Драмын урлагийн отгон театрын эзэд өчигдөр “iLoft”-д “One million” нэртэй шоугаа хийлээ. Тэд намар цагийн үзвэрийн нээлтээ “Амьдрал өөрөө бэлэг” хошин шоу драмаар нээн бүтэн сарын турш үзэгчдэд толилуулж, өчигдөр хаалтын тоглолтоо хийсэн юм. “Мөрөөдлийн театр”-ын залуус шинэ тоглолтдоо зориулан дэлхийг байлдан дагуулж байгаа БНСУ-ын реппер PSY-гын “Gangnam style” дууны монгол хувилбараар рекламаа хийсэн. “Gangnam style” дууг өдгөө 250 сая хүн үзээд байгаа бол “Мөрөөдлийн театр”-ын хийсэн “Mongolian Gangnam style” хандалтаараа нэг сая 500 хүрчээ. Тиймээс тэд тоглолтын хаалтаа, “Mongolian Gangnam style”-ыг үзсэн үзэгчдэдээ зориулан “Dream teatre One million” шоуг хийсэн юм. Өчигдөр хэдийгээр гадаа хүйтний эрч чангаран сэрүүхэн байсан ч “One million” шоунд тоглолтын тайз “Play boy”-гийн бүжингүүд сүлжилдэн, залуусыг дуучин A-Cool, BX, Extacy, Fire хамтлагууд доргион халуухан байлаа.
Нэгэн үе УДЭТ-ын бүлд багтаж байсан жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр нар өрх тусгаарлан хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр тус театрын галыг бадраж байсан түүхтэй. Хэдийгээр байгуулагдаад удаагүй ч олонд хүрсэн тайз, дэлгэцийн чамгүй олон бүтээлийг туурвин байгаа нь тэдний хүсэл мөрөөдөл ямар хүчтэйг харуулж буй биз дээ. Тэд үүгээрээ залууст мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөх, зүтгэх хэрэгтэй гэдгийг харуулж байгаа.
Өнөөдөр тус театр шинэ залуу уран бүтээлчдээр бүл нэмэн ахмад, мундгуудыг уран бүтээлдээ урин тайз, дэлгэцийн бүтээлээ үзэгчдэд толилуулж буй. Тэд эрчтэй, хүчтэй, бас зоригтой.
“Амьдрал өөрөө бэлэг” хошин шоу тоглолт бусад хошин шогийн тоглолт шиг хэд хэдэн жижиг үзэгдэлтэй бус хоёр том хэсэгтэй. Мөрөөдлийн театрынхан шоугаа ОХУ, Францын хоёр зохиолоос сэдэвлэсэн бөгөөд уг тоглолтын найруулагчаар бүжиг дэглээч, найруулагч Г.Ган-Очир, киноны нэвтэрхий толь гэгддэг найруулагч А.Миеэгомбо, зураач Одбаяр, Сэрчээ нар “хүч нэмэгдүүлэн” ажиллажээ.
“Амьдрал өөрөө бэлэг” хошин шоу драмд тус театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр, жүжигчин С.Дөлгөөн, Батууш болон урилгаар Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, хошин урлагийн “акулууд”-ын нэг жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэг нар тоглосон. “Амьдрал өөрөө бэлэг” хошин шоу тоглолт дээр хамтран ажилласан бүх хүмүүс энэ л үдэш цуглан уран бүтээлийн баяраа тэмдэглэн бут авсан. Адтай Ааяа тэнд цугласан залуусын хүсэлтээр BX-тэй тайзнаа “Би 100 хувь” хэмээн Эгшиглэнг орлон дуулсан бол залуусын дунд “хэн сайн Gangnam style-дах вэ” уралдаан болж шилдгээр шалгарсан залуу HD гар утас, Skytel-ийн азын дугаарын эзэн болсон.
Тэд тун удахгүй “Амьдрал өөрөө бэлэг” уран бүтээлээрээ богцтойгоо хөдөө орон нутгийг зорино гэсэн шүү.
Гэрэл зургийг
ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАША