
Сэтгүүлчийн мэдээлснээр Очирваань хайрханы ар хормойг өнгөрсөн тавдугаар сараас хойш нинжа нар ухаж эхэлсэн байна. Өдгөө тус газарт Хөвсгөл, Увс, Ховд, Баянхонгор, Төв зэрэг аймгаас ирсэн 2500 гаруй нинжа цугларчхаад байгаа аж. Эдгээр нинжа нар Очирваань хайрханы ар хормой бүхий Дөрвөлжин, Ургамал сумдын заагт уртаараа 30, өргөнөөрөө гурван км газар нутгийн хөрсийг сэндийлжээ.
Завхан аймгийн удирдлагуудын зүгээс Төрийн тахилгат хайрханыг ийм байдлаар сүйтгэж байгаа нинжа нарыг тараах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч хүрчээгүй гэнэ. Иймээс энэ сарын 28-нд ЦЕГ-аас нэмэлт хүч дуудаж, Очирваань уулын хормойд бүгсэн нинжа нарыг тараасан байна. Гэвч тэд ойролцоох сумдын нутагт бүгжээ.
Хамгийн хачирхалтай нь, газрыг нь сэндийчихээс ч эмээдэг Төрийн их тахилгат хайрханд гар аргаар алт олборлох асуудлыг тус сумдын удирдлагууд эхлүүлсэн гэсэн мэдээлэл байгаа юм.
Нутгийн иргэдийнх нь ярьж буйгаар анх тус газарт алт ухаж эхэлсэн сумдын дарга нар нь Улаанбаатар хотод хэд хэдэн орон сууц худалдаж авсан тухай яриа ч гарсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Дөрвөлжин суманд манай улсын үндэсний гэгдэх томоохон компани Канадын хөрөнгө оруулагчидтай хамтран алт ухаж байгаа аж.
Төрийн тахилгат Очирваань хайрханы ар хормойд үүссэн нөхцөл байдлын тухай манай сурвалжлах хэсэг цаг алдалгүй мэдээлэх болно.