Малала охидын мөрөөдлийг биелүүлэхээ амлав

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Малала охидын мөрөөдлийг биелүүлэхээ амлав

Пакистан улсын бяцхан охин Малалагийн амь насанд халдахыг завдсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Малала Их Британийн цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа талаар түүний эмч хэвлэлээр мэдэгдсэн. Тэрбээр “Vioceofaa.com” сайтад өөрийн биеийн байдал, болсон үйл явдлын талаар сонирхолтой ярилцлага өгсөнийг хүргэж байна.

-Сайн байна уу, бяцхан охин минь. Бие нь сайжирч байгаа гэсэн мэдээг эмчээс чинь дуулаад дэлхийн сая, сая хүн баяртай байгаа гэдэгт итгэлтэй байна?

-Үүнийг сонсоход баяртай байна. Миний бие бага багаар сайжирч байгаа. Эмч надад “Эмч нарын зүгээс хийж чадах бүхий л эмчилгээг хийх болно. Харин сэтгэлийн шархаа эмчлэх нь чиний хийх ёстой зүйл” гэсэн. Миний гэр бүлийнхэн миний хажууд байгаад би баяртай байна.

-Ард түмний элч, исламын ертөнцийн эмэгтэйчүүдийн дагина, НҮБ-ын хүндэт алдартан гэх мэт олон сайн нэрс таныг тойрч буй. Тийм аймшигтай халдлагын дараа нүдээ нээхэд хамгийн түрүүнд юу бодогдож байсан бэ?

-Би хаана сэрээд байгаагаа эхэндээ ухаараагүй. Хамгийн сүүлд сургуулиасаа гарч явснаа сайн санаж байна. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт ухаан орсон. Зүүдэнд цэргүүд намайг зөөж байх шиг санагдаж байсан. Гэхдээ би бүдэг бадаг санаж байгаа. Хамгийн түрүүнд би тахир дутуу болсон байх вий гэхээс айсан. Бас амь мэнд байгаадаа хэнд баярлахаа мэдэхгүй байсан. Нүдээ нээгээд би шууд л уйлсан. Сэтгэлд маш том зүйл тээглэж байсныг тод санаж байна. Харин одоо өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд эрүүл мэнддээ анхаарах ёстой.

-Гэр бүлийнхэн чинь аюулгүй байгаа. Найз нөхөд чинь чамд захидал илгээсэн. Мөн чиний нэрээр хэд, хэдэн улсад эсэргүүцлийн жагсаал болсон. Одоо ч дээрх жагсаалын чимээ намжаагүй  байна. Энэ бүгд чамайг амьд үлдэхийн тулд тэмцэж байсан мөчид болж өнгөрсөн зүйл?

-Би энэ талаар ээжээсээ дуулсан. Бас маш их захидал ирсэн гэдгийг ч надад хэлсэн. Олон сая охид, эмэгтэйчүүд миний төлөө санаа зовсонд би эхэндээ гайхсан шүү. Гэр бүлийнхнийг маань аюулгүй газар надтай хамт авчирсанд хэнд талархахаа сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан маш их баярлаж байна гэдгийг ойлгоосой. Нөхцөл байдал ингэж эргэнэ гэж тэд төсөөлөөгүй байх.

-Аминд чинь халдаж, чамайг шархдуулсан есөн сэжигтнийг баривч­лаад байгаа. Тэднийг Пакис­таны цагдаагийн газар олж илрүүлсэн талаар хэвлэлээр мэдээл­сэн. Сват дүүргийн иргэд ч чиний төлөө санаа зовж байгаа гэдгийг ойлгож байгаа байх. Яг одоо юу бодогдож байна?

-Тэднийг баривчилсанд би төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. Учир нь муу зүйл хийсэн хүн хэзээ нэгэн цагт заавал шангаа хүртдэг шүү дээ. Би тэдэн шиг хүмүүс олон битгий байгаасай л гэж хүсэж байна.

-Анх 2009 онд чиний сурдаг байсан сургуулийг нутгийнхан нураасан түүхтэй. Гэтэл одоо Сват дүүрэгт олон тооны сургууль барих саналыг зарим хүмүүс ярьж байна. Чиний тэмцэл ямар сайн талтай байгааг анзаарсан байх?

-Миний хийж бүтээсэн зүйл юу ч биш. Дөнгөж эхлэл гэдгийг талибууд ойлгоосой. Эмэгтэйчүүдийн эрхийг, хүүхдийн эрхийг, цаашлаад ялгавар­лан гадуурхах явдлыг би тэвчиж чадахгүй. Анх 2008 оны сүүлчээр, 2009 онд  Их Британийн BBC агентлагт өөрийн захидлуудыг илгээж байсан. Би өөрийн амьдардаг Сватийн тухай баримтат кино хийхийг уриалж байсан. Гэвч манай улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй. Насанд хүрээгүй юм чинь надад одоохондоо тийм боломж олдохгүй л болов уу.

-Аав чинь тэмцэгч, яруу найрагч хүн. Тэрбээр чамд олон зүйлийн талаар ярьж өгсөн байх. Хамгийн сургамжтай нь юу байсан гэж бодож байна?

-Миний аав Зиауддин Юусафзай орон нутгийн хэвлэл, зурагтаар миний өдрийн тэмдэглэлд бичсэн зүйлсийн талаар хэд, хэдэн удаа илтгэл тавьж байсан. Харгислал хэзээ ч сайн зүйл дагуулдаггүй. Маулана Фазлуллагаар удирдуулсан Талибан цэргүүдийн хавчлага дунд манай нутгийн охид дэлгүүрээр явахаас эхлээд хөгжим сонсох, зурагт үзэхээс хүртэл айдаг. Хориотой байдаг. Биднийг харанхуй, бүдүүлэг, юу ч мэддэггүй байлгахыг тэд хүсэж байгаа. Үүнийг л бид сайн ойлгох хэрэгтэй. Та төсөөлдөө, хотын төв талбайд талибуудын гарт цаазлуулсан хэдэн арван хүний цогцсыг цагдаа нар зөөж байхыг харахад ямар сэтгэгдэл төрөх вэ. Над шиг хүүхдэд юу бодогдох вэ. Аймшигтай нийгэмд амьдарч байгаа бид өөрсдийн дуу хоолойг хүртэл хүргэж чаддаггүй биз дээ.

-Чиний блог дээрээ анх бичсэн зүйл одоо ч нүдэнд тод харагдаж байна. Жишээ нь, 2009 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн бичлэг?

-Тийм ээ, би ч гэсэн одоо сайн санаж байна. Тухайн үед “Би өнгөрсөн шөнө аймшигтай хар дарж зүүдэллээ. Талибуудтай нисдэг тэргээр явж байна. Надад маш аймшигтай байсан. Би ер нь талибуудын үйл ажиллагаа эхэлснээс хойш үргэлж иймэрхүү байдлаар хар дарж зүүдлэх боллоо. Би өнөөдөр ээжтэйгээ өглөөний цайгаа уусан. Сургуульдаа явахгүй. Учир нь талибануудын гаргасан зарлигийн дагуу бүх охидийг сургуульд явахыг хориглосон. Манай анги уг нь хичээлээ 27 сурагчтай эхлүүлж байсан. Бүх зүйлийг охидийн сургуулиас эхэлсэн гэж боддог. Тэгээд “Биднийг яагаад сургуульд явуулахгүй байгаа юм бол” гэж бодож эхэлсэн. Яагаад. Бид боловсролтой болж байж улс орноо хөгжүүлнэ. Үүнийг мэдсээр байж яагаад ингээд байдаг байна вэ. Дараа нь эмэгтэйчүүдийг л хавчаад байгаа юм шиг санагдсан. Тэгээд л олон асуулт ар араасаа ундарсан.

-Чамайг сургуульдаа форм өмсөхийг хориглосон гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Зөвхөн намайг биш, сургуулийн охидод бүгдэд нь форм өмсүүлэхийг тэд хүсээгүй. Харин би өмсөх дуртай. Бусад охид талибуудаас айж өөр өнгийн хувцас өмсөж л байг. Би харин сургуулийнхаа формыг л өмсмөөр байсан.

-Цаашид ямар зүйл хиймээр байна?

-Эхний ээлжинд би эрүүл болох хэрэгтэй. Тэгээд эргэн ирж, эмэгтэйчүүд, охидын эрхийг, тэдний мөрөөдлийг биелүүлэхээ амлаж байна. Тэд ч намайг ийм зүйл хийгээсэй гэж хүсэж байгаа нь ойлгомжтой. Илгээсэн захидлуудаас 18-ыг нь уншсан. Тэдний өмнөөс би мөрөөдлийг нь биелүүлэх үүрэгтэй мэт санагдсан. Зөвхөн Пакистаны гэлтгүй исламын ертөнцийн улс орнуудын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө зүтгэх бодолтой байна. Ухаан орсноосоо хойш би болсон зүйлийн талаар өдрийн тэмдэглэлээ үргэлжлүүлэн бичихээр болсон. Одоо ч бичиж байгаа.

Б.БААТАР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж