Монголыг сонирхохоо мэдэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Монголыг сонирхохоо мэдэгджээ

`J.P Morgan, Credit Suisse, Deutsche Bank, Bank of New York

Лондонгийн Хөрөнгийн биржид ирэх зургадугаар сарын 28-нд Монголын уул уурхайн компаниудын өдөрлөг болох гэж байгаа. Тус өдөрлөгийн талаар болон бэлтгэл ажлын явцын тухай зохион байгуулагч “Нортенсек” компанийн захирал Б.Өлзийбаяртай уулзаж тодрууллаа.

-Монголын уул уурхайн компаниудын өдөрлөгийг зохион байгуулах болсны учир юу вэ?

-Манай уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын компаниудын өмнө тулгардаг томоохон бэрхшээл нь санхүүжилтийн асуудал. Уул уурхайн салбар нь өөрөө томоохон хэмжээний санхүүжилтийг урт хугацаагаар шаарддаг бөгөөд энэ хэрэгцээгээ дотоодын бирж, банк санхүүгийн зэх зээлээс хангах боломж хомсхон байна. Иймээс энэхүү асуудлыг шийдвэрлэхэд нь дэм болохоор манай компани Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажилладгийн хувьд энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.

-Одоогийн байдлаар манайхаас оролцохоор хэчнээн компани бүртгүүлсэн байна вэ?

-Албан ёсоор оролцохоор саналаа илэрхийлсэн  байгууллагуудаас яг одоогоор компани дээр ирж бүртгэлээ баталгаажуулсан нь 20 гаруй байна.

-Бэлтгэл ажил хэр хангасан бэ?

-Манай компанийн байранд бүртгэл үргэлжилж байна. Англид өдөрлөг зохион байгуулахыг  Лондонгийн хөрөнгийн бирж хариуцан ажиллаж байгаа.  Манай хамтран зохион байгуулагч Эрдэс баялаг, эрчих хүчний яам, Ашигт малтмалын газар, Уул уурхайн Ассоциаци, Гадаадынх хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагууд тус арга хэмжээнд хамтран оролцохоор төлөвлөөд байна.

-Өдөрлөгт оролцох компаниудад ямар нэгэн шалгуур тавих уу. Тэд юу юу бүрдүүлэх вэ?

-Оролцох компаниудад тодорхой шалгуур тавихгүй. Компаний болон төслийн танилцуулгатай хамт info@northern-securities.com илгээн виз гаргах шаардлагатай компаниуд энэ сарын 21-ний дотор ирж бүтгүүлсэн байх ёстой. Харин виз шаардлагагүй компаниудын бүртгэлийг зургадугаар сар гартал хийх болно. Бүртгэлтэй холбоотой асуудлаар 310262 дугаарт холбогдон тодруулах боломжтой. 

-Өдөрлөг зохион байгуулах саналыг хэн нь гаргав. Лондонгийн Хөрөнгийн бирж болон гадаадын хөрөнгө оруулагчид өдөрлөг зохион байгуулах саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард Улаанбаатар хотод “Хөрөнгө босгох шинэ боломжууд” олон улсын семинарыг манай компани Лондонгийн хөрөнгийн бирж болон Нью Йорк Меллон Банктай хамтран амжилттай зохион байгуулсан. Лондонгийн биржийн тал тус арга хэмжээнд өндөр ач холбогдол өгсөн л дөө. Харин энэ удаад манай талаас санал тавин Англид Монголын уул уурхайн өдөрлөгийг хамтран зохион байгуулахаар болсон юм.
Өдөрлөгт Английн талаас оролцохоор хөрөнгө оруулалтын мэргэжлийн маш олон байгууллагууд Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлээд байгаа. Сонирхуулахад, J.P Morgan, ING Bank, Citi, Credit Suisse, Deutsche Bank, Bank of New York, Morgan Stanley, Nomura Int, дэлхийн хөрөнгө оруулалтын сангууд болон бусад санхүүгийн байгууллагууд оролцох болно гэлээ.
Дашрамд сонирхуулахад: “Нортенсек” компани нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн мэргэжлийн үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлтэй. Монголын Хөрөнгийн биржийн гишүүн байгуулага юм. Манай компани 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хөрөнгийн зах зээлд шинэлэг үйлчилгээг үзүүлж, хөрөнгийн зах зээлийн шинжилгээ судалгааг мэргэжлийн өндөр төвшинд хийж гүйцэтгэн харилцагчиддаа урт хугацааны хамтын ажиллагаа тогтоон ажилладаг. Мөн гадаад дотоодын хөрөнгийн биржэд бүртгэлтэй компаниудын хувьцаа, бонд худалдах, худалдан авахад зуучлах, бизнес болон санхүүгийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж