ДЦС-5 босох цаг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Таван жил цаасан дээр хэвтсэн шинэ Дулааны цахилгаан станц босч эхлэх цаг боллоо. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан цагт энэ бол сайхан мэдээ. Ирэх өвөл яггүй хүйтэрнэ гэсэн олны ам дамжсан яриа сэтгэлд жавар хургуулж байгаа ч өнгөрсөн үндэсний баяр наадмын өмнөхөн  “Интернэйшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс Корпораци, Ньюком ХХК” хамтарсан консорциум “Улаанбаатар ДЦС-5” төслийн давуу эрхтэй оролцогчоор шалгарсан юм.

Уг нь гурван жилийн өмнө “Улаанбаатар ДЦС-5” төслийн урьдчилсан шатны тендерийн нээлтэд 36 аж ахуйн нэгж оролцох сонирхлоо илэрхийлжээ. Тэдний дотроос 11 консорциум л тендерт оролцох саналаа ирүүлсэн боловч хоёрдугаар шатны шалгаруулалтад “Митсуи Со. Ltd”, “Самсунг Си анд Ти, КОСПО, Очир төв”, “Интернэйшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс Корпораци, Ньюком ХХК” болон “Даилим, Ланко” дөрөв тунаж үлдсэн билээ. Харин “Улаанбаатар ДЦС-5” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг H&J Inc болон Мон-Энержи Консалт ХХК 2010-2011 онд Азийн хөгжлийн банкны 1,5 сая ам. долларын санхүүжилтээр гүйцэтгэжээ. Тэд станцын ерөнхий тоног төхөөрөмжийн сонголтыг дэлхийн сүүлийн үеийн технологиудыг харьцуулах замаар хийснээрээ онцлогтой болж. Тухайлбал, нүүрсийг ул ширмэн дээр шатаах технологи, нүүрсийг тоосруулан шатаах технологи, нүүрсийг циклоноор шатаах технологи, нүүрсийг хийжүүлэх технологи, нүүрс, усны хольц шингэн уусмал түлш шатаах технологи зэргээс нүүрсийг буцламтгай давхрагад шатаах технологийг сонгосноороо давуу талтай юм байна.

Анх Монголд 1922 онд Ильичийн гэрэл ассан билээ. Ингэж хөдсөн дээлтэй монголчууд өөхөн дэнгээс өндөр хүчдэлд шилжих эхлэл тавигдсан юм. Ленин багш “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм” болно гэсэн нь зарим талаар хоосон мөрөөдөл биш байжээ. Социализмын үед манай улсад найман дулааны цахилгаан станц баригдан ашиглалтад орж, Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур гал алдахааргүй болсон. 1989 онд эрчим хүчний хэрэглээ улсын хэмжээнд дээд цэгтээ хүрэв. Харин зах зээлийн нийгэмд хөл тавьсан эхний үед эрчим хүчний хэрэглээ харьцангуй буурчээ. Үйлдвэр завод хувьчлагдаж, түүхий эдийн хомсдолд орсон томоохон аж ахуйн газрууд хаалгаа барив. Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн асуудал олон жилийн өмнөөс яригдаж, цаасан дээр гэхэд таван жил өнжсөн байна.

Монгол улсын эрчим хүчний салбарт 1987 оноос хойш шинээр нэг ч дулааны цахилгаан станц баригдаагүй бөгөөд нэгдсэн сүлжээнд ажиллаж буй цахилгаан станцуудын цахилгаан, дулааны үйлдвэрлэх хүчин чадал нь  одоогийн цахилгааны хэрэглээ болон Улаанбаатар хот дахь дулааны хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй болоод байна. Одоо ашиглагдаж байгаа дулааны цахилгаан станцууд нь олон жил ажиллан хуучирч найдвартай байдал нь буурсан ба улс орны эдийн засгийн өсөлтийн өндөр хувь, уул уурхайн хөгжил болоод Улаанбаатар хот дахь их барилгажилтын төлөвлөлт зэрэг хүчин зүйлс нь эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохыг зайлшгүй шаардаж байгаа болно. Үүнийг “Интернэйшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс Корпораци, Ньюком ХХК” хамтарсан консорциум  хэрэгжүүлж эхлэв.

Эднийх агаарын бохирдлын хувьд хамгийн өндөр түвшний чанарын үзүүлэлт бүхий тоног төхөөрөмж тавихаар сонгожээ. Ялангуяа зуух, турбин болон станцын бусад үндсэн тоноглолыг дэлхийн шилдэг технологи, туршлага, ноу-хау бүхий Simens, Alstom, Genereal Electric, ABB зэрэг үйлдвэрлэгчдээс нийлүүлэх юм байна. Станцын зуухыг  Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний техникийн шинж чанарт нийцүүлэн хамгийн тааруу нөхцөлд ч цахилгаан, дулааныг найдвартай үйлдвэрлэхээр тооцоолжээ. Тэр ч байтугай цахилгаан үйлдвэрлэхгүй үед ч дулаанаар хангах боломжтой, ус бага хэрэглэдэг юм байна. Учир нь бөмбөлөгт буцламтгай шаталтат /эргэлдэгч буцламтгай шаталтат технологи гэсэн хоёр төрөл байдаг. Эргэлдэгч буцламтгай шаталтат зуух нь үр ашгийн хувьд илүү, ашигт үйлийн коэфциент нь 95 хувьд хүрдэг ажээ.

Болгарын Софи, ОХУ-ын Москва, Санкт-Петрбург, БНСУ-ын Сөүл, Польшийн Варшав, Финляндын Хельсинк, Италийн Милан, Канадын Оттава, Ванкувер, АНУ-ын Нью-Йорк зэрэг дөрвөн тивийн хотууд төвлөрсөн дулааны хангамжтай. Тэнд сүүлийн үед янз бүрийн шинж чанартай нүүрсийг шатаахад тохиромжтой, нүүрсний жижиг хэсгүүдийг ч үр ашигтай шатаадаг, агаарын бохирдлыг хянах боломжтой, халах гадаргуугийн зэврэлт бага эргэлдэгч буцламтгай шаталтат зуухыг хэрэглэж байна. Энэ нь үнс зайлуулахад хялбар, тал хувь нь зуухны доод хэсгээр гадагшлах тул цахилгаан шүүлтүүрийн ачаалал буурдаг. Илүүдэл агаар бага, утааны хийнд нүүрстөрөгчийн агуулга өндөр, ашиглахад энгийн агаад ажиллагаанд хурдан оруулж болдог, ачааллын өөрчлөлтийг дагах чадвар сайн. Цаашилбал нүүрсийг автоматаар өгөх, үнсийг автоматаар зайлуулах төхөөрөмж ашиглах боломжтой юм байна. Ашиглалтын явцад засвар үйлчилгээ бага шаарддаг, ажиллагааны найдвартай байдлаараа өндөр үзүүлэлттэй гээд техникийн хэлээр өгүүлэх юм бол ихээхэн онцлогтой аж. Иймээс ДЦС-5 нь Улаанбаатарчуудыг илч гэрлээр хангахын хамт утаанаас ангижруулах давуу талтай их бүтээн байгуулалт болох нь.

Өвлийн ид ачааллын үед эрчим хүчний энэхүү тав дахь эх үүсвэр ашиглатад орсноор нийт 450 МВт цахилгаан, 587 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Технологийн хувьл орчин үеийн CFB буюу эргэлдэгч буцламтгай давхрагат шаталтат технологиор үйлдвэрлэл явуулах юм байна. Эхний 150 МВт-ын блок 2015 оны аравдугаар сард, мөн тийм чадлын хоёрдугаар блок 2016 оны хоёрдугаар сард, гурав дахь нь зургадугаар сард ашиглалтад орохоор төлөвлөжээ. Нийт 1,3 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар ДЦС-5” төслийн санхүүгийн багцыг ирэх оны зургадугаар сард бүрдүүлж дуусгана хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Б.УЯНГА
Эх сурвалж: “ӨНӨӨДӨР” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж