“Би Х.Баатарын захидлыг хулгайлаагүй”

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

“Би Х.Баатарын захидлыг хулгайлаагүй”

Тэмцэгч хэмээх тодотголтой Г.Арсланг Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын захиаг компьютерээс нь хулгайлсан гэж тангаргаа өргөөгүй байгаа “түр” гишүүн Ц.Оюунбаатар мэдэгдсэнээр бөөн дуулиан дэгдээд байгаа. Сүүлийн үеийн гол дуулианы эзэн болоод байгаа Г.Арслан одоо Усан спорт, сургалтын төвийн захирлаар ажиллаж байгаа юм байна. Ингээд Г.Арслантай дуулиант захидал болон бусад асуудлаар ярилцлаа.

-Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарын захидлын талаар өнгөрсөн долоо хоногт чамгүй шуугиан дэгдсэн. Х.Баатар өөрөө намын журмын нөхөр Ц.Оюунбаатарыгаа захиаг олон нийтэд дэлгэсэн, бүр тэр бүү хэл сонин хэвлэлийнхэнд зарсан байж магадгүй гэсэн бол Ц.Оюунбаатар нь таныг өөрийнх нь компьютерээс хулгайлсан гэсэн. Бүр таны овог нэрийг бүтнээр нь хэлж зарласан.

Та үнэхээр тэр захиаг Ц.Оюунбаатараас хулгайлсан юм уу?

– Алдсан хүн арван тамтай гэдэг шиг Ц.Оюунбаатар янз бүрийн юм ярьж байна лээ. Тэдний албан өрөө нь талбайн хажууд байдаг байсан. Би хааяа нэг орж халуун цай уудаг байсан нь үнэн. Мэдээж Ц.Оюунбаатарыг өрөөндөө байх үед нь компьютерээс нь файл хулгайлна гэж байхгүй. Бас түгжээтэй өрөө рүү нууцаар орж, хүний юм хулгайлна гэж байхгүй шүү дээ. 

-Ц.Оюунбаатар сүүлд баримт болгохоор захиаг нь фото болгож компьютертоо хадгалаад эх захиаг нь шууд шатаасан гэсэн. Гэтэл танд захидлын файл хэлбэрээр хадгалагдсан хувь нь олдсон гэсэн. Та болохоор Ганцхудагаас хүнээс авсан гэдэг. Х.Баатар Ганцхудагт захидлаа компьютерт бичээд файл болгоод хадгалчихсан байсан хэрэг үү? 

-Би бол эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр ганцаараа гадаадад төгссөн хүн. Сэтгүүлч хүний хувьд эх сурвалж нууц шүү дээ. Хэнд ч хэлэхгүй байж болно. Магадгүй би энэ захиаг хэрхэн олж авснаа арав, хорин жилийн дараа, хөгшрөхөөрөө өөрийн дурсамж номдоо бичих байх. Тэр хүртэл энэ бол нууц.

-Ямар учраас ингэтлээ их нууцлаад байгаа юм бэ?

-Энэ захиаг олж авахад одоо Төрийн албанд алба хашиж байгаа нэг биш нилээн хэдэн хүн надад тусалсан юм. Тиймээс хэлж болохгүй байна.

-Ц.Оюунбаатар тантай энэ талаар харилцахад “Манай аав ТЕГ-ын дарга байсан. Би тагнуулч аавын хүү. Чи амжихгүй шүү” гэх мэтээр мессеж бичсэнийг тань хадгалчихсан байгаа гэсэн, үнэн үү?

-Манай аав Монголын Сөрөх тагнуул, Гадаад тагнуул зэрэг байгууллагуудын даргаар ажиллаж байсан. Аавын минь зан чанар, авъяас надад уламжилсан. Би бодит байдлыг л хэлсэн.

-Ингэхэд та Төв усан бассейны дарга болсон. Ажил ямархуу байна?

-Хотын нэгдүгээр орлогч дарга Н.Батаа надад усан спортыг хөл дээр нь босгоочээ гэж энд ажиллах санал тавьсан. Би дунд сургуульд байхаасаа л усан спортоор хичээллэсэн. Энэ бассейныг 1986 онд нээгдэхэд би тамирчдыг төлөөлж үг хэлж байлаа. Усан спорт надад ойр болохоор надад энэ саналыг тавьсан байх. Энэ ажил хэцүүхэн л байдалтай намайг тоссон доо. Би өмнө нь ажиллаж байсан хүний мууг үзэх гээд байгаа ч юм биш. Ажлыг хүлээж автал компьютер дээрх өмнөх, хэрэгтэй бүх файлыг устгасан байна лээ. Би сайн програмистуудыг ажиллуулж бүх файлыг сэргээж байна. Үүнээс л миний ажил эхэлж байна даа.

-Хуучин дарга нь таныг ирнэ гэхээр устгачихсан гэсэн үг үү?

-Хуучин дарга нь явахдаа зарим зүйлийг устгасан, эвдсэн, авсан гэж манай ажилчид надад мэдээлсэн. Гэхдээ би үнэн гэдгийг нь баталж чадахгүй. Мэргэжлийн хяналтаас дөрвөн ч удаа манай байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг хаасан. Том бассейн хаагдсан. Одоо зөвхөн жижиг бассейн л  ажиллаж байгаа. Сүүлийн арван жил Ч.Улааныг усан спорт холбооны ерөнхийлөгчөөр томилсноос болоод усан спорт дампуурсан.

-Ч.Улаан гишүүн Шадар сайд байхдаа уснаас хүний амь аварлаа гэж шуугиад байсан. Усан спортын мастер хүн гэл үү?

-Ч.Улаан “Би дөрвөн хүнийг хоёр хоёроор нь сугавчлаад амийг нь аварсан” гээд л онигоо шиг юм яриад байсан. Би амьдралдаа 20 гаруй хүнийг уснаас аварсан. Гэхдээ хоёр хүнийг сугавчлаад сэлнэ гэж байдаггүй л юм.

-Та ямар ч гэсэн хүндхэн л байгууллагыг хүлээж авсан юм шиг байна. Цаашид юу хийх гэж байна?

-Надад энэ байгууллага 15 сая төгрөгтэй л ирсэн. Гэтэл нэг сарын дулаан, цахилгааны мөнгө, ажилчдын цалин гээд 36 сая орчим төгрөг болдог. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд би ажил авсан өдрөөс эхлээд өдөр болгон шөнө дөл болтол ажиллаж байна. Би хоёр жилийн дараа иргэд манай усан спорт сургалтын төвд орж ирээд хаана ирснээ мэдэхгүй болтлоо гайхахаар өөрчилнө. Супер хоолны газартай, бүх зүйл нь автоматчилагдсан, гаднаа хоёр задгай бассейнтай, нэг бассейнд орох хүний тоог ч багасгана, цаашилбал ажилчиддаа байр барина гээд олон л зүйл төлөвлөж байна. Би энэ бүхний хөрөнгийг хувиасаа гаргахгүй, нийслэлээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх байх. Бас хөрөнгө оруулах хүмүүс байна уу, бүх боломжийг л хайна. Хэрэв нийслэлээс хэрэгтэй төсвийг баталж өгөхгүй бол, намайг дэмжихгүй бол би хэвлэлийн бага хурал зарлаад энэ ажлыг чинь хаяад явна.

 -Та төрийн албан хаагч болчихлоо. Тэгэхээ таны тэмцэл зогслоо гэсэн үг үү?

-Зогслоо гэсэн үг. Надад зав байхгүй болсон.

-Гудамжинд тэмцэж байсан хүмүүс зарим нь УИХ-ын гишүүн боллоо. Заримыг нь дарга болгож, бялуу хүртээлээ гэдэг. Таны “бялуу” энэ үү? Өөрөөр хэлбэл, Усан спорт сургалтын төвийн “даргахан” болгоод тэмцлийг тань зогсоочихож байгаа юм уу л гэж асуух гээд байна л даа?

-Би үүрд усан бассейны даргаар ажиллахгүй шүү дээ.

-Гэхдээ л та ямар ч гэсэн нэг албан тушаалтай болжээ. Та усан спортыг хөгжүүлэх гэж олон жил “гудамжинд” тэмцсэн гэж үү?

-Би найман жилийн турш тэмцэхдээ Усан спорт сургалтын төвийн дарга болох гэж тэмцээгүй. Харин энэ боломжийг ашиглаад Г.Арслан ямар нэгэн ажлыг хийсэн шиг хийдэг юм шүү гэдгээ л харуулах гэсэн юм.  Ямартаа ч  миний зорилго бол улстөр. Би өөрийгөө улстөрч хүн гэж хэлнэ. Улстөрч хүний хувьд миний туйлын зорилго бол Монгол орноо авч үлдэх. Манай улс нэг хүнд ногдох баялгаараа дэлхийд толгойд цохиж байна.  Дэлхийн нефтийн нөөц 35 жилийн дараа дуусна. Харин манай улсын нэг орд газар болох Оюутолгойд 200 л гэхэд зэсийн жилийн нөөц байна. Цаана нь ашиглалтад ороогүй 70 гаруй, илрээгүй байгаа хэдэн орд байгааг бид мэдэхгүй. Гэтэл энэ бүх баялгаас ард түмэнд юу ч ногдсонгүй. Өнөөдөр монголчуудын дийлэнх нь ядуу хэвээрээ л байгаа биз дээ. Би хуучнаар МАХН, одоогийн МАН-ыг магтаж байгаа юм биш. Гэхдээ социализмын үед гуйлгачин хүн гэж байгаагүй юм шүү. 

-Тэмцэгч Г.Арслан усан бассейны дарга болчихож гэхээр бас сонин л сонсогдож байлаа?

-Намайг ажлаа хүлээн авахад хүмүүс баяр хүргэхээр нь би “За энэ ч нэг их баяр хүргээд байх зүйл биш дээ. Гэхдээ би гомдоогүй. Хүнд намайг усан бассейны дарга болсон гэж битгий хэлээрэй. Намайг ийм ажилд орлоо гэж сонсвол би онигоонд орно шүү” гэж шууд л хэлсэн.

-Тантай хамт тэмцэж байсан Ж.Батзандан, Г.Уянга нар УИХ-ын гишүүн, О.Магнай нэлээд том агентлагийн дарга болчихлоо?

 – Үнэндээ “бөгс долоогчид” л зургаахан сарын дотор УИХ-д орсон. Аль нэг намд дагаар орж, хэдэн төгрөгөөр амаа таглуулсан нөхөд л УИХ-д орсон доо. О.Магнай, Ж.Батзандан нар 25 жилийн ял сонсох болоод сууж байхад элдэв юм бодоод АН-д элсэн, амь гуйсныг нь би буруутгахгүй. Залуу хүүхдүүд учир ял эдлэхээс  айсан биз. Гэхдээ айвал бүү хий, хийвэл бүү ай гэсэн үг байдаг шүү дээ. Би аль нэг намын өгөх хэдэн төгрөгөөр амаа таглуулаад, улстөрд орж дуугүй суухыг хүсээгүй юм шүү. Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөний анхны жагсаалуудад Ж.Батзандан, О.Магнай, М.Ичинноров нар хамт тэмцсэн мөртлөө талбай дээр хоноогүй шүү дээ. Харин би тэнд хонож тэмцсэн. Би тэднээс үүгээрээ л ялгаатай.

-Тэмцэгсэд УИХ-д нэгэнт орлоо. Тэд ярьж байсан зүйлүүдээ хэрэгжүүлэх болов уу?

-Яаж чадах вэ дээ. Ж.Батзандан, Г. Уянга, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ, О.Магнай нар нам дотроо ямар ч эрх мэдэл байхгүй юм чинь том үйлсийг бүтээж чадахгүй байх. 

-Та бүгд улс төрд орох гэж л тэмцдэг байсан гэсэн үг үү?

-Бидний тэмцэл өөрийн эрхгүй улс төрд орох болдог юм. Тиймээс миний гол зорилго усан бассейны дарга биш гэж би хэллээ. Би яагаад Монгол Улсын Ерөнхий сайд болоод жилийн дотор улсаа хөгжүүлж болдоггүй юм бэ. Эд чинь шударга хүнийг улс төрд оруулахыг хүсэхгүй байна шүү дээ. Гэхдээ миний тэмцэл дуусахгүй.

-Авлигад “идэгдсэн” улстөрчдийг илчлэх нь тэмцэгчдийн бас нэг зорилго. Ерөнхийлөгч Н.Энхбаяр агсан авлигын хэргээр ял авлаа?

-Эрх мэдэлтэй байхад нь би Н.Энхбаярыг “гөвж” л байлаа. Ял авмагц нь нь оролдохоо больсон. Унасан хүнийг дэвсдэггүй юм шүү дээ. “Шударга” шүүх л бүгдийг дүгнэх байх.

-Шинэ Засгийн газрын талаар таны бодол?

-Ардчилсан нам юм хийх нь хийж байна. Иргэд ч үүнийг анзаарч байгаа байх. Шүүмжлэлтэй хандах зүйл ч бас байна. 

-МАН-ын гишүүд буйдан дээр суулт зарлаад бөөн дуулиан болоод өнгөрлөө. Энэ талаар “мэргэжил”-ийн тэмцэгч таны үгийг сонсмоор хорхой хүрээд байна. Нэг хэсэг та нар гудамжинд тэмцэж тэд “албан тасалгааны цонх”-оор харж байсан бол одоо эрх баригч байсан МАН-ынхан гудамжинд ч жагсаал хийгээд л, УИХ-ын гишүүд нь ч чуулганыхаа танхимын хаалгыг буйдангаар халхалж суугаад л сонирхолтой дүр зураг бус уу?

-Би албан ёсоор төрийн албан хаагч болсон тул энэ тухай хамаагүй ярьж болохгүй байна. Ардчилсан нам жагсч болно, МАН жагсч болохгүй гэсэн хууль байхгүй. Тиймээс энэ бол буруу биш.

-Яг ирэх жилийн төсөв хэлэлцэх үеэр ийнхүү тэмцэл өрнүүлж төрийн ажлыг цалгардууллаа ч гэсэн шүүмжлэл тухайн үед өрнөж л байсан?

 -Монгол Улсын Үндсэн хуулинд хүн бүр хэзээ ч, хаана ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж заасан. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө тэдэнд хүчний байгууллага халдах ёсгүй. УИХ-ын гишүүд хаана, яаж жагсах нь тэдний эрх.  Учир нь УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй шүү дээ. Сөрөг хүчин нь Засгийн эрхэнд байгаа намд үгээ хэлснээр Монгол Улс хөгжинө шүү дээ.

-Та 2008 оноос хойш УИХ-д нэр дэвшсэн. Өөрөө морин тэрэгтэй сурталчилгаагаа хийгээд л явсан санагдана. Чухам яагаад та гурван ч удаа сонгуульд “өвдөг шороодчихов”?

-Би аль нэг намын “бөгс долоогоогүйд” л хамаг учир байгаа юм. 2008 онд Дархан-Уул аймагт нэр дэвшихдээ морин тэргээр өөрөө сурталчилгаагаа хийсэн. 2009 онд Чингэлтэйн нөхөн сонгуульд мөн л энэ маягаар орсон. Харин 2012 онд мөн Дархан-Уул аймагт дахин дэвшсэн. Гэтэл 2008 онд авсан саналаасаа даруй 900 хүний саналаар дутуу санал авсан. Энэ нь сонгууль шударга болоогүйг гэрчилж байгаа юм. Иргэний 10 хөдөлгөөн, улс төрийн хоёр намаас бүрдсэн гуравдагч хүчин бол үнэхээр хүчирхэг улс төрийн хүчин байсан. Гэхдээ л АН, МАН-ыг хүчирсэнгүй.

-Тэгэхээр та гуравдагч хүчинд бус МАН эсвэл Ардчилсан намд гишүүнээр элссэн бол УИХ-ын гишүүн болох боломжтой байсан гэсэн үг үү?

-Магадгүй юм.

-Хүмүүс ялангуяа голдуу “өвдөг шороодогсод” сонгууль луйвартай боллоо л гэдэг. Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар тооллогын машинаас болж будилаан үүссэн гэдэг?

-Сонгуулийн тооллогын машинд луйвар орсон гэж хүмүүс ярьдаг. Би КТМС-ыг дунд дүнтэй төгссөн хүүхдээс илүү компьютерийг мэднэ. Тиймээс санал тоолох машин ямар нэгэн “но”-той байсан гэж боддог. 

-Та улстөрд орох гэж яагаад ингэтлээ зүтгэсэн юм бэ?

-Монголын амьдралыг өөрчлөхийн тулд гудамжнаас орилоод амжилтад хүрэхгүй байна шүү дээ. Улстөрд л орох хэрэгтэй байна. МАН, АН-уудыг газрын хөрснөөс арчих хүч өнөөдөртөө үнэндээ хаа ч алга. Уг нь тэмцэгчид бид улс төрд орж эвлэлдэн нэгдсэнээр тэдний эсрэг хүчтэй сөрөг хүчин болох байсан юм. 

-Та дараагийн сонгуульд нэр дэвших үү?

-Цаг хугацаа харуулна.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж