Хамгийн ахмад гишүүнээр анхдугаар хуралдааны эхлэлийг даргалуулаагүй гэдгээрээ УИХ-ын дарга хуулийн дагуу сонгогдоогүй гэгдэж, намынхаа их хурлаар шалтаглан 24 цагийн дотор бүлгээ байгуулах тухайгаа мэдэгдээгүй хэмээн МАН-ын гишүүд байнгын хорооны гишүүн ч болж амжилгүй сулдаа “ганхаж” өдийг хүрлээ. МАН бүлэггүй үлдсэний “шанд” АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд, бие даагчид гурав гурван байнгын хороонд орж, ирцээ бүрдүүлэх гэж сандардаг болсон. Шалтаг л гарвал МАН-ынхан бойкот хийж, сүүлдээ байнгын ажиллагаатай парламентын түүхэнд анх удаа чуулганы танхимын хаалгыг буйдангаар дарж суулт хийв.
АН-ын зүгээс МАН-ыг бүлэгтэй болговол хууль зөрчин бууж өгсөн юм шиг болчих гээд, МАН-ынхан УИХ-ын даргыг хүлээн зөвшөөрвөл бас л өөрсдөө амнаасаа буцаж гараа өргөчихсөн болох гээд цэвэрхэн гарц олох гэж толгойгоо их л гашилгасан даа. Ерөнхийлөгч буйдантай суултыг далимдуулж МАН-ын удирдлагатай уулзахдаа гацаанаас гаргах хуулийн төсөл санаачлахаа мэдэгдээгүй бол хэдий болтол ингэж явах байсныг бүү мэд. Ёстой нөгөө “Хэн түрүүлж дуугарсан нь хаалгаа хаана” гээд хөхөө өвлийн хүйтэнд онгойсон хаалгаа хамхилгүй шүд зуун чичирдэг зөрүүд өвгөн, эмгэн хоёрын үлгэр шиг болчихоод байсан хэрэг.
Үүнээс гарах гарцыг Монгол Улсын Ерөнхийлөгч олж УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригийн орой, ажил тарсны дараахан УИХ-ын даргад өргөн барьснаар ужиг хууч болох тийш хандаад байсан парламент доторх үл ойлголцлыг тайлах гарцыг нээлээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан төслөөр бол УИХ-д наймаас дээш суудал авсан улс төрийн нам цаг, өдөр, хугацаа гэлгүй парламент дахь бүлгээ байгуулж болохоор болов. Тэгэхээр гурван сар илүү сул гишүүний үүрэг гүйцэтгэсэн МАН-ын 25 гишүүн бүлэгтэй болох бололцоо нээгдэнэ. УИХ-ын хамгийн ахмад настай гишүүн УИХ-ын даргыг сонгох анхдугаар чуулганы хуралдааны өдөр хүндэтгэн үзэх шалтгаантай, бие чилээрхсэн, эсвэл ажил төрөл гарсан байж болно. Тиймээс тухайн өдрийн чуулганы хуралдаанд суусан гишүүдийн хамгийн ахмад настай нь чуулганыг удирдан УИХ-ын даргыг сонгуулах боломжийг төсөлд оруулж өгөв. Энэ хууль батлагдаад буцаан хэрэглэвэл өнгөрсөн удаа 71 настай Д.Дэмбэрэл гишүүний оронд 60 настай Л.Цог гишүүнээр даргалуулан УИХ-ын даргаар З.Энхболд гишүүнийг сонгосон асуудал маргаангүй болно.
Үүний хажуугаар нам, эвслийн бүлэг цаг, хязгааргүй завсарлага авч чуулган гацаадаг нэг бэрхшээл байсан. Үүнийг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр цагтай нартай болгож өглөө. Эхний удаад нам, эвслийн бүлэг ажлын таван өдөр завсарлага авч болно. Хэрэв гацаа арилахгүй бол нам, эвслийн хүсэлтээр хуралдаан даргалагч ажлын гурван өдрөөр нэмж сунгаж болохоор зохицуулж өглөө.
УИХ-ын нэг гишүүн олон байнгын хороонд харьяалагддагийг цөөлөхөөр болов. Жирийн гишүүн бол өмнөх шигээ хоёр байнгын хороонд харьяалагдаад явж болох нь. Харин Засгийн газрын гишүүнийг хавсарч байгаа бол нэг л байнгын хороонд харьяалагдахаар болж байна. Гэхдээ дурын нэг байнгын хороондоо орохгүй. Тухайн байнгын хороо нь сайдын толгойлдог яаманд хяналт тавьдаг байнгын хороо байж таарахгүй . Хууль зүйн сайд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн байж болохгүй, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Сангийн сайд Эдийн засгийн ч юм уу, Төсвийн байнгын хороонд орохгүй гэсэн үг. Үүгээрээ эрхэм сайд, гишүүний ашиг сонирхлын зөрчлийг хааж өгч буй.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцдэг байхаар тусгасан нь ажлаа тайлагналгүй орхиод албанаасаа буугаад явчихдаг муу зуршлыг халах нэг сэжим болох гэж байна.
Монгол Улсын хэмжээнд ажилдаа цугларах нь хамгийн хүнд байгууллага бол УИХ. Хуралдаан товлосон цагтаа яс эхэлсэн өдөр өнгөрсөн 20 жилийн туршид гарын таван хуруунд багтах тооны байсан гэж мөрийцөхөд ч болмоор. Бие нь ажилд ирэхээрээ сэтгэл нь гадагш явчихаад, санал хураах төхөөрөмждөө картаа хийж үлдээгээд гараад өгдөг хэнэггүй нөхөд ч цөөнгүй. Бас болоогүй журмын нөхөд нь эзгүй нэгнийхээ товчлуурыг өөрийн дураар дарж саналаа өгнө. Нэг биш хэд хэдэн товчлуур дараад ширээ тойроод явж байх нь бараг жирийн үзэгдэл. Аль ч парламентын үед тийм л явж ирсэн. Аргаа барахдаа УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэдэг болно шүү хэмээн анхааруулах болов. Зөвхөн эзнийхээ хурууны хээг таньдаг төхөөрөмжтэй болсноор гишүүдийн “төгөлдөр хуурдаж” бусдын товчлуураар “нааддаг” муу зан арилах юм.
Тэгвэл энэ замбараагүй байдлыг халахаар Ерөнхийлөгч хуулийн төсөлдөө хэд хэдэн заалт оруулж өгчээ. Хавар, намрын чуулган эхлэхийн өмнө чуулганы нэгдсэн хуралдааны эхлэх цагийг тогтоож байхыг хуулийн төсөлд тусгажээ. Бас эрхэм гишүүдийн ирцийг хуралдаан бүрийн эхэнд бүрдүүлж байхыг хуульчлахаар боллоо.
УИХ дахь АН-ын бүлгийнхэн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд хүндэтгэлтэй хандахаа илэрхийлээд байна. МАН-ын гишүүдийн хувьд бүлэгтэй болгох гарцыг нээсэн хуулийн төслийг уухайн тас дэмжиж таарна.
Ингэж УИХ дотор ужиграад байгаа зөрчлүүдийг халах гарцыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээгээд байна.