Тамхины хяналтын хууль уу, тамхичдыг дарамтлах хууль уу?
Будаач будаач гэхлээр сахлаа будахын үлгэр
Би уг нь тамхи татдаггүй хүн л дээ, тийм болоод ч энд тэнд эрээ цээргүй, байн байн тамхи татан утаа баагиулан явдаг тамхичидад дургүй. Харин саяхан батлагдсан Тамхины хяналтын хуулиар архаг тамхичдын дээрх мэт үйлдлийг хориглосон нь олзуурхууштай хэрэг боллоо. Гэтэл сайн ажиглаад байхнаа Тамхины хяналтын хууль тамхи татах үйлдлийг бууруулах гэхээсээ илүүтэй, ерөөсөө тамхи татахыг Монгол Улс аяар хориглосон хууль болчихов уу даа гэж санагдлаа.
Би нэгэн тамхи татдаг найзаасаа, “Та нар идэе хоол биш, ууя ундаа биш наад утаа сорохоосоо болчихож болдоггүй юм уу, зүгээр санаагаараа тамхиа татахаа болчихвол яадгийн гэж асуухад, “Болохгүй юмаа хө, тамхи татаад сурчихсан хүнд, тамхи өлссөн үед хоол, цангасан үед ундаа, сэтгэл санаа хямарсан үед эм болдог юмаа” гэж хэлж байсан.
Уг нь тамхи татах хортой гэдгийг бид бүгдээрээ л мэддэг ч, нэгэнт тамхинд орсон хүн тамхинаас гарахад хэцүү байдаг юм шиг байна лээ. Тэгээд ч тамхидалтын хүрээ тэлж газар авсаар, тамхичдын нас залуужиж байгаа гэнэ. Тиймээс энэ асуудалд төр засгаас анхааран, УИХ-ын эмэгтэй гишүүдийн хүчин чармайлтаар асуудлыг тусгайлсан хууль гаргаж шийдвэрлэхээр зорьж, Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлан, ирэх оны 3 сарын 1-ээс мөрдөн ажиллахаар болж байгаа гэнэ.
Тус хуулиар: “Утаат тамхи татахыг хориглосон газрын хүрээг өргөтгөж, агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, зочид буудал, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шатанд утаат тамхи татахыг хориглосон” зохицуулалтуудыг тусгажээ.
Тэгэхлээр олон нийтийн бүхий л газар тамхи татах ёсгүй болж байгаа юм. Жишээ нь бааранд пиво ууж болох ч тамхи татаж болохгүй гэсэн үг л дээ. Ухаан нь та тамхи татаж байгаад үйлдэл дээрээ баригдвал, таныг 50.0 мянган төгрөгөөр торгоод зогсохгүй, таныг тамхи татахыг зөвшөөрсөн хэргээр тухайн барны албан тушаалтан /зөөгч, хамгаалагч, менежер/-ыг 1.4-3.5 сая төгрөгөөр торгох, тамхи татах орчин бүрдүүлсэн хэргээр эл баарыг 3.5-7.0 сая төгрөгөөр торгох юм байна. Уг нь ресторан биш юмаа гэхэд бааранд тамхи хүмүүс тамхи татан, пиво уунгаа ярилцаж сууж болмоорсон.
Энэ бүхнийг цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нар хянах юм байх. Тэд яг л “үнэрч нохой” шиг ажиллан, бар ресторанд ороод, “Зиа танай 00-ийн өрөөнд хэн нэгэн тамхи татсан байна, утааны үнэр нь гараагүй байна” гэх юм уу, өөрсдөө тамхи авч ороод асааж утааг нь үнэртүүлээд, тамхины хяналтын хуулийг ноцтой зөрчсөн байна, тиймээс одоо 7.0 сая төгрөгөөр торгоно гэнэ. Тэгэнгүүт бар рестораны эзэд, 7.0 сая төгрөгөөр торгуулах уу, эсвэл хэдэн төгрөгөөр цагдаа, байцаагчийг панаалдахуу /хахуулдах/ гэдэг сонголт гарч ирнэ. Мэдээжийн хэрэг тэнэг биш л бол баар, рестораны эзэд сүүлийнхийг нь сонгоно. Тэд “сэргэлэнтэн” цагдаа, байцаагчийн халаасанд нь 100.0-аас доошгүй төгрөг хийж өгснөөр нөгөөдүүл нь тухайн баар ресторанд ороогүй, мэдээгүй хүн болоод гараад явах нь ээ дээ. Авлига гэдэг зүйл одоо төр засагт биш, цагдаа, мэргэжлийн хяналтийнханд жинхнээсээ цэцэглэх нь энэ юм уу даа янз нь.
Гэртээ татаж болно, орцондоо татаж болохгүй юм билээ энэ хуулиар. Өмнө нь гэрийнхнийгээ, үр дүүхдээ дам тамхидалтаар хордуулахгүй гээд гэртээ таталгүй орц, коридортоо тамхиа татдаг байсан бол энэ орц коридорт татахыг хориглосон тул та зөвхөн гэртээ татаад гэрийнхнийхээ хордуулж байхаас өөр аргагүй болж байна. Хууль санаачлагчид орцонд тамхи татснаар нийтийг, иргэдийг хордуулж байгаа зохисгүй үйлдэл гэж үзээд, таныг зөвхөн гэртээ, гэрийнхнийгээ тамхины утаагаар хордуулахыг зөвшөөрөөд байгаа юм билээ.
Мөн иргэн та тамхи татдаг бол хөдөө гадаа томилолтоор явах хэрэггүй, мөнгө олох гэсэн биш өрөнд орж болзошгүй болох нь. Юу гэвэл, хуулиар зочид буудлын өрөөнд тамхи татахыг хориглосон байгаа. Магадгүй таны буудалласан буудал таныг өрөөндөө тамхи татсаныг мэдээд өрөөний төлбөр дээрээ нэмээд тамхи татсаны торгуулийн 50.0 мянган төгрөгийг нэхвэл яана. Та иргэн хүний хувьд хуулиа биелүүлэх, зөрчвөл хариуцлагаа хүлээх ёстой шүү дээ.
Эрээн-Улаанбаатар хотын хооронд галт тэргээр зорчин ганзагын наймаа эрхэлдэг тамхи татдаг хүмүүст гурван сонголт үлдэж байна. Нэг бол тамхинаас гарах, нөгөө бол томоохон зөрлөгүүд галт тэрэг зогсоод, хөдлөх хооронд вагоноос бууж амжиж тамхи татаад, хоцролгүй суух, эсвэл өөрийнхөө оронд тамхи таддаггүй хэн нэгийг урагшаа явуулах сонголт үлдэж байна. Та үүнийг эс тоон вагондоо тамхи татвал дор хаяж 50.0 төгрөөр торгуулна гэдгээ санаарай.
Түүнчлэн хуульд: “…ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор, мөн баар, цэнгээний газарт тамхи, тамхин бүтээгдэхүүнээр худалдаа хийхгүй байх, 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулахгүй байх” зохицуулалтыг нэмсэн байна. ЕБС-ын тамхи татдаг багш нар тамхи авахын тулд хагас км-аас хол алхах ёстой болж байна. Мөн ирэх оны 3 сарын 1-ээс эхлэн ЕБС-ын оролцоо, 500 метр зайд байх дэлгүүрүүд тамхи зарах ёсгүй болж байна. Мөн иргэдэд тамхи худалдаалахдаа иргэний үнэмлэхийг үзэж байж худалдах хэрэгтэй болох нь. Эс тэгвэл нөгөө өндөр торгууль ногдох болно. Аан бас дэлгүүртээ 21 наснаас доош хүүхдээрээ тамхи худалдуулах юм бол хууль зөрчиж байгаа хэрэг шүү дээ.
Тамхины хяналтын хуулийн нэмэлт өөрчлөлтөд: “Хууль зөрчсөн иргэнийг 50 мянга, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тамхи болон хууль бусаар олсон орлогыг нь хураах” зэрэг хариуцлага тооцохоор заажээ. Төр засаг нийгмийн аливаа сөрөг үзэгдлийг хууль гарган зохицуулах нь зүйн хэрэг ч гэлээ хэтэрхий иргэний хувийн хэрэгт нь оролцох, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн харилцааг хуулиар хориглох зэрэг нь хууль хэрэгжих бололцоог багасгадаг ажээ.
Монголчууд “Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ” гэдэг дээ. Дээрх хууль хэрэгжихэд таван сар үлдэж байгаа нь хуулийг хэрэгжүүлэх нөхцлийг нь бүрдүүлэхэд хангалттай хугацаа байж чадах уу. Тэгээд ч энэ хуулийн агуулга тамхи татдаг хүмүүст хэтэрхий хатуудсан гэмээр хууль болоо юу даа гэж ойлгогдохоор.
Тамхичидад одоо гурван зам байна. Нэг бол анх тамхинд орж байгаа хүүхэд шиг энд тэнд, хүн амьтнаас нуугдан айдас дарамтан дунд тамхиа үргэлжлүүлэн татах, нөгөө бол тамхинаас гарах. Харин төр засагт нэг зам байна. Ерөөсөө тамхигүй орчныг бүрдүүлье гэж байгаа юм бол дээрх хуультайгаа нийцүүлэн тамхи импортлох, үйлдвэрлэх, худалдаалахыг нэгмөсөн хориглох. Цагдаа, мэрэгжлийн хяналтын байгууллагын ажилтнуудад тамхи татахгүй орчинд тамхи татан хууль зөрчсөн иргэдэд, байгуулагуудад хариуцлга тооцох, тамхины утаа үнэрлэж явах нэгэн шинэ чиг үүрэг нэмэгдлээ.
Тамхины хяналтын хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхлэхээр Монгол Улсын иргэн бид тамхины утаагүй эрүүл орчинд амьдрах нь юм гэнэ, гэтэл бид угаасаа хүйтний улиралд тамхины утаанаас дутахааргүй хорт агаараар, дулааны улиралд тоос шороогоор амьсгалан амьдарч байна шүү дээ.
Будаач будаач гэхлээр сахлаа будахын үлгэр гэж үүнийг л хэлэх бус уу.