Харин тус намын гишүүдийг бүлэгтэй болгох асуудлын тухайд Ерөнхийлөгч УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөө УИХ-ын даргад өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан. Эл хуулийн төслийг бүлгийн гишүүд хэлэлцээд “Нэгдсэн төсвийн тухай хуультай хамт хэлэлцэж, МАН-ын бүлгийг албажуулах асуудлыг нэг мөр шийдэх ёстой” гэсэн байр сууринд хүрчээ. Ингэхгүй бол бүлэг ажлаа хэвийн явуулахад тодорхой саад учирч, МАН-д саналаа өгсөн иргэдийн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрх барих Үндсэн хуулийн эрх хэрэгжихгүй байна гэж үзэж буйгаа Н.Энхболд гишүүн онцоллоо. Тэрчлэн тус намын бүлгийн асуудал дээр УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж дөрвөн нам болон бие даагчдын төлөөлөл оролцож, тодорхой үр дүнд хүрсэн учраас нэгдсэн төсөвтэй хамт хэлэлцээд явахад маргалдах зүйл гарахгүй байх гэсэн юм.
Харин сэтгүүлчид түүнээс 2013 оны нэгдсэн төсвийн төсөлд цалин, тэтгэвэр нэмэх тухай заалт тусгаагүйд МАН-ын гишүүд ямар байр суурьтай байгаад хариулт өгөхийг хүссэн юм. Тэрээр “Манай бүлэг цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар судалгаа хийж байгаа. Ер нь энэ асуудлыг энэ жилийн төсөв дээр ч биш. Цаашдаа байнга тавьж ирнэ. Ер нь юмны үнэ нэмэгдэж байснаас буурч байсан түүх байхгүй гэж хэлж болно. Тиймээс энэ удаа ч дараагийн төсөв дээр ч энэхүү зарчмаа л барина. Гэхдээ улс орны санхүүгийн байдлаас хэтэрсэн зүйл бид шаардахгүй байгаа. Үүнээс гадна намуудын ард түмэндээ амласан нэг сая төгрөгийг гүйцээж өгөх ёстой гэж үзэж байгаа. Цаашдаа 1.5 сая төгрөгийн асуудлыг ч хөндөж тавина. Төр амласан бол бодлогоо гүйцээх ёстой. Мөн банкны бодлогын хүү болон зээлийн хүү бууруулах бодлогыг бид дэмжинэ. Гэхдээ таван тэрбум ам.долларын бонд гаргана гэдэг маш нарийн бодож хийх ёстой зүйл. Бид 70 жилийн турш тавьсан их өрнөөсөө арай гэж салсан. Одоо бол богино хугацаанд бараг 1-2 жилийн дотор үүний 50 хувьтай тэнцэх бонд гаргах асуудлыг Засгийн газар оруулж ирчихээд байгаа нь юу билээ. Манай бондыг гаднынхан дуртай худалдаж авна. Тодорхой санал ч ирнэ гэсэн. Гэхдээ энэ мөнгийг хэрхэн зах зээлд шингээх вэ гэдгээ тооцоолох ёстой. Үүнийгээ богино хугацаанд ашиглаад их юм хийсэн болж харагдахын тулд зарцуулна гэдэгт болгоомжтой хандах хэрэгтэй. Засгийн газар энэ мөнгийг авто зам зэрэг урт хугацаанд үр ашгаа өгдөг бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Улс орныг дунд болоод урт хугацаанд өрийн дарамтанд оруулж болзошгүй учраас зарцуулалтынхаа талаар судалгаатай нарийн үндэслэл тооцоотой төсөл оруулж ирмээр байгаа юм. Тэгэхгүй бол Үндэсний аюулгүй байдалд ч ноцтой сөрөг нөлөө үзүүлж мэднэ”гэлээ.
Бүлгийн асуудлыг хэлэлцэх ёстой гэв
МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 2013 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэн байр сууриа нэгтгэжээ. Тухайлбал, Ерөнхий сайдын багцад багтсан 50 тэрбумыг хууль зөрчсөн үйлдэл хэмээн өмнөх байр сууриа бататгасан бол Засгийн газраас санаачилсан “Засгийн газрын хөрөнгө оруулалтын тав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зарцуулалтыг нь төсөвт тусгахгүйгээр зарцуулах эрх өгөх нь хууль зөрчсөн үйлдэл болно хэмээн үзжээ. Тиймээс уг мөнгөний задаргааг төсөвт тусгах шаардлагыг Засгийн газарт үргэлжлүүлэн тавихаар болсон байна. Үүнээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн олонхи сайдын алба давхар хашдаг. Эл давуу байдлаа ашиглаж зарим аймагт хэдэн тэрбумаар нь хөрөнгө төсөвлөсөн байхад зарим аймагт урьд төлөвлөж эхлүүлсэн ажлуудын хөрөнгө оруулалтыг зогсоох зэргээр хөрөнгө оруулалтыг харилцан адилгүй тусгаад байгаа нь шударга бус хуваарилалт болсон тул алдаагаа засах ёстой гэсэн шаардлагыг Засгийн газарт уламжлахаар болжээ.
Г.ДАРЬ