Монгол эрдэмтэн Японд программ хангамжийн компани байгуулан ажиллаж, докторын зэрэг хамгаалж, Ивате их сургуульд багшилж байгаад эх орондоо иржээ. Монгол хүн эх орноосоо алс газарт мэдээллийн технологийн салбарт өрсөлдөж ажилласныг сонсоход эрхгүй бахархал төрнө. Япон дахь ECM Japan компани болон Монгол дахь Софос компанийн захирал, доктор Г.Зоригтой ярилцсаныг уншигчдадаа толилуулъя.
Тэрээр Японд санхүүгийн зах зээлийн дэд бүтэц хөгжүүлэх, project mapping, augmented reality, эмнэлгийн гурван хэмжээст дүрс боловсруулалт зэрэг ирээдүйд их үр өгөөж өгөх олон арван төсөл хэрэгжүүлэхэд оролцож багагүй туршлага хуримтлуулжээ. Ганцхан жишээ хэлэхэд, Ивате мужийн санхүүжилтээр хийсэн ковальт ашиглан хүний үе мөч холбох инплант хийх төслийн гурван хэмжээст дүрс боловсруулалтын төсөлд ажилласан байна. Уг төсөл нь таван сая долларын санхүүжилттэй бөгөөд улсдаа жил бүр 200-500 сая долларын ашиг авч ирэх систем боловсруулах зориулалттай аж.
-Танай компани программ хангамжийн чиглэлээр Япон улсад салбараа байгуулаад чамгүй хэдэн жил боллоо. Хэр амжилттай ажиллав?
-2003 оны долдугаар сард Япон улсад салбараа байгуулж мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эхний жилүүдэд outsourcing- ийн чиглэлд гол анхаарлаа хандуулсан. Зочид буудал, эмнэлгийн гурван хэмжээст дүрс боловсруулалт, үл хөдлөх хөрөнгө, агаарын бохирдлын тооцоолол гэх мэт outsourcing-ийн төслүүд дээр ажилласан. Тухайлбал, Япон улсын зочид буудлын хамгийн том сүлжээ ROUTE INN (Япон, Солонгос, Хятадад 300 орчим сүлжээ зочид буудалтай) ашигладаг системийг боловсруулсан.
-Тэгвэл ашиг орлого сайтай ажилласан байх даа…?
-Программ хангамжийн outsourcing-ийн бизнес бол өөрийн гэсэн онцлогтой. Голдуу хамгийн доод шатанд, хамгийн их хар ажил шаардсан хэсгийг хийдэг. Ялангуяа Японд программ хангамжийн ажил 3-4 шат дамжиж бидэнд ирдэг учраас цагийн үнэлгээ маш бага. Гэхдээ манай компани том төсөлд оролцох туршлагатай болсон.
-Манайхан outsourcing их ашигтай, хөгжүүлнэ гээд байдаг. Зөв юм уу?
-Яг сонгодог outsourcing бол хүн ам ихтэй, хямд ажиллах хүчтэй, соёл хэл ойролцоо улсуудад илүү тохирсон байдаг. Тухайлбал, Энэтхэг нь англи хэлтэй улсуудаас захиалга авах, Хятад улсханз үсэгтэй, Японоос захиалга авах гэх мэт ажил гүйцэтгэхэд илүү чадна. Тэдэнтэй шууд өрсөлдөж ажиллах хэцүү л дээ.
-Тэгвэл оurtsourcing хөгжүүлэх нь Монголд ашиггүй гэж ойлгож болох уу?
-Энэтхэг, Хятадын загвараар амжилт олоход хэцүү. Харин цөөн хүн оролцсон өндөр технологийн захиалгат ажлыг хийж чадвал зарим бололцоо бий.
-Тухайлбал ямар ажил байж болох вэ. Та нар тэр чиглэлээр ажиллаж үзэв үү?
-Шинэ технологид тулгуурласан эрдэм шижилгээний захиалгат ажилд оролцох, шинэ бүтээгдэхүүн гаргахад хамтран ажиллах чиглэлээр сүүлийн хэдэн жил ажиллаа. Гэхдээ ийм төрлийн ажлыг хүссэн хүн бүр хийх боломжгүй, өндөр мэдлэг боловсрол шаардана.
-Та бүхэн тийм шаардлага хангаж чадсан уу?
-Мэдээж бидэнд тийм боловсрол, бэлтгэл байгаагүй. Тиймээс бид Японд өөрийн хүмүүсээ докторын сургалтад хамруулж эхэлсэн. Сүүлийн таван жил бид долоон доктор цолтныг Японд бэлтгэлээ. Би өөрөө ч тэнд суралцаж доктор цол хамгаалсан. Бид толгойдоо хөрөнгө оруулалт хийхгүйгээр 7 тэрбум хүнтэй өрсөлдөх боломж улам бага болж байгаа.
-Японд доктор цол хамгаалахад хүнд байв уу?
-Яаж амар байх вэ. Доктор цолтонгуудыг бэлтгэхийн тулд бид Японы их сургууль болон МУИС, ШУТИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Эдгээр сургуулийн чадварлаг залуу багш нарыг урьж аваачих гээд их олон шат дамжлагатай ажлыг хийсэн. Хувийн зардлаар сурах зэрэг багагүй бэрхшээлийг туулж байж хэдэн эрдэмтэнтэй болсон.
-Өндөр технологийн захиалгат ажил хэр олныг гүйцэтгэв?
-Манай хүмүүс суралцах хугацаандаа бас суралцаж дуусаад байнга хамтарсан судалгаанд оролцож байсан. Нийт 100 орчим эрдэм шинжилгээний бүтээл, хамтарсан ажлын тайланг олон улсын хуралд илгээж сэтгүүлд хэвлүүллээ. Нэгэнт боловсон хүчинтэй болсон болохоор одооноос Японтой хамтарсан судалгааны төвийг Монголд байгуулж Японоос захиалга авахаар бэлтгэл ажлаа хийж байна. Монголд өндөр технологийн төв байгуулсаны дараа л бидний ажлын гол үр дүн харагдах байх гэж найдаж байна. Бид тоглоомоор хэлдэг л дээ. Японыг хөгжүүлэхэд гар бие оролцлоо одоо өөрийн улсаа хөгжүүлнэ ээ гээд л.
-Хийхээр төлөвлөсөн ажлыг тань сонирхвол болох уу?
-Тэнд гурван хэмжээст компьютерийн графикс, компьютерийн вижион, эмнэлгийн гурван хэмжээст дүрс боловсруулалт (MRI, CT), parallel, stream processing (GPGPU), санхүүгийн зах зээлийн мэдээллийн дэд бүтэц (XBRL, Exchange) , бизнесийн мэдээллийн системүүд (ERP, BI), компьютержүүлсэн хэл судлал болон шинэ технологиуд (XML DB, Cloud Computing, 4G mobility) чиглэлээр судалгааны ажил хийж төсөлд оролцож байна. Монголд ч энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн ажиллах болно.
-Мэдээддийн Технологийн чиглэлээр ямар ажлыг Монголд хийх шаардлагатай гэж үздэг вэ?
-Монголд дэд бүтцийн хөгжил, бүтээн байгуулалтын талаар их ярьж байна. Гэхдээ зөөлөн дэд бүтцийн талаар бага анхаарч байх шиг санагддаг. Тэгэхээр мэдээллийн зөөлөн дэд бүтцийн талаар сайтар анхаарах шаардлагатай болов уу.
-Зөөлөн дэд бүтэц гэдэгт юуг хамруулж ойлгох вэ?
-Зөөлөн дэд бүтцэд гарт баригдаж, нудэнд үзэгддэггүй харилцаа, зохицуулалтыг хамруулдаг. Тухайлбал, төр иргэдийн харилцаа, эдийн засгийн харилцаа, боловсрол, соёлын уламжлал, мэдээллийн системийг хамруулж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, хатуу дэд бүтцийг өгөөжтэй, зөв ашиглахад гол үүрэг гүйцэтгэдэг. Хүний биеийг хатуу дэд бүтэц гэж бодвол зөөлөн дэд бүтэц нь уураг тархи юм уу даа.
Монголд эдгээр харилцааны зарим хэлбэр байгаа. Гэвч хүртээмжтэй, сайтар зохицуулагдсан, ойлгомжтой дэд бүтцийн хэмжээнд хүртлээ хөгжөөгүй байна. Тиймээс дэд бүтэц гэсэн үг ашиглаад байгаа юм.
-Манай улсад зөөлөн биш хатуу дэд бүтэц илүү хөгжөөд зөөлөн нь хоцорч байна уу?
-Мэдээллийн зөөлөн дэд бүтцийг жишээн дээр тайлбарлая л даа. Одоо Монголд хатуу дэд бүтэц буюу мэдээллийн сүлжээ, интернет, гар утасны сүлжээ харьцангуй сайн хөгжиж байна. Гэтэл зөөлөн дэд бүтэц буюу тэдгээр хатуу дэд бүтцийг үр өгөөжтэй ашиглах цахим үйлчилгээ, цахим худалдаа, цахим засаглал нь муу хөгжсөнөөс хүмүүс интернетийг үр өгөөжтэй ашиглах нь бага байна. Харин ч эсрэгээр нь ажлын цагийг дэмий үрдэг бүтээмжийн дайсан болгон хувиргаж байна. Тиймээс шинэ Засгийн газар төрийн албан хаагчдын интернетийг хязгаарлах арга хэмжээ авч эхлээд байгаа бололтой.
-Зөөлөн дэд бүтцийг хөгжүүлснээр энэ тулгамдсан асуудлыг шийдэж чадах уу?
-Гадаадын олон улс орон түүний дотор Японд энэ асуудлыг шийдээд явж байна. Тухайлбал, цаг минут тутам хийсэн ажлаа тайлагнах, хамтран ажиллах систем боловсруулснаар интернетээр зөвхөн ажлаа хийнэ. Илүү дэмий сэлгүүцэх зав боломж ч гарахгүй болтол ажлын бүтээмжийг нэмж байна.
-Зөөлөн дэд бүтцэд хөрөнгө оруулах хэр ашигтай вэ? Тодорхой жишээ хэлнэ үү?
-Жишээлбэл, хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц байна. Зөөлөн дэд бүтцэд нь хэдхэн сая долларын хөрөнгө оруулалт хийснээр Монгол Улсад хэдэн арван тэрбум долларын хөрөнгө татах таатай орчинг бүрдүүлж болно. Бид өөрсдийн хүчээр хийж чадах үр өгөөжтэй дэд бүтцийн олон ажлууд байна.
-Монголчууд Лондонгийн биржийн системийг авсан биз дээ?
-Тэр бол зөвхөн биржийн систем. Дэд бүтэц биш. Хувьцаат компанийн тухай үнэн мэдээлэл, онлайн арилжаа, онлайн төлбөр тооцоо, брокер дилерүүдийг мэдээллийн системийг холбосон хүртээмжтэй дэд бүтэц одоохондоо манайд байхгүй байна. Тийм найдвартай дэд бүтэцгүйгээр ямар ч том хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Та бид ч онлайнаар арилжаа хийх бололцоогүй бол хөрөнгийн зах зээлийг бүрэн ойлгохгүй.
-Зөөлөн дэд бүтцийг бид гадаадаас авах уу, эсвэл өөрсдөө боловсруулах ёстой юу?
-Тухайн системээсээ хамаарна л даа. Бид олон улсын жишигт хүрсэн систем боловсруулах мэдлэг чадвар хүрэхгүй бол гаднаас авахаас өөр арга байхгүй. Гэхдээ аль болох өөрсдөө хийхийг эрмэлзэх хэрэгтэй. Байнга хүний толгойтой явж болохгүй биз дээ.
-Үүнийг монголчууд хийж чадах уу?
-Би өөрийн оролцож хийж байсан системүүдээрээ жишээ авья. Хүн амын бүртгэлийн систем (ХААТР), Хөрөнгийн биржийн систем, банкны бүртгэлийн систем (GLAXY), Гааль (GAMAS), Нийгмийн даатгалын (NIDAS) системүүд, их сургуулийн мэдээллийн систем (UNIMIS) зэргийг бид боловсруулсан. Гадаадын ямар ч системээс дутахгүй. Зарим системийг дараа нь гадаадын өөр системээр сольсон боловч хэрэглэж байсан хүмүүс одоо ч сэтгэгдэл өндөр байдаг. Энэ бол монголчууд өөрсдөө боловсруулж чадна гэдгийг батална. Эдгээр системүүд зөөлөн дэд бүтцэд оруулсан багахан хөрөнгө оруулалт ямар их өөрчлөлт, шинэчлэлд хүргэж болохыг харуулсан сайхан жишээнүүд болсон.
-Зарим хүмүүс Google мэт компанитай хамтрахаар ажиллаж эхэлсэн байна. Үүнийг хэр ирээдүйтэй төсөл гэж бодож байна вэ?
-Google бол дэлхийг хамарсан мэдээллийн зөөлөн дэд бүтэц. Бид хүссэн ч хүсээгүй ч хамтран ажиллах шаардлагатай. Тиймээс ашигтай хамтран ажиллахад бүх талын дэмжлэг үзүүлэх ёстой.
-Танай компани мэдээллийн зөөлөн дэд систем байгуулах саналаа яам, газруудад өгсөн үү?
-Бид хэд хэдэн газарт саналаа өгсөн. Энэ онд компанийн болон төрийн байгууллагын сайн засаглалыг бэхжүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулах чиглэлээр хэд хэдэн бүтээгдэхүүн боловсруулж дууслаа. Удахгүй Монгол, Японы зах зээлд гаргаж худалдах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай шийдлүүд Cloud Computing-д тулгуурласан тул дэлхийн аль ч цэгээс ашиглах боломжтой.
-Монгол Улс мэдээллийн технологийн талаар нэлээд анхаардаг Ерөнхий сайдын дэргэд биеэ даасан агентлаг ажиллаж байна. Хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллавал илүү үр дүнтэй байж болох уу?
-Хувийн хэвшлийн компаниудаа хөл дээр нь босгох бодлого барьсан улсууд алс ирээдүйдээ хождог. Израйль, Энэтхэг, Ирланд, Финлянд улсыг нэрлэж болох юм. Монголд төрийн том байгууллага, банкууд өөрсдөө мэдээллийн технологийн компани мэт ажиллаж байна. Үнэн хэрэгтээ тэд өөрсдөө ч хөгждөггүй, хувийн хэвшилд өндийх боломж олгохгүй орчинг бүрдүүлчихсэнээ ойлгохгүй л байх шиг.
-Монголд том ажлуудыг тендерээр шалгаруулдаг. Хэн ажлыг авдаг вэ гэвэл, гадны компани эсвэл лобби сайтай үндэсний компаниуд авдаг. Ийм байх нь зөв үү?
-Зөв компани нь аваад үр дүнтэй ажил хийвэл гадна, дотны аль ч компани байж болно. Зөвхөн мэдээллийн технологи гэхгүйгээр бүх томоохон тендерийн хэрэгжүүлэлт, үр өгөөжид дүгнэлт гаргаж байх шаардагатай юм шиг санагддаг. Дүгнэлтийг хувийн хэвшлийн төлөөлөл бүхий хөндлөнгийн баг гаргаж хэвшвэл бүр ч сайн болно гэж боддог.