“Огцом эргэлт” дэлгэцнээ гарна

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

“Огцом эргэлт” дэлгэцнээ гарна

Хот хоорондын замын огцом эргэлт дээр авто осол гарч буйгаар нэгэн шинэ дэлгэцийн цуврал бүтээл эхэлнэ. Энэ бол “Огцом эргэлт” Монголын шинэ сериал. МҮОНТ-ээр ирэх арваннэгдүгээр сарын 5–наас гарч эхлэх уг цуврал 30 ангитай. Киноны эхлэл болсон тэр гайтай автын осол нэгэн залуугийн амьдралд огцом уналт, бөөн бэрхшээл зовлон авчрах аж. Зам дээр төдийгүй амьдралд ч огцом эргэлтүүд дүүрэн байдаг. Ухаантай амьдарч, зөв явбал энэхүү огцом эргэлтэд бүдрэхгүй шүү гэх санааг уг киногоор өгүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, амьдралын “огцом эргэлт” аюултай шүү, хурдаа тохируул! хэмээн кино багийнхан үзүүлэх санааныхаа гол цөмийг болгожээ.  

“Огцом эргэлт”-ийн киноны зохиолчоор өмнө “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Улаан эрэг” олон ангит киног бичсэн зохиолч А.Амарсайхан, ерөнхий найруулагчаар “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан найруулагч Б.Гантулга, ерөнхий зураглаачаар МҮОНТ-ийн өмнөх бүх уран сайхны кинонд зураглаачаар ажилласан туршлагатай зураглаач Б.Чинбат гээд уран бүтээлийн хүчирхэг баг энэ кинонд нэгдэн ажиллажээ.    Түүнчлэн уг кинонд зөвлөхүүдийн маш том баг ажилласнаараа онцлог. ГССҮТ, ХСҮТ, Улсын клиникийн I эмнэлгийн их эмч нартай киноны зохиолч олон удаа уулзаж ярилцлага хийж кинонд шигтгэх үйл явдлуудаа сонгожээ. Ослын хэсгийг үнэмшилтэй болгохын тулд зам тээврийн хэрэг дээр олон жил ажилласан хуульчаас зөвлөгөө авч, бодит амьдрал дээр ийм осол гарсан тохиолдолд сэжигтэн болоод хохирогчид ямар зовлон бэрхшээл үүсдэг, хэргийн мөрдөн байцаалт хэрхэн явагддаг зэрэгт  нарийн судалгаа хийн уран сайхны аргаар үзүүлжээ.      

Хашир туршлагатай жүжигчид, шинэ төрж буй залуус хүчээ нэгтгэж, нэгэн баг болж ажилласан талаар киноны найруулагч хэлж байлаа. Үрийнхээ төлөө өөрийн биеийг үлтэлж хороож байдаг, цагаан сэтгэлт эхийн дүрийг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Л.Ганхүү бүтээсэн бол кино гарах явцад үзэгчдийн хамгийн үзэн ядах хүн бол Ардын жүжигчин Г.Мягмарнаран. Учир нь тэрээр өмнө нь дэд сайд хийж явсан, егзөр, бэртэгчин эрийн дүрийг бүтээсэн гэнэ. Гол дүрүүдэд жүжигчин Л.Гантулга, Б.Ганхүү, Б.Болормаа, Б.Цэнгэл, Б.Гантигмаа, Г.Сэр-Од, Б.Хулан, Д.Төмөрчөдөр, Ц.Төмөрхуяг, Г.Золбоот, У.Батбаатар, Н.Отгонтогос нар болон шинэ залуу жүжигчид тогложээ. Мөн энэ киноны гол дүрүүдэд дунд сургуулийн долдугаар ангийн хүүхдүүд тоглосон байна.

“Огцом эргэлт” дэлгэцийн олон ангит киноны тухай МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр “МҮОНТ-ийн ээлжит том бүтээл болох “Огцом эргэлт” 30 ангит уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна. Киноны зураг авалт зуны турш үргэлжилж эвлүүлгийн ажил одоо дуусч байна. Манай залуу уран бүтээлчид цаг наргүй ажиллаж том бүтээлийн ард гарлаа. Аль ч орны кинонд бодлого байдаг. Манай кинонд ч бодлого бий. Уран сайхны кино үзэж уярч догдлох явцдаа үзэгч олон түмэн “Амьдралдаа тоомсоргүй хандаж, хэнэггүй явах нь хожмын өдөр гэнэтийн асуудалд хүргэж, огцом эргэлт болдог юм байна шүү” гэж ухаарч сэхээрээсэй гэсний үүднээс энэ киног бүтээсэн. Үзэгчид та бүхэн бидний хийсэн бүтээлийг үзэж үнэлэлт, дүгнэлт өгөх байх гэж найдаж байна. “Огцом эргэлт” кинонд хамтарч ажилласан Монголын мянганы сорилтын сангийн “Эрүүл мэндийн төсөл”-ийн хамт олонд талархаж байгаагаа хэлье” хэмээн ярьсан юм. .

Уг киноны зохиолч А.Амарсайхан:   

“Өөр хэний ч сэтгээгүй агуу их зүйлийг бичих гэж зүтгээгүй. Эгэл жирийн амьдрал дунд байдаг хүмүүний сэтгэл уяраам агшнуудыг өөр өнцгөөс нь харж, бичиж, үзэгчдэд уярал догдлол бий болгохыг гол зорилгоо болгож энэ кино зохиол дээрээ ажилласан. Өмнөх “Хэцүү анги”, “Тусгай салаа” кинонууддаа ч энэ зарчмыг баримталж ирсэн. Зохиолын онцлог гэвэл осол гэмтэл, өвчин зовлон гээд хар бараан зүйлс гарч байгаа учраас кинондоо гэрэл гэгээ оруулж ирэх гэж том яриатай гэнэн цайлган хүү, мяраалаг хөөрхөн полдгор охины дүрийг оруулж ирсэн. Шижир, Мишээл гэдэг энэ хоёр дүр минь үзэгчдийн хайртай дүрүүд болох биз ээ”.

Киноны ерөнхий найруулагч Б.Гантулга:

“МҮОНТ олон шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. “Огцом эргэлт” олон ангит уран сайхны кино төслүүдийн нэгээхэн хэсэг нь байгаа. Энэ том бүтээлийн ерөнхий найруулагчаар намайг ажилла гэж итгэл хүлээлгэсэн телевизийн удирдлагууддаа баярлаж байна.  Аливаа уран бүтээл сайн зохиол, сайн баг хамт олны хүчээр бий болдог. Манай кинонд сайн хамт олон бүрдэж чадсан. Бидний урилгыг хүлээн авч кинонд тоглосон жүжигчид болон уран бүтээлчид, хөөрхөн бяцхан дүү нартаа баярлаж байгаагаа хэлье. “Огцом эргэлт” олон ангит уран сайхны кино МҮОНТ-ээр арваннэгдүгээр дүгээр сарын 5-наас эхлэн үзэгчдийн хүртээл болно” гэлээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж