М.Зоригт: ИЗН-ын эрх ашгийг хөндөөгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

М.Зоригт: ИЗН-ын эрх ашгийг хөндөөгүй

Иргэний Зориг намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.ЗОРИГТ-той ярилцлаа.
 
-ИЗH Ногоон намаас тавьсан нэгдэх саналд хэзээ хариу өгөх вэ? Намын гишүүд дунд мэдээж олон л санаа бодол байгаа байх.

-Тийм ээ. Намын гишүүд дунд нэгдэх нь зүйтэй, нэгдэх шаардлагагүй гэсэн байр суурь аль аль нь бий. Харин Ногоон нам албан ёсоор санал тавьснаас хойш багагүй хугацаанд намын анхан, дунд шатны байгууллага, гишүүд дэмжигчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ асуудлаар хоёр талаас ажлын хэсэг томилогдон ажиллаад явж байгаа. Сүүлийн хэд хэдэн сонгуульд хоёр нам хамтран ажилласан, ногоон үзэл санаагаараа нэгддэг гээд хамтын ажиллагаа өмнө нь ч байсан. Гэхдээ механикаар биш улс төрийн үзэл баримтлалаараа нэгдэж шийдэх ёстой юм. Үүнд цаг хугацаа шаардлагатай. Та надаас намын гишүүдийн санаа бодол ямар байна гэж асуулаа. Нэгдэх асуудлыг намын холбогдох байгууллагууд хэлэлцэж дэмжвэл дүрэм журамдаа нийцүүлээд эцэслэн шийдвэрлэх биз гэсэн бодолтой гишүүд ч байна. Мөн Ногоон нам нь Ногоон намаараа, Иргэний Зориг нь Иргэний Зоригоороо үлдэх нь Монголын улс төрд хэрэгтэй гэх бодолтой гишүүд ч байна. Гэхдээ асуудлыг бид ардчиллын зарчмаар олонхийн саналаар шийдвэрлэнэ.

-УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, пропорциональ тогтолцоонд шилжих тухай ярьж байна. Танай намын хувьд сонгуулийн пропорциональ тогтолцоог их эртнээс дэмжиж ирсэн. Энэ удаад хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зүйтэй гэдгийг тодорхой улс төрийн хүчнүүд эртнээс ярьж ирсэн ч УИХ-аар өнөөдөр л хуулийн төсөл хэлэлцэж байгаа нь аливаа нэг ахиц дэвшилд хүрэхэд хугацаа хэрэгтэй байдгийг харуулж байгаа юм. ИЗН-ын арван жилийн өмнө байгуулагдаж байхдаа үзэл баримтлал, төрийн бодлогын төвшинд дэвшүүлэн тавьж ирсэн олон зүйлийг сая л бусад улс төрийн хүчнүүд ойлгон дэмжиж амьдралд хэрэгжүүлж эхэлж байна. Тухайлбал, Авлигатай тэмцэх ёстой, бие даасан байгууллагатай байх ёстой, албан тушаалтны хөрөнгө орлого ил тод байх ёстой гэж улс төрийн хүчнүүдээс хамгийн түрүүнд бид дуугарч, өөрсдөө үлгэрлэж байсан. Өнөөдөр хөрөнгө орлогоо албан тушаалтнууд шударгаар мэдээлдэг, нуун дарагдуулсныг нь парламент дуудаад байцаадаг  боллоо. Албан тушаалтан авлига авсан бол шүүдэг, шийтгэдэг болж байна. Их хурал дээр нээлттэй сонсгол хийдэг боллоо гээд бидний зорьсон эрүүл нийгмийн хэв хэмжээ бидний хүчин чармайлт болон бусад нам хүчний дэмжлэгтэйгээр хуульчлагдаад хэрэгжээд  явж байна.
Сонгуулийн тогтолцооны төгөлдөршлийн асуудлыг ч ИЗН анхнаасаа тууштай зорьж ирсэн. Өмнө нь бид С.Баярын Засгийн газарт орж ажиллахдаа тодорхой болзол тавьж байсан нь энэхүү сонгуулийн тогтолцоог өөрчлөх, атрын аяныг өрнүүлэх зэрэг асуудлууд байсан. Нэг зорилт нь амжилттай хэрэгжээд явж байна. Бий болгохоор зорьж байгаа сонгуулийн төгөлдөршил нь ИЗН-ын хувьд МАХН-тай Засгийн газарт хамтран ажиллах болсны гол шалтгааны нэг байсан юм. Өнөөдөр ямар ч байсан хуулийн төсөл хэлэлцээд, 2012 оны сонгуулийг хувь тэнцүүлсэн байдлаар явуулах санал давамгайлж байна. Энэ бол том дэвшил, гэхдээ бид сонгуулийн бүрэн төгөлдөршлийг 2012 оноос хойш хүлээх хэрэгтэй болох нь. Юу гэхээр сонгуулийн сонгодог пропорциональ тогтолцоонд шилжихийн тулд Үндсэн хуульдаа гар хүрэх болно. Өнөөдөр парламентад олонх, цөөнх болоод хамтарч Засгийн эрх барьж байгаа хоёр нам санал асуулгын дүнгээр нийлээд ч нийт сонгогчдын 40 хүрэхгүй хувийн дэмжлэгтэй байна. Ийм бүтэцтэй УИХ Үндсэн хуульд гар хүрэх ёс зүйн эрхтэй юү, үгүй юү. Тэгэхээр 2012 оны сонгуулийг иргэд, сонгогчдын санаа бодлыг илүү тусгаж чадах шинэ хуулиар явуулж, түүний үр дүнд бүрдсэн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, улмаар сонгуулийн хуулийг илүү сайжруулах зэрэг асуудлыг шийдэх ёстой юм.

-Хэрэв сонгуулийн хуульд намуудын босго хувийг өндрөөр тогтоочихвол гуравдагч хүчнүүдэд тийм ч таатай биш нөхцөл үүснэ. Ийм тохиолдолд Ногоон нам болон бусад намуудтай нэгдэхээс өөр аргагүй гэх хүмүүс байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Сонгуулийн хуулийн төсөлд намуудын парламентад орж ирэх саналын босгыг долоон хувиар тогтоосон нь Иргэний Зориг намын эрх ашгийг хөндөөд байгаа юм биш шүү дээ. Зарим улстөрчид болоод иргэдэд тэгж ойлгогдоод байх шиг байна. ИЗН сонгууль бүрт хэдийгээр бусад намуудаас цөөн хүн нэр дэвшүүлдэг ч нийт сонгогчдын 10 орчим хувийн саналыг тогтмол авч ирсэн болохоор бидний хувьд болгоомжлох шалтгаан байхгүй. Хамгийн сүүлийн 2008 оны сонгуулиар сонгогчдын 12 орчим хувийн саналыг авсан байгаа.
Арван жил улс төрийн тавцанд гуравдагч хүчний байр суурь дээр тасралтгүй, тууштай ажиллаж ирсэн ИЗН-д ямар ч байсан долоон хувийн босгыг давах хэмжээний дэмжлэгийг сонгогчид өгдөг. Харин яагаад долоо биш гурван хувиар босго тогтоох хэрэгтэй гэж яриад байна гэхээр өөр бусад дуу хоолой, үзэл санааг парламентад оруулж ирэхийн тулд юм. Саяхан талбай дээр болоод өнгөрсөн болон байнга шахам болдог иргэний нийгэм, хөдөлгөөнийхний тэмцэл шаардлага, улс төрийн ажиллагаанууд юунаас үүддэг гэхээр тэдний парламентад орох, шийдвэр гаргах төвшний оролцоог өндөр босго, хууль эрхзүйн орчноор хаасантай холбоотой. Нэг хэсэг нь асуудлаа гудамж талбай дээр жагсч цуглаж, тэмцэл, хүчний хэлбэрээр илэрхийлж, эрх ашгаа хамгаалдаг биш парламентын танхимд оюунаа уралдуулан хэлэлцүүлж, төр засгийн шийдвэрт тусгадаг байх ёстой. Нэг хэсэг нь талбай дээр гэр барьдаг, нөгөө хэсэг нь хүчээр буулгадаг байдлыг үүгээр өөрчилнө. Өнөөдрийн хууль баталж, эрх барьж байгаа намуудын хувьд тэртэй тэргүй босго ач холбогдолгүй. Харин нийгмийн хүрээнд бодитой оршин байгаа олон ургальч үзэл санааны төлөөллийг УИХ-д оруулж ирэх боломжийг хуулиар нээж өгснөөр улс төрийн орчин тогтвортой тайван болно, төрийн шийдвэр гаргах, бодлого тодорхойлох төвшинд иргэний оролцоо өснө. Асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд амь насаараа дэнчин тавьдаггүй болно. Ардчилсан нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйлс нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ.

-Өнгөрсөн сард болсон  улс төрийн суулт, өлсгөлөнгийн талаар асуумаар байна. Олон хүн үнэхээр хувьсгал хийх нь гэж хүлээсэн байх. Тухайлбал, та юу хүлээж байсан бэ. Хорин жилийн өмнөх оюутны холбооныхон ойн арга хэмжээнийхээ үеэр мөн л хувьсгалын хоёрдугаар шат юу байх талаар Э.Бат-Үүлийн илтгэлийг хэлэлцэж байсан. Яагаад ингэж ярих болов?

-Монголд өнөөдөр мөрдөж байгаа Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай болон бусад хууль эрх зүйн орчин эрх мэдлийг нэг хэсэг бүлэгт хэт төвлөрүүлчихсэн. Худлаа амлаад, мөнгө өгөөд, ер ямар ч аргаар хамаагүй тэр хэсэгт багтахын төлөө улайрсан тэмцэл хүчтэй өрнөх болсон. Улмаар үр дагаварт нь төр засаг бүтэшгүй амлалт, их мөнгөний өр ширэнд хүлэгдсэн, үүнээсээ болоод улс орны асуудал юу вэ, амин хувийн  ашиг хонжоо юу вэ гэдгээ ялгах чадамжгүй болж хувирчихаад байгаа юм.Тэгэхээр энэ засаглалын эрх мэдлийг задалж, эрх мэдлийг бүс нутаг руу ард нийтийн санаа бодол, иргэдийн оролцоог түлхүү нэмэгдүүлэх тогтолцоо руу орох хэрэгтэй байна. Үүний тулд хуучин АИХ-ыг сэргээж байгуулах, парламентыг хоёр танхимтай, сум хороо болгон төлөөлөлтэй болох хувилбарыг л зүйтэй гэж яриад байгаа юм. Нэг үгээр бол цөөхөн хүнд алдсан эрх мэдлийг буцааж иргэдэд өгөх тухай ярьж буй юм. Үүнийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хийе гэдгийг л дэвшүүлээд байгаа юм. Ардчилсан хувьсгалыг амжилтад хүргэлцсэн Монголын оюутны холбооныхон хорин жилийн ойгоо баяр ёслол гэхээс илүү Э.Бат-Үүл гишүүний дээрх үзэл санааг олон нийтэд хүргэе гэж зорьсон нь ийм учиртай. Г.Уянга нарын удирдсан хөдөлгөөний хувьд ард түмнийг мэхэлдэг, хариуцлагагүй амлалт өгдөг эрх баригчдыг шахаж шаардсанаараа тун зөв зүйл. Гэхдээ миний бодож байгаагаар Уянгаагийн хажууд түүгээр бамбай хийж байгаад улс төрийн ашиг хонжоо олъё гэдэг зорилготой хүмүүс олон байсан. Улс төрийн наймаа хийдэг, өөр эрх ашигтай хүмүүс хөшигний ардаас тоглож эхэлсэн. Түүний тавьсан шаардлага зорилгыг бүр огт өөр шахалт шаардлагаар далдалж, санаатайгаар гуйвуулж, төөрөлдүүлье, тэр дундаас ашиг хонжоо олъё гэсэн санаархалтай хүмүүс эргэн тойронд нь байсан. Хэрэв Уянгаа ганц амлалт нэхэх асуудлаа тавиад явсан бол илүү их амжилтанд хүрэх байсан.

З.БОРГИЛМАА        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж