”Б.Амархүүгийн тоглолт гайхалтай болно”

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

”Б.Амархүүгийн тоглолт гайхалтай болно”

“Өглөөний мэнд” энэ удаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Б.Борхүүтэй холбоо барилаа. Тэрбээр хүү дуучин Б.Амархүүгийн тоглолтыг найруулж байгаа юм. Түүнээс удахгүй болох тоглолтын талаар тодрууллаа.

-Өглөөний мэнд. Хаана явж байгааг тань сонирхож болох уу?

-Өглөөний мэнд. Ажил ихтэй гадуур л явж байна.

-Хүүгийнхээ тоглолтыг найруулж байгаа гэлүү. Тэр ажлаараа явна уу?

-Б.Амархүү маань Л.Балхжавын “Миний дуунууд-2012” тоглолтод оролцохоор Оросоос ирсэн юм. Орос улсад гэрээний дагуу төлөвлөсөн ажил их байгаа болохоор маргааш /өнөөдөр/ буцах гэж байгаа. Тэгээд амжуулах ажил их байна.

-Б.Амархүү хэзээ буцаж ирэх вэ. Товлосон тоглолтоо хийнэ биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Хүмүүс бие даасан тоглолтоо хийгээч гэж олон удаа санал тавьсан. Энэ дагуу бие даасан тоглолтоо эх орондоо хийе гэж шийдсэн юм билээ. Тоглолтыг ирэх сарын 15, 16-нд гэж төлөвлөсөн боловч Орост амжуулах ажил их байгаа болохоор нэг юм уу, хоёр өдрөөр хойшлуулж магадгүй.

-Тоглолтын гол онцлог юу байх бол?

-Үзэгчидтэйгээ амьд харилцаа үүсгэсэн сайхан тоглолт болно. Ганцхан Б.Амархүү дуулаад байх биш үзэгчидтэйгээ харилцан ярилцана. Тоглолтын танхимд микрафон аялуулж үзэгчид хүссэн асуултаа Б.Амархүүгээс асууж болно. Яагаад гэвэл Монголын үзэгчид Орост болсон “Народный артист” шоунд Б.Амархүүг хэрхэн оролцож, ялсныг мэдэхгүй шүү дээ. Мөн олон цуу яриа гарч байсан. Энэ бүх цуу ярианд цэг тавьж Монголын хүү үзэгчидтэйгээ чин сэтгэлээсээ ярилцсан, гайхалтай тоглолт болно.

-Тоглолтын нэр тодорхой болсон уу?

-Үгүй ээ. Харин “Ах дүү нар минь Монголын хүүгээ ард түмэнтэй нь уулзуулж байна” гэсэн уриатай болно. Бие даасан тоглолтод ивээн тэтгэгч их хэрэгтэй байдаг. Энэхүү тоглол­тыг Б.Амархүүгийн ах, дүү нар нь спонсорлож байгаа юм.

-Б.Амархүүгийн бие даасан цомог хэзээ гарах вэ?

-Анхны цомог нь хэвлэлтээс гарсан байгаа. Орос улсад хэвлүүлсэн юм.

-Тоглолтод хамтлаг, дуучид оролцох уу?

-Оросын “Премьер министр” хамтлагийн ард бүжиглэдэг, бүжгийн хамтлаг ирэхээр болсон. Мөн “Гурван охин” хамтлаг, дуучин С.Жавхлан, “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх нар оролцоно.

-Б.Амархүүг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсон гэж сонссон?

-Тийм ээ. Би энэ нэвтрүүлгийн найруулагч болохоор эхэндээ Б.Амархүүг оролцуулах дургүй байлаа. Хүмүүс өөрөө найруулагч нь болохоор хүүгээ оролцуулчихлаа гэж бодно гээд дургүй байсан юм. Тэгтэл “Херо энтертайнмент”-ийн хамт олон Монголынхоо нэрийг гадаад улсад гайхуулж явж байгаа гавьяатай хүнийг оролцуулалгүй яах вэ гэсэн. Тэгээд л би зөвшөөрсөн юм. Мөн энэ нэвтрүүлгээс гадна “Одноогийн ток шоу”-нд оролцсон. Эдгээр нэвтрүүлэг ирэх сарын 10-нд гарна.

-Уран бүтээлийн өндөр амжилт хүсье?

-Баярлалаа.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж