Бүлгийн хурлууд хийгээд гэнэтийн мэдүүлэг

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Бүлгийн хурлууд хийгээд гэнэтийн мэдүүлэг

Өнөөдөр болсон үйл явдлуудаас news.mn тоймлон хүргэж байна. 

Нийслэл хотын маань 373 жилийн түүхт ой тохиож буй энэ өдөр гадуур хөл хөдөлгөөн ч их, нийслэлчүүд бэлгэдэл болсон хөшөөндөө хүндэтгэл үзүүлж, нийслэлийнхээ тугийг ёслол төгөлдөр мандууллаа.

Тэгвэл улс төрийн “тогоонд” анхаарал татах үйл явдал нь намуудын бүлгийн хураодаан байлаа. Шинэ парламент байгуулагдсанаас хойш бүлэггүй сул ганхаж байгаа МАН-ынхны асуудлыг шийдэх гарц хайхаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг намын бүлгүүд хэлэлцэх нь тодорхой байсан. Энэ ч ёсоор УИХ дахь Ардчилсан нам, “Шударга ёс” эвслийн бүлэг болон УИХ дахь МАН-ын бүлэггүй гишүүдийн хуралдаанаар хэлэлцлээ. Мэдээж аль аль талаасаа уг төслийг дэмжих нь тодорхой байсан нь ёсоор болов.

Ардчилсан намын бүлэг ийнхүү өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд “Хүндэтгэлтэй хандах ёстой” хэмээн үзжээ. Уг төсөлд УИХ дахь МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох тухай асуудал багтаж буй юм.

Харин УИХ дахь МАН-ын гишүүд мөн л энэ хуулийн төсөл болоод ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцэж  “Нэгдсэн төсвийн тухай хуультай хамт  хэлэлцэж, МАН-ын бүлгийг албажуулах асуудлыг нэг мөр шийдэх ёстой” гэсэн байр сууринд хүрчээ.  Төсвийн тухайд, Ерөнхий сайдын багцад багтсан 50 тэрбумыг хууль зөрчсөн үйлдэл хэмээн өмнөх байр сууриа бататгасан бол Засгийн газраас санаачилсан “Засгийн газрын хөрөнгө оруулалтын тав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зарцуулалтыг нь төсөвт тусгахгүйгээр зарцуулах эрх өгөх нь хууль зөрчсөн үйлдэл болно хэмээн үзжээ.  Тиймээс уг мөнгөний задаргааг төсөвт  тусгах шаардлагыг Засгийн газарт үргэлжлүүлэн тавихаар боллоо.

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаанаар Монголбанкнаас барьж буй мөнгөний бодлого болон 2013 оны Төсвийн төслийг энэ долоо хоногт батлахаар ажиллаж байгаатай холбогдуулан хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Харин өдөр нэгэн хурц мэдээлэл тархсан нь АТГ-аас Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгаас гэрчийн мэдүүлэг авах гэсэн тухай юм. Энэ талаар дэд сайд ямар ч үндэслэлгүйгээр шалгах гэж байна гэсэн байр сууринаас тайлбар өгсөн бол АТГ-аас шалгах тухай үндэслэл бүгд хуулийн дагуу болсон бөгөөд маргааш энэ  талаар албан ёсоор мэдээлэл өгнө хэмээн мэдэгдсэн. Ямартай ч Хууль зүйн яамны дэд сайдыг  юуны учир Авлигатай тэмцэх газраас шалгахаар болсон нь маргааш илүү тодорхой болох буй за.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж