”Алчуур минь намирахыг амраг минь харж байна уу”

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

”Алчуур минь намирахыг амраг минь харж байна уу”

Цэрэг эх орны сэдвээр зохиол бүтээлээ туурвиж явсан гайхамшигт хүмүүсийн нэг П.Лувсан гуай энэ жил нас сүүдэр 92 шүргэж явна. Залуу насныхаа жавхаагаар гялалзаж яваа ахмад дайчин, соёлын тэргүүний ажилтан түүний зохиосон цэрэг эрсийн дуунууд нь  намайг тэднийх рүү хөтөлсөн юм.

Сайн байна уу ээж ээ
Саравчилж харсаар байна уу?
Сайхан цайныхаа дээжээр
Цацлаа өргөсөөр байна уу?
Хүү чинь энд
Хүү чинь сайн
Эрдэмд шамдан
Эх орноо хамгаалж
Энх мэнд явна аа…”
хэмээн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Тэрбиш аялгууг нь шагласан “Сайн байна уу, ээж ээ” дууны шүлэгчтэй нүүр тулан учирлаа. Биеэрхүү   байрын,  дөлгөөн  харцтай сайхан бууралтай сэтгэлийн үгэн хадгаа ийн  дэлгэсэн юм.

-Би таныг “Цэрэг эрсийн дуу” номоо гаргасныг сонссон юм?

-Миний дуу, дууны шүлгийн ном маань 2004 онд гарсан. Батаа хүүдээ их баярлаж явдаг юм. Би чинь 1942 онд цэргийн албанд мордож, хөгжимчний мэргэжилд суралцаж, орос мэргэжилтэн бүсгүй Рязанцеваар дуулах ухаан, “Баяан” Гомбо хэмээн алдаршсан авьяаслаг багшаар баян хуур заалгаж цэргийн хөгжимд хөл тавьсан хүн. Энэ ном миний байлдагчаас офицер, хөгжимчнөөс ая зохиогч болсон уран бүтээлийн минь нэг ёсны тайлан юм.

-Хүн ер нь уран бүтээлээ ном болгоод харж суух сайхан. Таныг  бас өгүүллэгийн ном гаргасан гэсэн. Хүүхдийн дууны манлайд торгон жолоо өргөж ирсэн  “Ишиг” дууг ч мэдэх юм. Та энэ дууны шүлгээ хэрхэн бичсэн бэ?

-“Цэрэг эрсийн уянга” өгүүлэгийн ном хэвлүүлсэн.

1960 онд юм даа. Манайх ганц цагаан ямаатай. Тэр минь ишиглэсэн юм. Хоёр молцогтой, хөөрхөн цагаан хошуутай ишгээ том багагүй л өхөөрдөнө. Тэгээд ишгээ өхөөрдөж шүлэг бичсэн нь тухайн үед манай цэргийн хөг­жмийн Бадарч  ая хийснээр:

Мөөмөн хоёр молцогтой
Мөнгөн цагаан хошуутай
Сөөвгөр үсэн эвэртэй
Сөөм хүрэхгүй хөлтэй
Ишиг минь хөрхөн дөө
Ээжид нь би хөхүүлдэг дээ
Бя бя бя майлаад
Баригддаггүй юм шүү дээ…”
гэсэн энэ дуу маань Монголын радиогийн алтан фондод орж 50 гаруй жил дуулагдсан дуу даа… Бадарч бид хоёр олон дуу хийсэн дээ Тэгэхэд би цэргийн ансамблид ажиллаж байв. Мал аж ахуйн тухай дуу байдаггүй, концерт гологдоод байдаг.   Тэгээд л “малыг муу хэлсэн дуу” гэж шүүмжийн бай болсон дууныхаа шүлгийг бичиж Бадарчдаа өгсөн дөө.

Шовор шовор гүйгээд л
Шоотго шоотго харайгаад л
Шовх элгэн хад руу
Шувт гүйгээд гарчих нь ээ хө
Гүйнэ байхаа гайгүй
Гүйцэж чамайг тогтооно доо
Дэлгэр баян айлын
Дэгжиж яваа ямаачин шүү…”
гээд түүний хийсэн аяар одоо ч дуулагдсаар байна. Бадарч бид хоёр энэ шог дуундаа  тун ч сэтгэл хангалуун явж ирсэн. Дууг маань Тэргүүний малчдын их хуралд ирсэн төлөөлөгчид орон нутагтаа түгээсэн дээ.

-Цэргийн чуулгаас таны олон сайхан дуу төрснийг мэднэ. “Алчуур минь намирахыг, амраг минь харж байна уу…”  дууныхаа үг, аяыг та хэрхэн олсон бэ?  Бас л сонирхолтой түүх өгүүлэх байх даа…

-Би чинь цэргийн чуулгад 20 жил ажилласан. Офицер болоод О26 дугаар ангид клубийн дарга, ухуулах ажлын зааварлагч  болчихоод байж байтал ажил тарахын өмнө Л.Цэрэнпил гүйгээд ирлээ. Гуравдугаар сарын 14-нд юм байна. “Цэргийн баяр дөхчихсөн. Дуулах дуу байдаггүй. Би маргааш ирье чи дуу хийж өг, вальсийн хэмжээний байвал сайн” гэлээ шүү.  Өглөө 10:00  цагт ирнэ дуутай болгоно шүү гээд явлаа. Муу баян хуураа аваад суутал вальс гэхэд хэцүү сонин ая орж ирж байна.  Хөгжмөө тоглоод байсан чинь дууны эхний  дөрвөн мөр ч ороод ирлээ. Хэсэг тоглож үг аяаа нийлүүлээд дараагийн бадгаа ч  хийчихдэг юм байна. Тэгээд харилаа. Тэгээд өглөө нь Цэрэнпилийг ирэхээр ширээнээсээ нооргоо гаргаад өгвөл аялж үзээд болох юм байна гэв. За тэгвэл Хаянхярваа дээр аваад оч! Болохгүй бол яах вэ? гээд нооргоо өгөөд явууллаа. Цэргийн баярын концерт үзээд сууж байтал Лувсангийн үг, ая “Цэргийн вальс” дууг Цэрэнпил дуулна гээд зарлалаа шүү. Тэгтэл Цэрэнпил энгэрээсээ цэнхэр алчуур гаргаж ирээд л дуулахад нь тэр би бүр ичиж орхилоо. За олны доог тохуу ч болох нь болчихлоо гэж байдгаараа зовж суутал дууг минь дахиулдаг юм байна.

Алчуур минь намирахыг
Амраг минь харж байна уу?
Ардын цэргийн албанд
Амар сайн яваарай
Баяртай баяртай
Амжилт сурлагаараа
Ардын цэргийн албанд

Амар сайн яваарай…” гээд  Л.Цэрэнпил ёстой сайхан дуулдаг юм байна. Сэтгэл уужраад сайхан болчихлоо. Энэ дуу 1971 оноос одоог хүртэл дуулагдаж байгаа бөгөөд Л.Цэрэнпил гавьяатын хоёр охин Ч.Туул, Ч.Баярмаа хоёр ээжийнхээ  дууг  өвлөн одоо ч дуулж яваа даа.

-Таны цэрэг эрсийн дуунууд 1970-аад онд бусдаасаа ялгарч гарч ирсэн харагддаг юм билээ …Байлдагчийн погон мөрөндөө зүүгээд, баяртай цогтой явж байна” гээд дуулдаг  таны үг аяыг нь хийсэн “Байлдагчийн погон” энэ дууг цэргийн сургуулийн сонсогч байхдаа оройн тоон дээр жагсаалын  бэлтгэл хийхдээ дуулж явсан даа.  Та аль нутгийн хүн бэ?

-Ах нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул. Хуучнаар бол Богд хаан уулын аймаг Ноён уулын хошууны Малчир ламын шавийн отгынх. Аав маань өртөө хийдэггүй улсын албанд явдаггүй ламын малын тэжээл, өвс хадланг  бэлтгэж өгдөг, малыг нь маллаж адгуулж явсан  юм билээ.

-“Сайн байна уу, ээж ээ” дуугаа хэрхэн бүтээсэн бэ?

-Би “Сайн байна уу, ээж ээ” дууныхаа шүлгийг “Улаан од” сонинд гаргачихаад хайчилбарыг нь  түрийвчлээд Амга­лангийн барилгын цэргийн анги орохоор явж байтал “гозойсон” цэрэг ирж ёслоод нэрийг минь асууж танилцлаа. Тэр надаас  ая хийх гэсэн юм дууны шүлэг байна уу гэж байна.  Бэлэн юм алга гээд явах гэснээ шүлгээ санаад  өглөө. Гурав хонож байтал өнөө “гозгор цэрэг” Тэрбиш манай анги дээр ирж ая хийснээ хэллээ. Тоглож үзвэл болж байна шүү. Хэнээр дуулуулахаа асуутал Отгоноор дуулуулна гэж байна. Тэгэхэд Отгон гавьяатаа аваагүй байсан үе. Ингэж л энэ сайхан дуу төрсөн дөө.   Би цэргийн албанд 30 жил гурван сар ажиллаад чөлөөнд гарахдаа яаж зүгээр гарах вэ гээд “Цэргийн хороо минь баяртай” дуугаа  бүтээсэн.

Г.ГАНБОЛД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж