Төмөр замын санхүүжилтийг төсөвт суулгаагүй

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Төмөр замын санхүүжилтийг төсөвт суулгаагүй

Уул уурхайн салбар, улс орны хөгжлийн талаар ярих болоход яах аргагүй хөндөгддөг, харамсалтай нь өнөөдрийн хувьд жирийн иргэдийн эрээд сураад ч мэдээллийг нь олох бүү хэл учрыг нь ч тухайлан ялгах аргагүй болоод байгаа асуудал бол төмөр зам. Гэхдээ одоогийн байгаа ганц төмөр замын ачаа тээвэр, Замын-Үүдийн ачааллын тухай биш шүү. Энэ бол олон жилийн маргаан дэгдээж байж хоёр жилийн өмнө батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого, түүний хэрэгжилт ямар шатандаа байгаа вэ гэсэн эрэл юм.

Уг нь бол баталсан бодлого нь тун тодорхой. Гэтэл ажил нь хэрхэж байгаа талаар учрыг нь олоход бэрх. Ямартаа ч одоо ид хэлэлцүүлэг өрнүүлж байгаа ирэх оны төсвийн төслийг шүүрдээд үзэх юм бол Төмөр замын бодлогын I, II шатны ажлыг эхлүүлэх гэсэн үг, өгүүлбэр бол байна. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэчнээн төгрөг төсөвлөөд байгаа болон ямар ажил хийх талаар ойлгомжтой зүйл алга. Төсөв гэхээр толгой эргүүлж орхидог таавар шиг шахуу санагддаг, үнэндээ ч зарим талаар ийм л байдаг хойно, мэргэжлийн байгууллагуудад илүү нарийн задаргаа, төлөвлөгөө байгаа гэж найдаад өнгөрөөхөөр.

Гэтэл албаны хүний үгээр бол ирэх жилийн төсөвт төмөр замын санхүүжилтийг яг нарийвчлан тусгаагүй болж таарч байна. Дашрамд сануулахад News агентлаг ирэх жилийн төсвийн талаар олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэх аян зарлаж, төсвийн асуудлыг News.mn сайт, Eagle news TV, news продакшн онцгойлон цуврал нэвтрүүлэг, хэлэлцүүлэг, санал асуулга явуулж буй. Энэ хүрээнд өнгөрөгч ням гаригт Eagle news TV-ээр шууд дамжуулсан нээлттэй хэлэлцүүлгээр Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа болон албаны хүмүүс сонирхолтой ярилцлага өрнүүлсэн билээ. Энэхүү хэлэлцүүлэгт хөндсөнөөр бол өнөөдөртөө төмөр замын бодлого өөрөөр хэлбэл, төрөөс чиглэл болгосон мундаг ажлуудын явц ганц ч алхам урагш алхсан зүйл алга. Тэр бүү хэл төсөвт нарийвчлан хөрөнгө тусгаагүй байгаа юм. Уг нь төрөөс баримтлах бодлогод зааснаар бол

I үе шатанд: Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн буюу Саншандад босох учиртай аж үйлдвэрийн паркийг дэмжихэд чиглэсэн 1100 км төмөр замыг,

II үе шатанд: Нарийн сухайт-Шивээ хүрэн-Ухаахудаг-Хөөт-Бичигт-Хөөт-Нөмрөгийн чиглэлийн замыг тавих ёстой.

Гэтэл өнөөдөр та бидний мэдэж байгаагаар II үе шатны буюу “Энержи Ресурс” компанийн тавьж буй төмөр замын ажил эхэлчихсэн. Харин бодлогоо болон тунхагласан I үе шатны ажил сураг ч үгүй байгаа. Уг нь төмөр замын бодлогод тусгасан энэхүү I, II үе шатны ажил зэрэг дууссан байх учиртай. Гэтэл өнөөдөр байдал ямар байгааг дээр өгүүлсэн.
Гэхдээ төсөвт мөнгө санхүүгийн асуудлыг огт анхаараагүй гэж хэлэх бас аргагүй. Эхний удаад Хөгжлийн банкнаас 1,55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гаргаж ажлыг эхлүүлэхээр эхний цэгийг цаасан дээр хатгаад байгаа юм байна. Үүнийг нарийвчлахад ч бас учиртай. Нийт 1800 км төмөр замыг барьж байгуулахад шаардлагатай 5,2 тэрбум ам.долларын 40 хувийг өөрийн санхүүжилтээр босгох боломжтой гэж үзээд үүнийх нь 50 хувь буюу 1,55 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас босгохоор томьёолжээ.

Уг нь төмөр замын Техник эдийн засгийн үнэлгээ /ТЭЗҮ/-г “МТЗ” компани гурван зүтгүүрээ барьцаалан байж 5,65 сая ам.доллараар хийгээд 55 сая ам.долларын санхүүжилт гаргана гэж 2011 оны наймдугаар сарын 31-ны өдрийн Засгийн газрын  хуралдаанаас шийдвэрлэсэн. Дээр өгүүлсэн 1,55 тэрбум хэмээх эхний дүнд одоо л нэг юм энэхүү 55 сая ам.долларын санхүүжилт “шургаж” орж ирж байгаа юм байна.

Төмөр замын урт бөгөөд ээдрээтэй түүх

Хөгжлийн түлхүүр төмөр зам гэж аль эртнээс яригдсан үеэс л чамгүй их маргаан дэгдсэн. Басхүү чамгүй их эргэлт буцалт, холион бантан болсныг харж болно.

С.Баярын Засгийн газрын үед буюу 2008 онд

  1. ”Болд төмөр-Ерөө гол” компанид Төмөртэйн ордоос Зүүнхарааг чиглэх,
  2. “Энержи ресурс”-ийн буюу дээр өгүүлсэн 267 км зам
  3. Нарийн сухайт Шивээхүрэнгийн 46 км зам барих тусгай зөвшөөрлийг “МАК” компанид тус тус олгож. 

Мэдээж энэ зуур төмөр замын бодлогын үндэсний аюулгүй байдал, эрх ашгийг хөндөх асуудал хэмээн яригдсаар 2010 оны зургадугаар сарын 24-нд алдарт төмөр замын бодлогоо боловсруулсан. Үүнд I, II шатны ажлыг нарийвчлан зааж өгсөн.

Уг нь Тавантолгой-Сайншандын чиглэлийн замыг байгуулна хэмээн Монгол-Оросын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” компанийг 2009 онд байгуулсан. Дараа нь мөн дээр өгүүлснээр ТЭЗҮ-г боловсруулсан төрийн өмчит “МТЗ” компанид олгосон байсан зөвшөөрлийг 2012 оны гуравдугаар сарын 26-нд цуцлаад “Үндэсний суурь бүтэц” хэмээх компаниар төмөр зам бариулж 300 тэрбумын санхүүжилтийн Засгийн газрын баталгаа гаргах үүргийг тухайн үеийн сайд Д.Хаянхирваад даалгаатхаж. Мөн “Энержи ресурс” Ухаахудаг-Гашуун сухайтын төмөр замыг байгуулах концессийн гэрээг баталсан байна.

Тавантолгой-Сайншандын чиглэлийн 450 км замыг хоёр хувааж 225 км замыг одоо оросуудын мэдлийн болсон “Дэд бүтцийн хөгжил” компани, 225 км-ыг “Болд төмөр-Ерөө гол” компани байгуулахаар болсон гэдэг. Ийнхүү жирийн нэгнийг ухаж ойлгох нь бүү хэл, улстөрчид ч өөрсдөө учраа /магадгүй хэл амаа/олоход бэрх үйл явдлууд хөвөрсөөр. Ийн асуудал сунжран бүдчихэд улстөрийн шийдвэрүүд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж салбарын мэргэжилтнүүд ил бус ч далд ярилцдаг аж.

Төмөр замын бодлого, хэрэгжилт гэж нэг ийм л бантан болоод байгаа сурагтай, бүдүүвчлэн тоймловол. Гэхдээ өнөөдөр ч гэсэн Шинэчлэлийн хэмээх Засгийн газар хэзээ энэхүү Хөгжлийн банкны санхүүжилтийн ажлыг эхлүүлж, хэзээ төмөр замын ажил жинхэнэ ёсоор эхлэх нь бас л тодорхойгүй. Холбогдох албаныхан удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх байх гэж чих тавин суугаа гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ засгийн өнгөн дээр удахгүй хэрэгжиж эхлэх байх аа гэж найдаж байгаа аж.

А.АЛТАНТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж