Нийслэлийн 373 жилийн ойд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 373 жилийн ойд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл хот байгуулагдсаны яруу түүхт 373 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд нийслэл хотын удирдлагууд олон арга хэмжээ бэлтгэсэн зохион байгуулж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Өнөөдөр 08.00 цагт нийслэл хотын ойн арга хэмжээ ерөнхий боловсролын сургуулиудад  “Хотын соёл” сэдвээр хичээл заахаар эхэлсэн юм. Эх орны цохилох зүрх болсон хүүхэд, залууст ийнхүү “хотын соёл” сэдвээр хичээл заахын ач холбогдол багагүй юм. Улсдаа агуу их бүтээн байгуулалт өрнүүлэх их түүхийн эзэд сурч боловсрох насан дээрээ нийслэл хотоо хайрлах үйлсэд одооноос нэвтэрч байгаа нь энэ ажээ. Нийслэлчүүдийн зүрхэн төв болсон талбайд хүндэтгэлийн арга хэмжээнүүд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

373 жилийн тэртээ Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, өргөө байгуулж байсан нь одоогийн манай нийслэл хотын маань үүсэл байж. Тэрхүү цаг үеэс хойш нийслэл хотын төв цэг олон бууриа сэлгэж байсан  гэдэг. Тэгвэл өнөөдөр 10.45 цагт нийслэлчүүд төв талбайдаа цуглаж, улс орныхоо түүхийн салшгүй хэсэг буюу нийслэлийн анхны шав болох “Мэлхийт” хөшөөндөө хүндэтгэл үзүүлж,  Сүлдэт хуураа эгшиглүүлсэн юм.  Түүний дараа цаашдаа өнө мөнхөд мандаж байх учиртай хөх өнгө бүхий Хангарьд шувууны дүрстэй Нийслэлийн тугийг өнөөдөр анх удаа Төв талбайдаа заллаа. Уг арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд болон хотын удирдлагууд оролцсон юм.

 “Жил бүрийн аравдугаар сарын 29-нд тохиодог Нийслэлийн өдрөөр Улаанбаатар хотын иргэд тухайн жилийнхээ ажлыг дүгнэдэг, алдаа оноогоо хэлэлцдэг, ирэх жилийнхээ төлөвлөгөөг бодож боловсруулдаг тийм өдөр болгон тэмдэглэдэг болохыг уриалж байна. Та бидний өмнө цаг алдалгүй өөрчлөх, шинэчлэх, шийдэх олон тулгамдсан асуудал бий. Энэ бүгдийг шийдвэрлэж, улсынхаа нийслэлийг хөгжүүлэх, үр хойчийнхоо амьдрах амар амгалан хотыг бий болгоход иргэдийнхээ оролцоог хангаж, санаа бодлыг сонсож ажиллана гэдгээ та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Д.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж