News.mn энэ удаагийн УИХ-ын гишүүдийг хэн нь хэн болох талаар уламжлалт 76:1 булангаараа танилцуулах гэж байна. Энэ удаад бид УИХ-ын гишүүдийн нэрийн үсгийн дарааллаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг онцолж байна. Бид цаашид УИХ-ын гишүүдийн талаарх хөрөг-танилцуулгыг цувралаар хүргэх болно.
БАГИЙН ТОГЛОГЧ
Ардчиллын 20-иод жилийг нуруундаа үүрч, алдаа оноог нь хуваалцаж, намтайгаа хамт ялагдан тугал хариулж, лааз өшиглөж үзсэн ч туг барин Ерөнхий сайдын сэнтийд суусан намтар УИХ-ын эрхэм гишүүн Н.Алтанхуягт бий. Түүний унахдаа ч, босохдоо ч хэлдэг үг нь “Хоншоортой байя л даа”. Бас өөрийгөө ямагт багийн тоглогч явж ирснийг онцолдог. АН бол угаасаа “багийн нам”. 1990 оноос хойш ардчиллын төлөө намууд нэгдэж нийлсээр яваад нэгэн цул баг болсон гэж хэлж болно. Энэхүү багийн толгой тоглогчдын нэг нь Н.Алтанхуяг байсаар ирсэн юм. АН доторх олон фракцын нэг болох “Алтангадас”-аар овоглодог түүнийг “Алтантуяа” гэж зарим нь егөөдөн дууддаг. Гэхдээ энэ бол түүний хоч биш, ээжээс мэндлэнгүүт авсан унаган нэр нь юм билээ.
Ээждээ одонгийн хүүхэд болж ирсэн түүнийг хажуу айлын эмгэн эх барьж аваад Алтантуяа гэсэн нэр хайрлачихаж. Насан туршдаа олон хүүхдийн хүй тасалсан эмгэн буурай хүү, охин алиныг тосч авснаа анзаараагүй юү гэлтэй. Увсын Улаангомын хөвгүүн 1976 онд дунд сургуулиа дүүргээд тэр л нэртэйгээ нийслэлд иржээ. Тэр цагийн Монголын шилдэг сургууль болох МУИС-ийн босгыг алхаж ороод бүсгүй хүүхдийн нэрнээсээ ичдэг болж дээ. Аав, ээжтэйгээ зөвлөлдөн байж өнөөдрийн Н.Алтанхуяг болсон гэдэг.
Монгол Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчЭ.Бат-Үүл тэр хоёр МУИС-ийн физикийн салбарын нэг ангийн оюутнууд. Элчин сайд Б.Энхмандах тэр цагт залуухан багш, Шинжлэх ухааны коммунизмын онолыг тэдний ангид зааж, оюутан Э.Бат-Үүлтэй “эсэргүү” сэдвээр хэлэлцдэг байсан нь хожмоо ардчилагчид болох үндэс суурийг нь тавьсан ч байж мэднэ.
Н.Алтанхуягийг 1981 онд МУИС төгсөх үед социалист нийгэм нэг л биш болсныг дээр доргүй ил биш гэхэд ханцуйдаа шивнэдэг болсон байлаа. МУИС-ийн залуухан багш нар, түүний дотор Н.Алтанхуяг нийгмээ шүүмжлэгчдийн тэргүүн эгнээнд явжээ. “Байн байсаар бүх дэлхийг бүрхэж, гагцхүү нарыг хэвээр үлдээх коммунизм” 1980-аад оны дундаас “хайлж”, тэр цагийн ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхлэхтэй зэрэгцээд Монголд ч ардчиллын салхи сэвэлзэхэд тухайн үеийн нэг факультетифйн багш нар болох Р.Гончигдорж,Н.Алтанхуяг, П.Улаанхүү, Д.Бямбажаргал нар, тэдэн дээр нэрт нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар нэмэгдэн МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд Ардчилсан социалист хөдөлгөөнийг “мэндлүүлсэн” нь жилийн дараа 1990 онд Монголын Социал демократ нам /МСДН/ болсон юм. Намаа босгох гэж ганзаганд ч явж, гахай ч үүрч.
МСДН-аа хөл дээр нь босгож 1996 онд МҮАН-тай хамтран “Ардчилсан холбоо” эвслийг байгуулж УИХ-ын сонгуульд ардчилагчид анхлан ялахад Н.Алтанхуяг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар томилогдож хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, геологи, уул уурхайн салбарыг хамтатган чиглүүлж явав. Улс орны маань эдийн засаг тийм жижигхэн байсныг өнөө цагийн том том салбар ганцхан гарт зангидагдаж байсан нь гэрчилнэ.
УИХ-ын 2000 оны сонгуулиар ардчилагчид ганцхан суудал авч парламентын гадна лааз өшиглөв. Ингэж явахдаа одоо овоглуулаад байгаа “Алтангадас” фракциа байгуулсан хэрэг. 2000 оны өвөл зүүний үзэл баримтлалтай МСДН барууны либераль-консерватив байр суурь бүхий МҮАН, сүсэгтнүүдийг төлөөлсөн Шашинтны ардчилсан нам гээд таван нам хамтарч өнөөдрийн АН-ыг байгуулав. Парламентын гадаа хоцорсон ардчилагчид нэг дор бөөгнөрсөн нь тэр. Нам, намын олон сайн улстөрч нэг дээвэр дор нэгдсэний дотор Н.Алтанхуяг байв. Тэр үеэс Сонгинохайрхан дүүргийн АН-ыг байгуулж босгох их ажилд оржээ.
УИХ-ын 2004 оны сонгуулиар АН их улс төрд эргэн ирэхэд тэрбээр Ц.Элбэгдоржийн Их эвслийн Засгийн газарт Сангийн сайдаар хоёр жил ажилласан юм. Хоёр жилийн дараа тухайн Засгийн газар огцроход дахин жирийн улстөрч болж унаж, босохын аль алийг үзэн хатуужлаа.
Тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа АН-ын дарга болов. АН уг нь даргадаа маш халгаатай нам. 1990 оноос хойш олон ч нам АН-д нэгдсэн. Тэр тоолон өөрийн лидер, фракцтай, гишүүд нь ч дор бүрээ “тусгаар тогтносон” үзэл бодолтой тийм л нам. ҮЗХ хуралдах тоолонд даргын суудал ганхдаг доргионтой намыг Н.Алтанхуяг дөрвөн жил гаруй даргалж яваа нь бараг “рекорд” амжилт. Н.Алтанхуяг дарга харахад амгалан төрхтэй юм шиг атлаа огцом огцом шийдвэр гаргадаг улстөрч.
Намын дарга болуутаа 2008 онд МАН-ын С.Баяртай хамтран “стандарт бус” Засгийн газар байгуулсан нь тухайн үед шуугиан тариад авсан. Н.Алтанхуяг өөрөө хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар томилогдож 2012 оны эх хүртэл ажиллав. Хоёр том нам дан дангаараа байхдаа хэзээ ч шийдэж чадахгүй байсан уул уурхайн салбарт хөл тавихад, долдугаар сарын 1-ний эмгэнэлийг давтахгүйн тулд сонгуулийн системээ шинэчлэхэд стандарт бус Засгийн газар хэрэгтэй байлаа. Бас аль аль намынхаа иргэдэд амласан амлалтыг хэрэгжүүлсэн. АН-ын дарга Н.Алтанхуяг олныг гайхшруулж хамтарсан засагт орсон шигээ оны эхээр бас л хамтрагч МАН-аа цочоогоод орхиж одсон. АН сонгуулийн сурталчилгаагаа хийхийн тулд МАН-аас зай барих хэрэгтэй болсныг Н.Алтанхуяг дарга хэлчихээд хамтарсан Засгийг орхисон нь тэр. Орхиж явсан шалтгаанаа “Ажлаа хийчихлээ, одоо боллоо. Цаашаа явбал ардчиллын үнэ цэнэ бүдгэрээд байна. Нам гэж юу юм, Ардын нам нь аль, Ардчилсан нам аль юм гэдэг нь ойлгогдохоо болилоо. Энэ нь иргэдэд ч хохиролтой, ардчилсан Монгол Улсад ч хохиролтой. Тиймээс засгаас гарах нь зүйтэй. Дээр нь сонгууль дөхөж байна, ялгаатай юмаа илүү тод гаргая л гэсэн юм” хэмээн тайлбарласан. Ингээд өөрийн намын багаа аваад гарч одсон.
УИХ-ын 2012 оны УИХ-ын сонгуулиар тэрбээр дахин парламентад сонгогдож, АН УИХ-д олон суудалтай нам болж, ялсан намын даргын хувьд Ерөнхий сайдаар томилогдоод байна. Түүний Засгийн газар “шинэчлэлийн” гэсэн овогтой. АН дийлэнх олонх болж чадаагүй тул ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран гүйцэтгэх засаглалаа бүрдүүлээд буй.
Засгийн ажлыг авмагцаа Төрийн ордныг түмэнд нээлттэй болголоо, ард иргэдээ сонсох 11-11 төвийг нээлээ. Үрэлгэн бус үр ашигтай төсөв батлуулахаар ид ажиллаж байна. Монголд дундаж давхрагыг өргөжүүлж дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Одоо Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газрын багийн тоглолт дөнгөж эхэлж байна. Төсвөө батлуулчихвал нэг том даваагаа давна. Өөдөөс тосон ирж буй дөрвөн жилд энэ баг олон олон том даваа давж, улс орны хөгжлийн хувь заяаг шийдвэрлэх болно.
Холбоотой мэдээ