Өмнөд Солонгосын мэдээллийн сайтуудын мэдээлж буйгаар хүний биед хавдар үүсгэгч бодисыг агуулдаг нь урьдчилсан байдлаар тогтоогдоод буй “Нонгшим” компанийн үйлдвэрлэсэн зарим төрлийн бэлэн гоймонг лангуунаас хурааж устгах шийдвэр гаргаад байна. Тэдгээрээс дурдвал, "얼큰한 너구리", "순한 너구리", "너구리컵", "너구리 큰사발면", "새우탕 큰사발면", "생생우동" зэрэг зургаан нэр төрлийн гоймонг БНСУ-ын хэмжээнд энэ сарын 25-наас эхлэн худалдахыг хориглож “Нонгшим” компани эдгээр бүтээгдэхүүнийг стандартын дагуу, эрүүл ахуйн шаардлага ханган үйлдвэрлэсэн тохиолдолд дахин худалдах эрхийг өгөхөөр болжээ.
Халуун усанд хийсэн даруйд идэхэд бэлэн болдог “инстант” гэгдэх бүх төрлийн бэлэн гоймонг Цельсийн 350-400 градусын өндөр халуунд чанаж үйлдвэрлэдэг байна. Ингэж бэлтгэх явцад гоймонд хүний биед хорт хавдар үүсгэгч “Benzopyrene” хэмээх бодис үүсдгийг илрүүлсэн талаар News.mn сайт өмнө нь мэдээлж байсан билээ. Нэг кг бэлэн гоймон тутамд 2,0-4,7 микрограмм “Benzopyrene” бодис агуулагддаг юм байна. Энэ нь хэвийн хэмжээнээс 3-7 дахин их агууламж юм.
Монголд ч уг бэлэн гоймонг худалдаалахыг хориглож шинжилгээнд хамруулахаар болоод байгаа юм.
Д.ОЮУН