чухал байдаг.

Нэр дэвшигчдээ тодруулж, олон нийтэд таниулах эцсийн хугацаа энэ сарын 20-ноор дуусгавар болсон ч СЕХ болон тойргийн хороод хаана, хэн хэн өрсөлдөхийг зарлаагүй байсан юм. Уг нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн нэр дэвшигчдийг бүртгэх, нийтэд зарлах хугацаа нь нэр дэвшигчдийг бүртгэсэн өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд сонгуулийн хуулийн бүртгэх журмын дагуу  бүртгэж, олон нийтэд зарлана гэсэн байдаг юм.

Харин өчигдөр СЕХ-ноос нэр дэвшигчдийн зарласан ч энэ нь албан ёсны тоо биш гэнэ. СЕХ-оос танилцуулснаар энэ удаагийн аймаг, дүүргийн  ИТХ-ын төлөөлөгчдийн 985 суудлын төлөө 2765 хүн өрсөлдөхөөр болжээ. Уг 985 суудлын  689-ийг мажоритари, 336-г пропорциональ буюу хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгох юм.

МАН 1029, Ардчилсан нам 1019, Иргэний Зориг- Ногоон нам 115, МАХН-ИЗНН-ын  “Иргэний шударга ёс эвсэл” 28, МҮАН 46, МАХН-МҮАН –ын “Шударга ёс” эвсэл 69, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам зургаа, МАХН дангаараа 332 хүнийг нэр дэвшүүлээд байгаа ажээ. Мөн 134 хүн Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвшүүлэхээр бүртгүүлжээ. Сумын ИТХ-ын сонгуульд нийт 6828 суудлын төлөө 16369 нэр дэвшигч өрсөлдөхөөр болоод байна.

Энэ тоо албан ёсны биш гэдгийг СЕХ хэлж байгаа бөгөөд нэр дэвшигчдийн бүртгүүлсэн материалд алдаа дутагдал их гарч байгаа учраас тулгалтыг хийж байгаа гэнэ.  Нэр дэвшигчийг тухай тойргийн хороо нь бүртгэж авахдаа овог нэр солих, регистрийн дугаар буруу бичих, нам эвслийн нэрийг тодорхойгүй бичих зэрэг алдаанууд гаргаж байгаа гэх юм. Тойргийн хороодын ажилтнуудыг төрийн албан хаагчдаас бүрдүүлдэг. Гэтэл нэр дэвшигч бүртгэж авахдаа хуруу зузаан цаас дүүрэн алдаа гаргаж байгаа төрийн албан хаагчдын буруугаас болж Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодрохгүй байгааг албаныхан тайлбарласан.

Төрийн албан хаагч нь шалгалт өгч, тодорхой шалгуурын дор “тусгай нэр” зүүдэг. Гэтэл нэр дэвшигчийн аль намаас нэр дэвшиж байгааг нь тэмдэглээд авах чадваргүй хүмүүс төрийн албанд зүтгэж байгаа юм шиг. Үүнд бүх ажилтнуудыг хэлээгүй ч төрийн албатууд ийм хэмжээний л алдаа гаргаж, сонгуульд нэр дэвшигчдийг ч хуулийн хугацаанд нь зарлаж чадахгүй байна. Нэр дэвшигчийг бүртгэхдээ сонгуулийн хууль зөрчсөн тухай гомдол эхнээсээ СЕХ-нд ирж, зарим нь шүүхэд хандчихсан нь төрийн албан хаагчдын “өнөөгийн төрх” гэлтэй. Бүр зарим нам эвслийнхэн олноороо нийлж байгаад шүүхэд хандсан жишээ ч байж байх юм. Тухайлбал, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийг зарим тойрогт бүртгээгүй болон буруу бүртгэсэн нь санаатай үйлдэл хэмээн хэвлэлийн хурал зарлаж байсан билээ. 

 Удахгүй сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа эхэлнэ. Хуулийн дагуу арванэгдүгээр сарын 6-аас эхлэн 14 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа  буюу өөрийгөө “танин мэдүүлэх” ажиллагаанд орно. Гэтэл өөрийг нь аль намаас дэвшиж байгааг нь тодорхой бүртгээгүй байхад тэр хүн сонгуулийн сурталчилгаагаа хийхэд хүндрэл учрах нь тодорхой. Учир нь нэр дэвшигчид СЕХ-оос албан ёсны нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосны дараа сурталчилгаагаа эхлүүлэх ёстой. Сурталчилгаа эхлэхээс өмнө СЕХ энэ олон хүний алдаатай мэдээллийг засч залруулж чадвал сайн хэрэг, гэвч энэ хугацаанд нэр дэвшигчийг бүртгэж чадахгүй бол хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт гарч ирэх юм. Тойргийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид уу, эсвэл СЕХ-оо эсэх нь тодорхой бус. Сонгуулийн хуулинд нэр дэвшигчид хариуцлага тооцно гэж байхаас тойргийн хороо, СЕХ-ны хариуцлагын талаархи журам гэж алга. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид л хариуцлагын тухай яригддаг ч төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо одоохондоо байхгүй. Төрийн алба гэсэн “тусгай нэрт”-үүдийн хийсэн ажил нь энэ. 

УИХ-аар хэлэлцэгдэж байхад “төрийн албан хаагч тойргийн хороодод ажиллах нь зүйтэй, хариуцлага тооцох, үүрэг хүлээдэг хүмүүс нь тойргийн хороодод ажиллах нь зүйтэй” гэсэн яриа дэмжигдэж байсан юм. Хариуцлага тооцох эсэхийг тэгэхээр “томчуууд” мэдэх ажил. Харин сурталчилгаа эхлэхээс өмнө нэр дэвшигчдээ бүртгэж, үнэмлэхийг нь гардуулж, Орон нутгийн сонгуульд оролцох “виз”-ийг нь цаг хугацаандаа олгох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж