Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам өнөөдөр “Ахмадаа сонсоё” уулзалт ярилцлагыг хийлээ. Уулзалтад нийслэлийн есөн дүүргийн Ахмадын холбооны дарга хүрэлцэн ирж, санал бодлоо хуваалцсан юм. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Шинэчлэлийн Засгийн газраас ахмад настнуудын талаар хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэх. Ахмад настнуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээлч сэтгэлгээгээр хамтран ажиллах, тэдний үзэл бодлыг бодлого, үйл ажиллагаандаа тусгах чиглэл баримтлан ажиллаж байгаа” гэлээ. Мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эрүүл мэнд болон ажлын чадвартай ахмад настнуудыг эрхэлж байсан ажилд нь үргэлжлүүлэн ажиллах нөхцөл, бололцоогоор хангах, тэдний мэдлэг, ажлын ур чадвар, арвин их туршлагыг залуу боловсон хүчинд өвлүүлэн үлдээх нь нэн чухал гэдгийг чухалчлан “Монголын ахмад мэргэжилтнүүдийн Үндэсний сүлжээг зохион байгуулж, байгууллагуудад зөвлөгөө өгөх, гэрээгээр түр хугацаагаар ажиллуулах зэргээр мэдлэг, туршлагыг нь өвлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тусгаад байгааг хэллээ.
Энэ удаагийн уулзалтын зорилго нь өнгөрсөн есдүгээр сард Бангкок хотноо болсон Насжилтын асуудлаарх Мадридын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах Ази, Номхон далайн орнуудын Засгийн газар хоорондын хоёр дахь уулзалтаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх, шинэчлэгдэн зохион байгуулагдсан салбарын бодлого, үйл ажиллагааны чиглэлийн талаар ахмадуудад танилцуулахад чиглэгджээ.
Г.ДАРЬ